Мариуполийг алдахгүйн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэлээ

Twitter Print
2022 оны 04-р сар 18-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын зүгээс Украины Мариуполь боомт хотод байгаа Украины цэргүүдэд бууж өгөх хугацаа өгсөн ч украинчууд Мариуполь хотыг хамгаалж "эцсээ хүртэл тэмцэнэ" гэдгээ мэдэгджээ.

ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Мариуполь хотыг бүх талаас нь бүслээд байгаа юм. Москвагийн хувьд Мариуполь хотыг эзлэх нь Украинд явуулж буй дайных нь хамгийн том ахиц дэвшил болох юм.

Украин руу цэргээ оруулснаас хойш оросууд Мариуполь хотыг тасралтгүй бөмбөгдөж, агаараас цохилт өгч байсан ба үүний уршгаар хотын байшин барилгууд үнс нурам болж, Украины эрх баригчдын мэдээлснээр тус хотод 21 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа билээ.

Азовын тэнгис дэх хамгийн том худалдааны боомт болох Мариуполь нь буудай, ган, төмөр, хүнд даацын машин техник зэргийг экспортлох гол гарц бөгөөд Мариуполь хот эзлэгдэх нь Украины эдийн засгийн хувьд том цохилт болж, харин оросуудын хувьд стратегийн томоохон ялалт болох юм.

Түүнээс гадна Мариуполь хотыг эзэлснээр Оросын эрх баригчид барууны хориг арга хэмжээнээс болж бухимдаж буй оросуудад Украин руу цэргээ оруулсан нь үр дүнтэй байсныг харуулах, ОХУ-ын зэвсэгт хүчинд Украины зүүн хязгаар дахь ажиллагаагаа идэвхжүүлэх боломж өгөх юм.

Өнгөрсөн бямба гарагийн орой Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Мариуполь хотын нөхцөл байдал асар хүнд байгааг онцолж, Москва Мариуполь хотод үлдсэн хүмүүсийг бүгдийг нь хөнөөх төлөвлөгөөтэй байгаа хэмээн мэдэгдсэн байна.

Украины хойд хязгаарт явуулсан довтолгоо нь бүтэлгүйтсэнээс хойш ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украины зүүн хязгаарт явуулж буй ажиллагаагаа идэвхжүүлж, Украины бусад бүс нутгуудад агаараас цохилт өгсөөр байгаа юм.

ОХУ Мариупольд үлдсэн Украины цэргүүдэд Москвагийн цагаар өглөөний 6 цаг гэхэд зэвсгээ хаяж бууж өгөхийг, өдрийн 13 цаг гэхэд хотоос гарсан байхыг тулган шаардлага хүргүүлсэн билээ.

Ерөнхийлөгч Владимир Зеленский оросууд Мариуполь хотыг хамгаалж үлдсэн цэргүүдийг хөнөөвөл хоёр орны хооронд ямар ч төрлийн гэрээ хэлэлцээр хийх боломжгүй үгүй болно гэдгийг анхааруулсан байна.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.