
Хэрэв та хөдөлмөр эрхэлдэг бол хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйлд заасны дагуу ажлын жил бүр ээлжийн амралт эдлэх эрхтэй.
Ээлжийн амралтыг хэн эдлэх вэ?
Хэрэв та хөдөлмөр эрхэлдэг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйлд заасны дагуу ажлын жил бүр ээлжийн амралт эдлэх эрхтэй.
Ээлжийн амралтыг жил бүр эдлэх үү?
Ажилтны ээлжийн амралтыг ажлын жилд нь багтаан биеэр эдлүүлнэ. Ээлжийн амралт олгох ажлын жил нь ажилтан аж ахуй нэгж, байгууллагад анх ажилд орсон өдрөөс эхлэн тооцогдоно.
Жишээ
Ажилтан нэгэн байгууллагад 2007 оны 09-р сарын 01-ны өдөр ажилд орсон бол түүний анхны амралтыг 2007 оны 09-р сарын 01-ны өдрөөс 2008 оны 09-р сарын 01-ны өдөр хүртэлх нэг жилийг ажлын жилийн хугацаанд тооцож олгоно.
Ээлжийн амралтыг хэсэгчлэн эдлэж болох уу?
Ажилтан ээлжийн амралтаа тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдлэхийг хүсвэл ажил олгогч нь түүний хүсэлтийг харгалзана. Энэ тохиолдолд ээлжийн амралтын олговрыг бөөнд нь эхний удаад амралт эдлэхэд тооцож олгоно.
Ээлжийн амралтыг хэдий хугацаагаар ажилласны дараа олгох вэ?
Ажил олгогч нь ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсны дараа хэдийд ээлжийн амралт олгох, хоёр амралтын хоорондох хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна.
Ээлжийн амралт олгохгүй тохиолдол байдаг уу?
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 9 дэх хэсэгт “цэргийн жинхэнэ алба хаасан, тэтгэмжтэй чөлөөтэй байсан, техник мэргэжлийн сургуульд суралцсан, 6 сараас дээш хугацаагаар мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхээр суралцсан хугацаанд ээлжийн амралт олгохгүй” гэж заасан.
Хүүхэд асрах чөлөө дуусаад ажилдаа орсон эх 4 сарын дараа ээлжийн амралтаа бүтнээр нь авч болох уу?
Ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд жирэмсний болон амаржсаны амралт, хөдөлмөрийн чадвар түр алдсан, ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацааг оруулахгүй.
Өөр байгууллагад шилжин ажиллах бол ээлжийн амралтыг хаанаас авах вэ?
Нэг аж ахуй нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллаж буй ажилтан урьд ажиллаж байсан байгууллагын ажил олгогчтой ээлжийн амралтын мөнгөн тооцоог заавал хийж дуусгасан байна.Харин ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд дараагийн ажил олгогч амралтын тооцоог үндэслэн тодорхой хугацааны дараа түүнд ээлжийн амралтыг олгож болно.
Ээлжийн амралтыг ажилласан хугацаанд нь ноогдуулж олгох уу?
Хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй бол түүний ээлжийн амралтыг ажилсан хугацаанд нь ноогдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгоно.
Жишээ
Ажилтан нэгэн байгууллагад 2007 оны 09-р сарын 01-ны өдөр ажилд ороод 11-р сарын 01-ны өдөр ээлжийн амралтаа эдлэх бол түүний ажилласан 2 сард ноогдох амралтыг биш, тэрээр цаашид үргэлжлүүлэн ажиллах тул дараа оны 09-р сарын 01-ны өдрийг хүртэлх ажлын жилийн ээлжийн амралтыг бүрэн тооцож олгоно.
Ажилтан ажлаас халагдаж байгаа бол ээлжийн амралтын тооцоо хийгдэх үү?
Ажилтныг ажлаас халагдах үед ажил олгогч ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ажилтанд ажилласан хугацаанд нь ноогдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох эсвэл ажилтнаас суутгал тооцох хэлбэрээр ээлжийн амралтын тооцоог хийнэ.
Жишээ
Жишээ 1. Ажлын 20 өдрийн ээлжийн амралт авах ажилтан 2007 оны 09-р сарын 01-ны өдрөөс 2008 оны 09-р сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны ээлжийн амралтыг 2008 оны 10-р сард ээлжийн амралтыг эдэлж, 12-р сард ажлаас халагдсан гэвэл түүний амралт эдлэх ёстой 3 сарын /2008 оны 09-р сарын 01-нээс 12-р сарын 01-ны өдөр хүртэлх/ хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно.
Жишээ 2. Ажлын 20 өдрийн ээлжийн амралт авах ажилтан 2007 оны 09-р сарын 01-ны өдрөөс 2008 оны 09-р сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны ээлжийн амралтыг 2008 оны 05-р сард ээлжийн амралтыг эдэлж, 07-р сард ажлаас халагдсан гэвэл амралт урьдчилан эдлэсэн 2 сарын /7, 8 дугаар сар / хугацааны ээлжийн амралтын олговрын мөнгийг суутган авна.
Ээлжийн амралтын олговрыг хэрхэн тооцдог вэ?
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 2 дүгээр хавсралтын дагуу тооцдог бөгөөд амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж 1 сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцож гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.
Хэрэв ажилласан жил нь 12 сар хүрэхгүй бол яах вэ?
Ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрэхгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно.
Ээлжийн амралтын олговроос шимтгэл суутгах уу?
Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулна” гэж заасан.
Ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?
Ээлжийн амралт үндсэн ба нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Үндсэн амралтыг хэдэн жил ажилласнаас хамаарахгүй ажилтан бүр эдэлдэг. Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байна.
Ээлжийн амралтын хугацаанд баярын өдрүүд орох уу?
Дараахь тохиолдлыг ээлжийн амралтын хугацаанд оруулж тооцохгүй.
- Нийтээр амрах баярын өдрүүд
- Долоо хоногийн амралтын өдрүүд
- Жирэмсний болон амаржсаны амралт
- Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа
- Ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацаа орно.
Нэмэгдэл амралт гэж юу вэ?
Ээлжийн үндсэн амралт дээр нь ажилтны ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа бол:
- 6-10 жилд ажлын 3 өдөр
- 11-15 жилд ажлын 5 өдөр
- 16-20 жилд ажлын 7 өдөр
- 21-25 жилд ажлын 9 өдөр
- 26-31 жилд ажлын 11 өдөр
- 31, түүнээс дээш жилд ажлын 14 өдрийн нэмэгдэл амралт авна.
Хөдөлмөрийн нөхцөл ажилласан хугацааг харгалзан дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно.
- 6-10 жилд ажлын 5 өдөр
- 11-15 жилд ажлын 7 өдөр
- 16-20 жилд ажлын 9 өдөр
- 21-25 жилд ажлын 12 өдөр
- 26-31 жилд ажлын 15 өдөр
- 32, түүнээс дээш жилд 18, түүнээс дээш ажлын өдрийн нэмэгдэл амралт авна.
Хөдөлмөрийн хэвийн болон хэвийн бус нөхцөлд зэрэг ажиллаж байгаа бол нэмэгдэл амралтыг яаж тооцох вэ?
Улсын дээд шүүхийн 2006 оны 07-р сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 21 дэх хэсэгт “хөдөлмөрийн хэд хэдэн нөхцөлд ажилласан ажилтны нэмэгдэл амралтыг олгохдоо “хэвийн” болон“ хэвийн бус” нөхцөлд ажилласан хугацааг тус тусад нь тооцож, нэмэгдэл амралтын нийт өдрийг нэмж гаргана” гэж тайлбарлажээ.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.55.188.82) 2019-10-09 20:526сар ажиллаж байна одоо амралт авах боломжтой юу
Хариулах
Зочин
(103.26.194.7) 2014-04-05 19:47Mash heregtei zovlogoo baina. Neg huvi kopidood hadgallaa. Bayarlav.
Хариулах