АНУ-Хятадын төрийн дээд уулзалт Аляскад болж байна

Twitter Print
2021 оны 03-р сар 19-нд 12:48 цагт
Мэдээний зураг,

Аляскад болж буй АНУ-Хятадын төрийн дээд албан тушаалтнуудын 2 өдрийн уулзалтын эхний өдрийн уулзалтаар талууд бие биенийгээ буруутгаж, уулзалт хүйтэн хөндий уур амьсгалтай болж өнгөрсөн болохыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байна.

Уулзалтанд АНУ-ын талаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нар, БНХАУ-ын талаас БНХАУ-ын Хятадын Коммунист намын дэргэдэх Гадаад харилцаа хариуцсан зөвлөлийн дарга Ян Цзечи, Хятадын Гадаад хэргийн саыд Ван И оролцож байна. Уулзалтын эхэнд АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, "Бид зөрчилдөхийг зориогүй, харин ширүүн өрсөлдөөнийг бол хүлээж авна. Бид улс орныхоо баримталж буй зарчмууд, ард иргэд болон түншүүдийнхээ эрх ашгийн төлөө баттай зогсоно." хэмээн мэдэгджээ.

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Бээжин Хонгконгд явуулж буй бодлого, бусад улс орнуудад эдийн засгийн дарамт үзүүлж буй явдал, Шиньжаан дахь шашны цөөнхийн эрхийг ноцтой зөрчиж буй явдлынхаа хариуцлагыг үүрэх ёстой хэмээн онцолжээ. Хятадын талаас Вашингтоныг Хятадын дотоод асуудалд оролцохгүй байхыг шаардсаны хариуд Энтони Блинкен дээр дурдагдсан үйлдлүүд нь "дэлхийн тогтвортой байдалд заналхийлж байна" хэмээн мэдэгджээ. Хятадын Коммунист намын дэргэдэх Гадаад харилцаа хариуцсан зөвлөлийн дарга Ян Цзечи АНУ-ыг "хоёр нүүртэй" хэмээн тодорхойлж, Вашингтон өөрийн эдийн засаг болон зэр зэвсгийн хүчээ ашиглан бусад улс орнуудыг айлгаж сүрдүүлдэг, АНУ нь хүний эрхийг ноцтой зөрчсөн он удаан жилийн түүхтэй хэмээн АНУ-д өнгөт арьстнууд хууль сахиулагчдын гарт амиа алдсан талаар жишээ татжээ. Сэтгүүлчид уулзалтын өрөөнөөс гарахын өмнө АНУ-ын тал сэтгүүлчдийг сатуулан нэмэлт мэдэгдэл хийсэнд БНХАУ-ын тал мөн адил нэмэлт хугацаа шаардаж мэдэгдэл хийсэн нь уулзалтын журамд заагдсан 2 минутаас хэтэрсэн аж.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын тал Хятадын талыг уулзалтын протоколыг зөрчсөн хэмээн буруушааж, Хятадын тал тус уулзалтанд олон нийтийн анхаарлыг татах зорилготой оролцож байна гэжээ. Энэ пүрэв, баасан гарагт болж өнгөрөх тус уулзалтыг Вашингтоны тал санаачилсан хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас онцолж байсан ба "Хоёр улсын харилцааны тухай асуудал дээр Хятад улсын байр суурь өөрчлөгдөхгүй. Бид АНУ-аас хоёр улсын харилцаанд ухаалгаар хандаж, хүйтэн дайны тухай бодлоосоо салаасай гэж хүсч байна." хэмээн мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.