Канад: Ачааны машины жолооч нар хил дээрх тээврийн хөдөлгөөнийг гацаажээ

Twitter Print
2022 оны 02-р сар 09-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын эсрэг вакцины гэрчилгээг эсэргүүцэж буй Канадын том оврын ачааны машины жолооч нарын эсэргүүцлийн хөдөлгөөн Хойд Америк тивийн хамгийн ачаалалтай ажилладаг хилийн нэвтрэн өнгөрүүлэх хөдөлгөөнийг гацаажээ.

Том оврын ачааны машинууд АНУ-ын Детройт хотыг Канадын Уинсор хоттой холбох Амбассадор гүүрний хөдөлгөөнийг аль аль талаас нь гацаажээ.

Амбассадор гүүрээр өдөртөө 8000 орчим том оврын ачааны машин дамжин өнгөрдөг ба энэ нь хоёр улсын худалдааны нийт эргэлтийн 27 хувийг бүрдүүлдэг аж.

Түүнээс гадна ачааны машины жолооч нар эсэргүүцлийн хөдөлгөөнөө Альберта мужийн Кутс дахь хилийн боомтод ч мөн зохион байгуулахаар төлөвлөжээ.

Канадын нийслэл Оттава хотод том оврын ачааны машины жолооч нарын "Эрх чөлөөний цуваа" эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байгаа ба зохион байгуулагч нар нь эрх баригчидтай уулзаж, үүсээд буй нөхцөл байдлыг тайван замаар шийдэхийг хүсч буйгаа илэрхийлсэн байна.

Ерөнхий сайд Жастин Трюдогийн зүгээс зохион байгуулагчдаас эсэргүүцлийн хөдөлгөөнөө зогсоохыг шаардаж байгаа ба тэрээр, "Зарим нэг хүмүүс манай улсын эдийн засаг, ардчилал болон иргэдийн өдөр тутмын хэвийн амьдралыг боогдуулахыг оролдож байна. Үүнийгээ одоо зогсоо." хэмээн мэдэгджээ.

Канадад том оврын ачааны машинуудын жолооч нарын 15 орчим хувь нь л коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй аж. Тус улсын иргэдийн дийлэнх нь коронавирусын эсрэг вакцинжуулах ажлыг дэмжиж байгаа юм.

Нөгөө талаас "Эрх чөлөөний цуваа" эсэргүүцлийн хөдөлгөөнд Канадын засгийн газрыг эсэргүүцэгчид, шүүмжлэгчид болон бусад бүлэг хүмүүс нэгдээд байна.

Олон нийтийн аюулгүй байдлыг хариуцсан сайд Марко Мендисино олон тооны ачааны машинууд Оттава хотод орж ирж, хэдэн өдрийн турш тасралтгүй дуут дохиогоо хангинуулсантай холбоотойгоор хотын оршин суугчдын амгалан тайван байдал алдагдсан гэжээ. Тэрээр, "Бүгд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч том оврын ачааны машинуудын жолооч нарын үйлдэл хэрээс хэтэрч, бусад иргэдийн эрхийг зөрчиж байна." хэмээн онцолжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

Холбоотой мэдээлэл:

Эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоотойгоор Канадын нийслэлд онц байдлын дэглэм тогтоолоо - http://mongolcom.mn/read/11550

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.