
ОРОН СУУЦТАЙ БОЛОХ ИРГЭДИЙН ХҮСЭЛ ЗОРИГ ДЭЭР ТУЛГУУРЛАСАН ЗАЛИЛАН МЭХЛЭХ ГЭМТ ХЭРЭГ, ТҮҮНИЙ ХОХИРОГЧИД
Орон сууцтай болох гэсэн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж олон арван иргэд бүх насаараа цуглуулсан, өөртөө байгаа бүхнээ зарж, зээл авч, орон сууцанд захиалга өгдөг боловч захиалга өгснөөс хойш гэрээгээр тохирсон хугацаанд орон сууц ашиглалтад орохгүй, ашиглалтад орсон боловч бусдад давхардуулан худалдсан, ялимгүй зөрчил буюу төлбөр төлөх хугацааг үл ялиг хэтрүүлсэн тохиолдолд гэрээ цуцлах үлдэгдэл төлбөрийг бөөнд нь өгөхийг шаардах, бөөнд нь өгөхгүй бол анх худалдсан м.кв талбай нь төлбөрийг нэмэх гэх мэт олон олон тохиолдол гардаг.
Орон сууц захиалах иргэдийн анхаарах зүйлс:
-Гэрээ байгуулж буй этгээд тухайн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд /захирал/ мөн эсэх үйл баримтыг нягтлах. Төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулснаар гэрээ хүчин төгөлдөр бус болох үр дагавартай.
-Гэрээ байгуулж буй аж ахуйн нэгж тухайн газарт барилга барих зөвшөөрөл авсан эсэх үйл баримтыг нягтлах. Хэрэв тухайн газарт барилга барих зөвшөөрөлгүй байж барилгын ажил эхлүүлж иргэдээс захиалга авсан тохиолдолд зөрчилтэй барилга гэх үндэслэлээр эрх бүхий байгууллагаас барилгын үйл ажиллагааг зогсоох боломжтой.
Гэрээний гол нөхцөлөө тохирох.
- Ихэнх тохиолдолд аж ахуйн нэгж байгууллагаас гэрээний төслийг гаргаж өгч шууд гэрээ байгуулахыг шаарддаг ба гэрээнд орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээх хариуцлагыг тусгаагүй байдаг. Жишээбэл тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд захиалагчид буюу орон сууц захиалсан иргэдэд алданги төлөх зохицуулалтыг хасах. Харин эсрэгээрээ орон сууц захиалагч иргэн хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол алданги тооцон, гэрээ цуцлана гэх мэт
- Төлбөрийг 1-2 сараар хугацаа хожимдуулсан нь гэрээг шууд цуцлах үндэслэл болох талаар тусгах
- Захиалсан орон сууцыг бусдад давхардуулан худалдсан тохиолдолд тухайн үйлдлийг залилан мэхлэх үйлдэлд хамруулж ойлгох талаар тусгахаас гадна гэрээ байгуулах үед бусдад давхар худалдагдаагүй талаар тусгах
-Иргэдийн хувьд тэдэн оны тэдэн сард орон сууц ашиглалтад орон гэсэн тооцоолол хийж гэрээ байгуулдаг боловч хугацаандаа ашиглалтад ороогүй шалтгааны улмаас олон жил байр түрээсэлж тооцоолоогүй зардал гаргаж хохирдог. Энэ тохиолдлыг хэрхэх талаар гэрээнд тусгах.
- Давхардуулан худалдсан эсхүл хугацаандаа ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээх хариуцлагын талаар тусгах
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж:
1. Мэргэжлийн хуульчаас урьдчилан зөвлөгөө авах
2. Гэрээний төсөлтэй танилцаж өөрийн талаас оруулах зүйлсийг гэрээнд тусгуулах.
3. Урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх. Орон сууц худалдаж авч байгаа төлбөр нь дуусаагүй, хувь лизингээр авч байгаа иргэд улсын бүртгэлийн байгууллагад тухайн орон сууцыг худалдаж авч байгаа талаар бүртгүүлж буй ойлголт юм. Энэ тохиолдолд бусдад давхардуулан худалдах, түрээслэх, барьцаалах гэх мэт аливаа бүх эрсдэл хаагддаг.
Боловсруулсан: Өмгөөллийн Polaris law firm ХХК-ийг үүсгэн байгуулагч, МӨХ-ны гишүүн хуульч, Өмгөөлөгч Б.Түвшинтөгс
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.