
Ид шид гэж юу вэ? Үлгэр домог, утга зохиолд ихэвчлэн хэрэглэгддэг ойлголт болов ч бас нэг өнцөг талаасаа бол боломжгүй бүтэхгүй гэж бодсон төсөөлсөн тэр зүйлс нь үнэн бодитоороо бий болохыг хэлж тодорхойлоод байх шиг.
"Лантуун дохио" ТББ анхлан санаачилж түүчээлэн оройлон уриалж маш олон байгууллага, хүмүүсийн сайхан сэтгэлийн хандив оролцоогоор бүтээн байгуулж байгаа "Ид Шидийн Орон" хүүхдийн ордон өргөөний цогцолборын төсөл бол жинхэнэ утгаараа "Ид шид" билээ. 5-хан сарын өмнө дансандаа нэг ч төгрөггүй улаан элсэн дээр эхэлж байсан шахуу энэ төсөл одоо бодит болж энэ өдрүүдэд Дундговь аймагт нээлтээ хийж байна.
Олон мянган хүүхдүүдэд баяр жаргал бэлэглэж хүүхдэд ээлтэй орчныг бий болгон "Тэгш боломж"-ын хүрдэг тойрог хүрээллийн радиусыг хот суурингаас гадна хөдөө орон нутаг хүртэл тэлж буй гайхалтай соён гэгээрлийн түрэлт давшилт юм даа.
Байн байсаар бүх дэлхийг бүрхэх... гэсэн хувьсгалч үгтэй Их зохиолчын шүлгийн мөрт шиг Монгол нутгийн маань өнцөг булан бүрт байгуулагдаж Монголын ирээдүйг тодорхойлох шинэ үеийнхний тархи бодол, үзэл хандлагад нь өөдрөг шинэ бүхний үрийг тарьж соёолуулах болтугай.
Яг мөчид ташлан Сумогийн Их Аварга Хакухогийн өөрийн аав Домогт Аварга Мөнхбат асанд зориулж хөшөө дурсгал бүтээх санаа зорилготой байгаа тухайгаа хэлсэн ярилцлага уншлаа. Аавынхаа нэрээр овоглосон нэрэмжит "Ид Шидийн Орон" цогцолборыг Төв аймагт байгуулаасай хэмээн бодогдов.
Төв аймаг хэдийгээр дэд бүтэц хангалттай, Нийслэл хоттойгоо ойр давуу талтай, Их Хурлын даргаасаа өгсүүлээд үе үеийн нэртэй улс төрчид, урлаг спортын одууд олноор төрж байсан хэдий ч хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын үзүүлэлтээр зарим аймагтай харьцуулахад ард хойно, сул дорой яваа л харагддаг даа. Бусад цогцолбор төвөөс илүү онцлоготой нь Спорт биеийн тамирын ордон цогцолбор болгож босговол сайхан. Спортын цогцолбор, биеийн тамирын дасгалын өрөө танхим заалтай төлөвлөж тэрэнд нь хичээллэсэн хүүхдүүдээс ирээдүйн спортын олон төрлийн аварга хэд ч төрөхийм билээ.
Хашаанд нь харин Их Аваргынхаа гэрэлт хөшөө дурсгалын цогцолбортой цэцэрлэгт хүрээлэн байгуулж мянга мянган багачуул буян хишигт нь даган баясаж хүндэтгэл үзүүлдэг байвал байвал мөн ч амьд бодит сайхан хүндэтгэл шүү дээ. Үүнийг мөрөөдөл гэж нэрлэж болох ч биелүүлчихвэл жинхэнэ "Ид Шид" болон хувирна.
Хөшөө дурсгалаас зардал нь илүү гарч болох ч түүнийг нь харин бүх нийтийн оролцоо зүтгэлээр босгоод тал талаас туслаад дэмжээд явчихна шүү дээ. Хамгийн гол нь энэ бүхнийг үнэнч шударгаар дээд зэргийн чанар үзэмж, агуулга сүнстэйгээр бүтээн байгуулж босгох эко орчин, хамт олон тасралтгүй ажиллах агрегат бүтэц систем нь бүрдчихсэн байна.
Би ч хэрвээ энэ санаа дэмжигдэж ажил эхлэх юм бол бүхий л чадвар чадлаараа дэмжиж оролцоход бэлэн байна. Монгол Японы нэр хүндтэй хүмүүсийг оролцуулаад хамтдаа хандивын том эвент хийхэд л үндсэн гол зардал хөрөнгө босоод ирнэ дээ.
Ингэж чадвал жинхэнэ мөнхөд үргэлжлэх гэрэлт хөшөө утгаараа буянт үйл юм шүү хө. Санаа санаачлага төдий ч гэсэн Хакухо аваргыг өөрийг нь харж сэтгэлийн утсыг нь хөглөж шийдвэр гаргатал нь цаашаа давалгаалаад дэмжээрэй манайхаан.
Самандарын Цогтбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.