Ж. Болсонару, Лула да Силва хоёр Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р шатанд өрсөлдөхөөр боллоо

Twitter Print
2022 оны 10-р сар 03-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Бразилийн одоогийн Ерөнхийлөгч Жаир Болсонару сонгогчдын 43.48, Бразилийн Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва 48.1 хувийн саналыг тус авчээ.

Хоёр нэр дэвшигчийн аль нь ч сонгогчдын саналын 50 хувийг авч чадаагүй учраас Ж. Болсонару, Лула да Силва нар 4 долоо хоногийн дараа болох сонгуулийн 2-р шатанд өрсөлдөх аж.

Бразилийн Ерөнхийлөгч асан Лула да Силва 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд авлигын хэрэгт буруутгагдаж, хоригдож байсны улмаас өрсөлдөж чадаагүй юм. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэнээр Лула да Силва улс төрийн тавцанд том эргэн ирэлт хийж байна.

Харин сүүлийн жилүүдэд рейтинг нь буурсан Ж. Болсонаругийн хувьд сонгуулийн эхний шатны үр дүн түүний нэр хүнд ард иргэдийн дунд өндөр хэвээр байгааг харуулж чадлаа.

Хоёр нэр дэвшигч улс төрийн талбарт мөнхийн өрсөлдөгчид гэгддэг ба сонгуулийн санал хураалтын өмнө болсон телевизийн мэтгэлцээний үеэр Ж. Болсонару Лула да Силваг хулгайч гэсэн бол Лула да Силва хариуд нь Ж. Болсонаруг солиот эр хэмээн тодорхойлжээ. Ж. Болсонару, Лула да Силва хоёрын хувьд олон асуудал дээр эрс тэрс үзэл бодолтой. Жишээ нь Лула да Силва Амазон ой модыг хамгаалар тал дээр арга хэмжээ авна гэсэн бол Ж. Болсонару ой модны тодорхой хувийг эдийн засгаа хөгжүүлэхэд ашиглах ёстой хэмээн кампанит ажлынхаа үеэр мэдэгджээ.

Ж. Болсонару Ерөнхийлөгчийн үед ой мод устах, ой хээрийн түймэр гарах тохиолдлууд нэмэгдсэн ба байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнийхөн Ж. Болсонару дахин сонгогдвол Бразилийн нөхцөл байдал улам хүндэрнэ гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр Ж. Болсонаруг газар тариалангийн салбарынхны дэмжлэгийг хүлээгээд байгаа юм. Байгаль орчны асуудлаас гадна бразилчуудын өмнө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, үүнтэй холбоотой ядуурал, өлсгөлөнгийн асуудлууд тулгараад байгаа билээ.

Түүнчлэн иргэд боловсролын салбарт тулгараад буй асуудлууд, эрх тэгш бус байдалтай холбоотой асуудлуудыг шинэ Ерөнхийлөгч шийдвэрлээсэй гэж хүсэж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.