Монгол бөхийн цол болгоны дээр ёс жудаг нь байдаг

Twitter Print
2022 оны 02-р сар 28-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Монголчууд бол бөхөө дээдлэн хүндэлдэг, бөхөд дуртай ард түмэн. Монгол үндэсний бөхийн хамгийн дээд цол бол аварга юм. Аваргын дээр ёс жудаг нь байдаг. Иймээс монгол  бөхийг ёс суртахууны хувьд  авч явдаг нэг чухал зүйл бол ёс жудаг юм. Амжилтаа дагаад цол бүхний чимэг өөр өөр байдаг. Бөх хүн биедээ бяртай ч билэгдээ ёс жудагтай байх бол түүний ямагт эрхэмлэж явах учиртай  ариун зүйл.  Энд гол нөлөөлөл нь бөх хүний хүч чадал, ёс жудаг  хоёр бие биенээ түшилцэж явдагт оршино. Үүгээр дамжин сайн нь тунаж, саар  нь шүүгдэж явсаар монгол бөхийн өв соёл, ёс зүйн язгуур холбоос нь  бий болдог. Эндээс “Монгол үндэсний бөх” гэх энэ нэрээ хадгалан оршин тогтнох үндэс болох буй. Бөх хүн өөрийн барилдаанаас гадна, биеэ авч яваа байдал, зан авир, ёс жудгаараа олны дунд нэр хүнд олж, тэр замаар хойч үе нь түүнийг үлгэрлэн дагаж заавал бөх болохгүй ч гэсэн ёс жудагтай монгол эр хүн бий болж буйн эхлэл агаад  хүч, ухаан тэнцүү төгөлдөржиж нийгэмд нөлөөлж буйн эхлэл юм.  Энэ дунд монгол бөхийн ёс жудаг гэж их том зүйл ямагт дагаж явдаг. Байхгүй бол тэр дороо л нэхэгдэж эхэлдэг.

Монгол бөхийн холбоо олон жил үргэлжилсэн хэрүүл  маргааныг нэг талд нь гарган, өвч бие нь бүрэлдэж, их ойнхоо өмнө шинэ тэргүүнтэй болж байна. Өнөөдөр бүтээлч, санаачлагатай шудрага, атаа, талцал бус жинхэнэ үйл хэргийн төлөө ажилладаг тийм хүнийг ард түмэн эрэлхийдэг жишиг нэгэнт тогтжээ. Энэ чиглэл бол өнөөгийн удирдлагын шинэлэг  хэлбэр.

Монгол бөхийн уламжлал, өв соёл, ёс зүй бол үе үеийнхний үзэл бодлын углуурга дээр сайн бүхнийг шимэн авч, бүрэлдэж тогтсон зүйл юм. Энэ бүхнээ гээвэл үндэсний хэв шинжээ гээж монгол үндэсний бөх гэх утгаа  алдах болно. Ер нь монгол бөхөд чинь барилдахаас гадна гараа, дэвээ, шаваа, цол дуудах, тахим өгч, авалцах, туг тойрох, зодог тайлах ёс... гээд цөм монгол үндэсний хэв шинж, ёс зүй, өв соёлтой нарийн холбоотой зүйл шүү дээ. Сайн нь ард олноор шүүгдэж бөхөөс бөхөд уламжлан үлдсэн энэ бүхэн бол жинхэнэ өв соёл, бөхөд дуртай монгол хүний санаанд  аргал хөрзөнгийн цог шиг үргэлж дулаан бүлээн байдаг зүйл. Миний гол санаа бол Монгол бөхийн өв соёлыг яг хуучнаар нь язгуур байдлаар нь хадгалж  үлдэх тухай юм. Үүнийгээ гээвэл монгол үндэсний биш өөр бөх болно. Эндээс нэг талдаа гарч цаашдаа бид монгол бөхөө яаж авч явах талаар ярилцах боломжтой болно.

Өдгөө давсан зарим бөх эргэж ганц алхаад л арай ядан хоёр гараа өргөхчөөн болоод тахим авч буй нь ажиглагддаг. Тахим өгч авалцаж чадахаа болисон байна. Тахим авна гэдэг бол унасан, давсан хоёр бөхийн хориггүй  шудрага барилдаан, харгүй санааны илрэл болж үлддэг. Давсан нь “Чи миний өмнө бөхий”... гэх маягаар тахим авах гараа доош буулгах бус, унасан нь элэг рүү нь өвдөглөх, эрүү рүү нь тохойлдох бус.Тахим нугалаа нь хөлийн өвдөг, нахим нугалаа гарын тохой  байх ба үүгээр монгол бөхийн эвсэл хөдөлгөөнүүд бүрэлдэнэ. Давсан унасан бөхчүүд  цолныхоо эрэмбээр бага цолтой нь өвдөг тохойн нугалаа үеэр давсан бөхийн суган доогуур орж тахим өгч авалцана.

Тав давсан бөх тахим өгч, авалцаагүй байхдаа хөөрч найрч, хоёр гараа дэлдэн хуруугаа гозойлгон гүйж савчин дэвхцэж, уйлж хайлж үзэгчид рүү гүйн орж байх нь үнэхээр соёлгүй, овилгогүй санагддаг. Зарим нь начин болохоо бүр урдаас мэдчихсэн ч байж болох. Монгол бөхөд тэгж гараа алдлан гүйж, дэмжигчид нь барж аваад л үнсэж үлгэж байсангүй ахмад бөхчүүд мөрөн дээр нь алгадан тал өгч, сайндаа л духан дээр үнэрлэдэг байжээ. Иймээс язгуур өв соёлоо дагавал тахим өгч, авалцаад тугаа тойроод дараа нь барилдааны талбайн захад баяр хүргэлцэх хүртэл жаахан тэсч болно л доо.

Ер нь бол сайн ажиглахад өнөөгийн тавын даваа бол өнгөгүй, аваргаасаа эхлээд том цолтнууд нь хадуулсан мэт шуураад, унаад унаад өгдөг болж. Тавын давааг олон түмэн хүсэн хүлээдэг тэр их баяр цэнгэлийн үеийн охь нь ихэнхдээ алга болчихож. Бөхчүүд хүч чадал, арга ухаан сорисон барилдаанаас, нэг нь давж, нөгөө нь унадаг жамтай юм шүү дээ. Давсан, унасан бөхчүүд |хэн нэгний онож хэлснээр| тэмцлээ дэвжээн дээрээ орхиод эв найртай гардаг байх учиртай. Хуучин тийм л байсан. Хэрэв бид бөхөө хуучин дэг жаягаар нь авч үлдэе гэвээс бөхчүүд энэ бүхэнд зайлшгүй суралцах л шаардлагатай болно.

Бөхийн сургуулиуд, багш, дасгалжуулагч нар залуу бөхчүүдэд энэ бүхийг барилдахаас нь өмнө зааж сургалтын хөтөлбөртөө тусгасан эсэхийг хариуцсан байгуууллага анхаарвал зохино. Амьдралын хэв маяг, хүний зүс царай, хувцасны моод өөрчлөгдөж болох ч хуучны ёс жаяг, өв соёл, он  цагийн явцад бөхөөс бөхөд дамжсаар үлдэх учиртай юм. Өндөр уулын оргилд авирч буй уулчид нэгнээс нөгөөд бөх уяагаар холбогдон гинжин холбоо үүсгэдэг, буухдаа ч мөн адил. Хэрэв энэ холбоос тасарвал уулчид амь насаа алдаж болохуйц аюулд учирна. Монгол бөхөд ч мөн адил энэ холбоос алдарвал өв соёлоо гээх аюулд учирна.

Монгол бөх энэ бүхнээ авч үлдье гэвээс даяаршлын давалгаанд авталгүй, элдэв өнгө будаг наалгүй, ёс жаягаа хуучнаар нь байлгасан нь л дээр. Дашрамд даяаршил дунд өв соёлоо авч чадсан орон л өөрийнхөө өнгө, төрхөө хадгалж үлддэг. Чадаагүй нь бусдын нөлөөнд ордог. Тэд өв соёлоо  сэргээх гэж хэрхэн зовж байгааг бид  харсаар л байна. 

Бөхийн цол дуудаач Баруун талын засуулууд сонсоод... гээд манлай бөхийнхөө цол дуудаж уялага сайхан хоолойн чимээ агаарт хадаж эхлэхэд баруун тал “Сонслоо” гэх ба бусад үед “баярлалаа”  гэхийн оронд “За” гэж бүгд нэгэн зэрэг хариулах нь зөв байх. Хуучин “баярлалаа” гэдэг үгийг бөхийн цол дуудахад хэрэглэдэггүй байж. Цолоо дуудуулж буй бөх хүний хиймор сэргэн хүч чадал, ухаан бодол цэгцэрч, дөрвөн мөч тэгширч сая барилдахад бэлэн болдог. Цол дуудаж байгаа засуулч бол өөрийн мөрөн дээрээс гарч буй бөхийн цог жавхланг бадрааж, зориг зүрхийг нь чангалж дотоод сэтгэл зүйг нь цэгцэлж буй юм. Бөхөө гаргаж буй засуулч хойноос нь “Тэр бөхийн нэр хэн бэ” хэмээн өөрийн бөхийнхөө малгайг нь өргөж, нэр алдар, цол гуншин, нутаг усыг нь дуудан араас нь даган явна. Амны бэлэгтэй энэ магтаал нь ашдын бэлэг болох буйн учир жанцан энэ юм. Дэвэлт шавалт бол тэр хуучных нь мөн чиг сайхан, сүртэй, сэргэлэн харагддаг.

Бөхөө засахдаа “Дороо суурьтай, дотроо ухаантай гэж буй нь зөвхөн хар хүчээр бус уран мэхийг уралдуулж ухаантай сайн барилд гэсэн үг юм. Тавын даваа эхэлж манлай бөхийн цол дуудах засуулч эрийн “ган хоолойн” дуу орчинд хадаж, айргийн морьд, мэргэн харваачид индрийн өмнө жигдэрсэн тэр оргил мөч бол онцгой шүү дээ. Энэ бүхэн монгол наадмын уламжлал, өв соёл, ёс зүйн гайхамшиг болж энэ мөчийг хүсэн хүлээсэн наадамчин олны баяр цэнгэл болж харваас хараа булаах, сонсвоос сонор мялаах сайхан наадамын өнгө төрх бүрдэнэ. Үзүүр түрүүний хоёр бөх гарахад тал талын 16 бүх 32 засуулч бүгд тэр дороо сөгдөн суух бус хойноос нь дагаж хэд алахаад ханаран унаж байх нь хуучны засуулын ханараа шүү дээ.

Барилдаан энэ уламжлал, ёс зүй дээр тулгуурлах учиртай. Монгол бөхийн холбоо эв зүйгээ ололцон, тэргүүнээр зарчимч шудрага, аль нэг талыг үл баримтлах хүнээ олж  сонгон, сахилга журмын бие даасан хороотой болж, ёс зүй, допинг болон элдэв сөрөг асуудлыг нэг мөр өөрсдөө ил тод, тэр нь шуурхай шийдэх хэрэгтэй.

Допингийн шинжилгээг гадаад оронд явуулаад хариуг нь сар жилээр хүлээж болохгүй. Бусад орнуудад ийм шинжилгээг тэр дор нь өөрсдөө гаргадаг болоод удаж байна. Бид тийм өөрийн гэсэн лабораторитой болох хэрэгтэй. Допингийн асуудлаар бөхчүүд тамирчидад тусд нь хууль санаачилж цол чимгээ  допингийн шинжилгээний хариу гарсны дараа олгох нь зөв байх. Шинжилгээний хариу нь гараагүй байхад цол олгоод бөөн асуудал болж, баахан бөхчүүд цолоо хасуулж унасанд нь  шинэ цол нэмэх болдог.

Барилдаан болгоны дараа зохион байгуулагчдаас тухайн барилдааны талаар тайлан авч протокол хавсарч архивт үлдээе. Зөвхөн цолны асуудлыг хуучин шийдэж байсан төрийн бүтэцээр үлдээж болно. Энэ бол монгол наадмын өв соёл, өнгө төрхийг хадгалж үлдэх суурь зарчим юм. Мэдээж энд асуудал бол гарна. Шийдэж нэг мөр болгох л хэрэгтэй. Дараа нь бөхийн дэвжээ эрүүл уур амьсгалтай болог. Ингэж дор, дор нь шуурхай шийдэхгүй бол хэзээ ч хэрүүл маргаанаас салахгүй, үйл ажиллагаа нь шаварт суусан мэт хий эргэх болно. Энэ асуудал даамжирсаар  маргаан дагуулж улам хүндэрч буйн горыг барилдаан болгоны өмнө бид амсч байна. Цаашдаа монгол бөхийн хөгжилд ёс жудаг, өв соёлд чиглэсэн бодлого шаардлагатай болжээ.

Найдансүрэнгийн Бадарч

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.