Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 12,000 гарлаа

Twitter Print
2023 оны 02-р сар 09-нд 08:35 цагт
Мэдээний зураг,

Турк болон Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 12,000-ыг давжээ. Лхагва гарагийн байдлаар Турк улсад 9,057 хүн, Сири улсад 2,950 хүн амь үрэгдсэн нь батлагджээ.

Турк улсад гамшгийн хамрах хүрээ баруун талдаа Адана, зүүн талдаа Диярбакир хот хүртэл 450 км урт газар нутгийг хамарсан байна. Энэ завсарт 13.5 сая хүн оршин суудаг юм.

Сири улсад гамшгийн хамрах хүрээ газар хөдлөлтийн төв цэгээс өмнө зүгт 250 км зайтай оршдог Хама хот хүрчээ.

Аврагчид цаг нартай уралдан байшин барилгуудын нурангин доор гацсан иргэдийг гаргаж авахаар тасралтгүй ажилласаар байна.

Гамшгийн хамарсан цар хүрээнээс амиа алдсан иргэдийн тоо өсөх нь тодорхой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа ба НҮБ уг газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүүхдүүдийн тоо хэдэн мянгыг давна гэсэн тооцоотой байгаа аж.

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Туркийн 10 мужид онц байдал тогтоосон ч газар хөдлөлтөнд өртсөн зарим хотуудын иргэд эрх баригчдын авч буй хариу арга хэмжээ удаашралтай, хангалтгүй байна гэсэн шүүмжлэлтэй байна.

Турк, Сирийн нутаг дэвсгэрт даваа гарагт болсон хүчтэй хоёр газар хөдлөлтийн уршгаар эмнэлэг, сургууль, орон сууцны олон мянган барилга нурж, хэдэн арван мянган иргэд бэртэл гэмтэл авч, мянга мянган иргэд орох оронгүй болоод байна.

Эвдэрхий зам, цаг агаарын хүнд нөхцөл байдал, хүн хүч, хүнд машин техникийн хомстол зэрэгтэй тулгарсан аврагчид газар хөдлөлтөнд хамгийн ихээр өртсөн бүс нутгууд рүү хүрч ажиллахыг хичээж байгаа ч зарим газарт иргэд өөрсдөө ямар ч тоног төхөөрөмжгүйгээр нүцгэн гараараа нурангин дундаас амьд үлдсэн нэгийгээ гаргах авахыг оролдож байна.

Онц байдал тогтоосноор Туркийн засгийн газар Анталья дахь зочид буудлуудад орон гэргүй болсон иргэдийг түр байршуулж эхлэх аж.

10 гаруй жил үргэлжилсэн иргэний дайны уршгаар хэдийн хүмүүнлэгийн хямралтай тулсан Сирид газар хөдлөлтийн улмаас нөхцөл байдал улам хүндэрчээ. 

ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Гебрейсус, "Хором бүр үнэтэй байна. Цаг, минут өнгөрөхийн хэрээр иргэдийг эсэн мэнд олох боломж багассаар байна." хэмээн онцолжээ.

Сирийн Хатай мужийн Антакия хотод иргэд өөрсдөө нурангин доороос хүмүүсийг гаргаж байгаа ба хамгаалалтын малгай, алх, олс зэргийг илгээж өгөхийг хүссэн байна.

Газар хөдлөлтөнд өртсөн бүсэд Туркийн авран хайх багийн 12 мянга гаруй албан хаагчид 9000 цэргүүдийн хамтаар ажиллаж байгаа ба дэлхийн 70 гаруй улс аврах багийнхан, тусламжийн бараа бүтээгдэхүүн илгээхээ илэрхийлжээ.

Туркийн Онцгой байдлын газраас мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас 5775 барилга байгууламж нурж, 20426 хүн бэртэл гэмтэл авчээ.

Сирид орон гэргүй болсон иргэд сүм хийдүүдэд байрлаж байгаа ба Сирийн Цагаан Дуулга ТББ-ын аврагчид бүхий л чадлаараа ажиллаж байгаа ч гамшгийн цар хүрээнээс болж газар хөдлөлтөнд өртсөн бүх газарт хүрч ажиллаж чадахгүй байгаа гэжээ.

Түүнчлэн шатахууны хомстол, цаг агаарын нөхцөл байдал, хүмүүнлэгийн тусламж хүргэхдээ ашиглаж байсан дэд бүтцүүдэд эвдрэл гэмтэл гарсан нь аврах ажиллагааг улам бүр хүндрүүлж байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.