Боолын хөдөлмөр буюу монголчууд гадаадад илүү амжилт гаргаад байдгийн нууц

Twitter Print
2022 оны 07-р сар 07-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Виз нь гараад Америкт очсон олон монголчууд бүх зүйлээ тэгээс эхэлдэг. Америкт хѳл тавьсан цагаасаа цагаачлалын 1 ба 2-р үеийнхэн:

1. Mонголдоо ямар сургууль тѳгссѳн

2. Монголдоо ямар ажил хийж байсан

3. Монголдоо санхүүгийн ямар чадвартай байсан

Эдгээрээс үл хамааран, олдсон хамгийн багa цалинтай ажлаас эхэлдэг байсан. Үүнийг олон хүмүүс “БООЛЫН ХѲДѲЛМѲР” гэж нэрлэдэг юм билээ. Цэвэрлэгээ хийх, гал тогооны туслах ажил, чулууны болон барилгын ажлын туслах зэргээс эхэлнэ. Бид л муу муухай гэж бодоод байхаас энэ ажлууд тийм ч хэцүү биш л дээ. Жаахан сэхүүн, нэрэлхүү зантай монголчууд бидний хувьд эхэндээ амаргүй. Монголдоо боломжийн амьдраад байсан зарим хүмүүсийн хувьд “Хнн, ингэж доошоо орж явах ч гэж дээ” хэмээн гутрангуй бодох үе ч бий. Харин ажлын хѳлсѳѳ авах үед энэ бодол халаглал ѳѳрчлѳгддѳг. 7 хоногийн ажлын хѳлс нь Монголд дахь ажлын сарын хѳлстэй тэнцэж байгааг анзаарахдаа “Миний хѳдѳлмѳрийг ѳндѳр үнэлж байна шүү дээ? Би чинь бусдад хэрэгтэй хүн юм” гэж ѳѳрѳѳрѳѳ бахархах үнэлэмж тѳрж эхэлнэ. Тэгэхээр хүмүүст ѳгдѳг хамгийн сайн урам нь хѳдѳлмѳрийн бодит үнэлгээ аж.

Ажлаа сайн хийж сурмагцаа монголчууд арай илүү цалинтай ажил хайж эхэлдэг. Ѳѳртѳѳ итгэх итгэл нь нэмэгдэж байгаа хэрэг л дээ. Цагаач испани, мексекүүдийн хувьд нэг олдсон ажил нь бүх амьдралын баталгаа болдог бол монголчуудын хувьд олдсон ажил бүхэн нь цаашаа улам хѳгжих гишгүүр нь болж байдаг. Ямар ч эрсдэлээс айлгүй шийдвэр гаргаж, “шатсан” ч шазуурхаад илүү зүтгэдэг чанар монголчууд бидний цусанд нь байдаг юм билээ. Дээрээс нь “Би монгол хүн учраас бусдаас муу явж болохгүй” гэсэн омгорхолыг нэмбэл монголчууд гадаадад илүү амжилт гаргаад байдгийн нууцыг тѳсѳѳлж болно. Олдсон ажлаасаа эхэлсэн зүтгэл, хѳдѳлмѳрийн үнэлгээ нь монголчуудыг урамшуулж тэд ѳѳртѳѳ итгэсэн итгэлээрээ илүү сайн ажил, ѳндѳр цалин руу тэмүүлж байдаг. Хэсэг хугацааны дараа тэд “Ингэж бусдад мѳнгѳ хийж ѳгч хѳдѳлмѳрѳѳ шулуулж байснаас ѳѳрийн бизнесээ эхлүүлж ѳѳртѳѳ мѳнгѳ хийх” зорилгодоо хүрцгээнэ. Тэгэхээр хѳдѳлмѳрийн бодит сайн үнэлгээ нь ѳѳртѳѳ итгэх итгэлийг бадрааж илүү бүтээлч чадвар руу хѳтѳлдѳг аж.

Одоогоор миний мэдэхийн Америкт бизнес эрхэлж буй 1000 гаруй монголчууд бий. Энэ дунд мэдээж сайн муу олон үйлдэл байгаа ч дэлхийн хэмжээнд ѳѳрийгѳѳ хѳгжүүлж, ѳрсѳлдѳѳнд суралцаж, баялаг бүтээж буй тэднээр бахархдаг. Удахгүй дэлхийн тэрбумтан монголчууд тѳрж эхлэх ахул ирээдүйд Монголдоо хѳрѳнгѳ оруулах үндэстний хѳрѳнгѳтнүүд бий болно гэдэгт би лав эргэлздэггүй. Боолын хѳдѳлмѳрѳѳс эхэлсэн монголчууд дэлхийн хэмжээний баячууд болж буй нь тэдний итгэл зүтгэлийн үр шим юм шүү дээ. Хэрвээ Монголын улс тѳр нь бизнесээсээ салаад иргэддээ боломж олгож, тэдний хѳдѳлмѳрийг бодитоор үнэлж эхлэх дор Монголдоо байгаа монголчууд ч адил хѳгжих боломжтой. Дээр нь ажил голдог, худлаа томордог, бусдыг яаж ийж аргалж байгаад мѳнгѳ хийдэг арчаагүй сэтгэлгээнээсээ салчихвал бид хѳгжиж эхэлнэ.

Америкт дунджаар ѳдрийн 100$-200$ цалин авах боломжтой гэж тооцвол энэ нь одоогийн ханшаар 280 000-570 000 тѳгрѳгийн ажлын хѳлс гэсэн үг. Сардаа дунджаар 3000$ гэж тооцвол энэ нь 8 сая 500 000 тѳгрѳг орчим болно. Монголдоо тѳрийн албан хаагчид дунджаар 800 000-1,200 000 тѳгрѳгийн цалин авдаг гэж үзвэл хэн нь боолын хѳдѳлмѳр эрхэлж байна вэ? Хамгийн хүнд нѳхцѳлд ажилладаг эмч нар 600 000 oрчим тѳгрѳгийн цалин сардаа авдаг гэж сонсоод гайхсанаа нуух юун. Хүмүүсийн хѳдѳлмѳрийн үнэлгээ бага, нийгэмд шударга бус байдал түгээмэл байгаа нь:

1. Ямар ч тохиолдолд үндсэн ажил дээрээ авилга авах нѳхцлийг бий болгож байна

2. Авч буй цалин нь амьдралд хүрэлцэхгүй байгаагаас орлогын ѳѳр эх үүсвэрийг хайхад хүргэж байна

3. Ѳѳртѳѳ итгэх итгэл байхгүй болж, сэтгэл гурталын шалтгаанаас ажилдаа чин сэтгэлээсээ хандаж үнэнчээр зүтгэж хүсэл үгүй болж байна

4. Ирээдүйдээ итгэх итгэл нь аажимдаа буурч, шударга бус байдалтай дасан зохицох үйлдэл рүү түлхэж байна

5. Авах гэж буй цалиндаа таацуулан ѳдѳр хоног ѳнгѳрѳѳх тѳдий аргацаахад дасгаж байна

Боолын хѳдѳлмѳр гэдэг нь хѳдѳлмѳрийн мѳлжлѳг буюу хичнээн ихээр хѳдѳлмѳрлѳѳд маш бага цалин авахыг хэлдэг юм.

ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? гэж үү?

1. Улстѳрийг бизнэсээс салгаж, улстѳрд орсон нѳхѳд луйврын аргаар баяждагийг зогсооё. Хѳгжлийн Банкны зээлийн мэдээллүүдийг хар даа. Та бидэнд ажлын хѳлс болж ирэх маш их мѳнгийг тэд луйвардан баяжицгааж байна

2. Татварын тогтолцоогоо шинэчилж хүн бүхэн татвар тѳлѳх ухамсартай болж байж Улсын тѳсвийн бүрдүүлэлт нэмэгдэнэ. Нэг хэсэг нь татвараа шударгаар тѳлж байхад нѳгѳѳ хэсэг нь аргалаад бага тѳлж байгаа бол энэ нь шударга бус үйлдэл мѳн

3. Хѳдѳлмѳрийн хѳлсийг цагаар тооцдог болж байж хүмүүст сонголт ирнэ. Сайн ч ажилласан, муу ч ажилласан адил хэмжээний цалин авч байгаа нь хүмүүсийн урмыг ихээр хугалж буй. Сайн ажилласан нь илүү цалин авдаг тогтолцоо хэрэгтэй

4. Цалингаа нэмж чадахгүй байлаа гэж бодоход сайн ажиллаж буй хүмүүстээ байр, машин, сургалтын тѳлбѳр зэргээр дүйцуулэн материаллаг урамшуулал олгож болно. Гэхдээ энэ нь нэг их ирээдүйтэй арга биш л дээ.

5. Хүн бүхэн ѳѳрийн боломжоороо хѳдѳлмѳрлѳж амьдрах боломжийг олгох хэрэгтэй байна. Үндэсний гэх компаниудын монополчлолыг хянах хэрэгтэй байна. Энэ жижиг зах зээл дээр тэд жижиг дунд бүх бизнес рүү дайрч байна шүү дээ

6. Хѳдѳлмѳрийн, цагаар ажиллах орон зай нь иргэд нэмэлт орлого олох, оюутан залууст тѳлбѳрѳѳ тѳлѳх эсвэл амжиргааны зардлаа олоход тусална. “Хѳдѳлмѳрийн бирж” ээ оромдож бус жинхэнээр нь ажиллуулах хэрэгтэй байна

7. Халамжийн бодлогоо ѳѳрчил ѳѳ. Хавтгайрсан халамж тань олон хүмүүсийг ажил хийлгүй аргацааж амьдрах дадалд сургаад байна. Халамж авах хэрээрээр залхуу, архичин, амар аргаар амьдрах хүсэлтэй олон хүмүүсийг бий болгож байна

Юу юунаас илүү бид ѳѳрсдѳѳ арчаагүй байнаа. Эрх мэдэлтэй хүнд зусардаад, мѳнгѳтэй хүнд далдаганаад, ѳнгѳтэй хүнийг дагаад яваад байснаас ѳѳрѳѳ л ѳѳрийнхѳѳ амьдралыг авч явахыг хичээ. Энэ хэрээр та болж бүтэхгүй байгаа шалтгаануудыг анзаарах болно. Нийтлэгдээ бид ямар ч аргаар хамаагүй, яаж ийж байгаад нэг нэгнээ луйвардаж мѳнгѳ олохыг хичээцгээх болжээ. Шударга бусаар, луйврын аргаар, шантаажилж залилан олж буй мѳнгѳ бүхэн чинь боолын сэтгэхүй, боолын хѳдѳлмѳрийн хэлбэр юм шүү дээ. Тэгээд яаж сэтгэл амар амгалан байж чадах билээ? Гадаадад байгаа монголчуудад атаархах биш тэдэнтэй адил хѳдѳлмѳрлѳж, тэдэнтэй адил хѳдѳлмѳрѳѳ үнэлүүлэх боломж бидэнд бий. Зүгээр дор бүрнээ хичээх хэрэгтэй болж байна. Хүний нутаг бол хүний л нутаг, ѳѳрийн нутаг бол ѳмѳг түшиг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2022-02-09 Улаанбаатар хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.