Гуанжоуд жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсжээ

Twitter Print
2022 оны 12-р сар 01-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Хятадын Гуандун мужийн Гуанжоу хотод коронавирусын цар тахлын эсрэг хатуу журмыг эсэргүүцсэн иргэд жагсаал цуглаан зохион байгуулж, жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсжээ.

Жагсагчид халдвар хамгааллын битүү цагаан хувцас өмссөн цагдаа нар луу шил, чулуу шидэж байгаа, цагдаа нар жагсагчдыг гавлан авч явж байгаа дүрс бичлэгүүд нийтийн сүлжээгээр тархжээ.

Өнгөрсөн лхагва гарагт Гуанжоу хотын удирдлагууд цар тахлын эсрэг журмаа сулруулна хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн хэдэн өдрүүдэд Хятадад бүртгэгдэж буй коронавирусын халдварын тохиолдлуудын тоо улам нэмэгдсээр байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид томоохон хотууддаа хөл хорио тогтоож эхэлсэн юм. Нийгмийн сүлжээнд бичсэнээр Гуанжоуд болсон жагсаал өнгөрсөн мягмар гарагийн орой, лхагва гарагийн шөнө Хайжү дүүрэгт болжээ.

AFP агентлагт Гуанжоугийн нэгэн оршин суугчийн мэдээлснээр Хайжү дүүрэгт байрлах Хужау тосгонд цагдаагийн 100 орчим албан хаагч хамгаалалтанд гарч, багадаа 3 хүнийг баривчилжээ. Хэдхэн өдрийн өмнө мөн л Хайжү дүүрэгт иргэд эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж байсан билээ.

Өнгөрсөн долоо хоногт Шиньжаан мужийн Өрөмч хотод орон сууцны барилгад гал гарч, 10 хүний амь эрсдсэн явдалд иргэд Өрөмч хотод олон хоног хөл хорио тогтоосонтой холбоотой хэмээн эрх баригчдыг буруутган, өнгөрсөн амралтын өдрүүдээр Хятадын хотуудад иргэд эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнүүлсэн билээ.

Шанхай, Бээжин зэрэг том хотуудад иргэд цар тахлын эсрэг хатуу журмаа цуцлахыг зарим нь бүр Ерөнхийлөгч Ши Жиньпинийг огцрохыг хүртэл шаардаж байсан юм.

Эдгээр жагсаал цуглааныг цагдаа нар тараасан ба Хятадын аюулгүй байдлын алба "дайсагнасан хүчнүүдийг" дарж авах уриалга гаргасан бөгөөд цагдаа нар иргэд руу ярьж жагсаал цуглаан болж байх үед хаана байсныг нь хүртэл тодруулж байгаа аж.

Коронавирусын цар тахлын эсрэг бодлогыг сулруулах төлөвлөгөө байгаа эсэх тал дээр Хятадын эрх баригчид "иргэдийн аж амьдрал, амь насанд сөрөг нөлөө үзүүлж буй" арга хэмжээнүүдээ өөрчлөхөөр ажиллаж байгаа гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.