Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнэ

Twitter Print
2017 оны 12-р сар 29-нд 12:04 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай уулзаж суухад Монголчууд бид хэн бэ? гэдэг тухай ярьж өгсөн. Их мөрний эрэгт ирээд шанаганыхаа хэрээр хутгаж аваад хувиндаа хийдэг гэдэг шиг Монголд Ардчилал ялж, улсын төрийн эгзэгтэй үед төрийн жолоо атгаж байсан их хүмүүнтэй уулзахдаа би өөрийнхөө чадлын хэмжээгээр тэмдэглэж авснаа залуучуудад нэгийг бодогдуулах байх гэсэн үүднээс та бүхэнд хүргэж байна.

Английн нэрт эрдэмтэн Арнолд Томби гэдэг хүн “Түүхийн ухаарал” гэдэг номондоо Монголын соёл иргэншил бол эрлийз соёл биш, өөрөөр хэлбэл түүхийн хурдац болсон соёл гэж бичсэн байдаг. Иймд Монголчууд гэж хэн бэ, бид угсаатны хувьд цаашдаа улс үндэстэн оршин тогтнох уу, мөхөх үү гэдэг асуудал зайлшгүй гарч ирж байна. Хэн ч үүнийг дураараа тийм гэж хэлж чадахгүй, дураараа хариулах юм бол зүгээр л хөөрөл болно. Хэн ч үүнийг үгүй гэж  хэлж чадахгүй, тэр бол үгүйсгэл болно. Угсаатан бүхэн өөрийн төрөх, мөхөх жамтай. Монголчууд ч адилхан энэ замаар явна.

Монголчууд бол их эртний угсаатан, Өвөрмонголын нэрт эрдэмтэн Чандмань гэдэг хүн Монголын түүхийг судлаад 8000 жилийн настай угсаатан гэж хэлээд, Монголчуудын одоо байгаа хийд, маллаж байгаа малын генийн хувиралт, дэлхий дээр үлдээсэн ул мөрийн хувьд энэ бол үнэний хувьтай. Нарны тооллоос өмнө 1519 онд Ойрхи Дорнодод Вавилоны улс гэж том гүрэн байсан. Гэтэл 1519 онд баахан морьтон бууж ирээд хаант төрийг эзэлсэн гэж түүхэнд үлджээ. Долоон үе хаан суугаад, дараа нь нүүгээд явчихсан тэр морьтонгууд Монголчууд гэж хэлж болох бүрэн үндэслэлтэй. Түүхчид бол хаанаас ирсэн, хэн байсныг мэдэхгүй. Хаадын нэрийг үзэхээр Улам, Бүрэн, Бүргэд гэсэн дандаа Монгол нэртэй байсан. Тэгэхээр Монголчууд их эртний угсаатан, угсаатан өөрөө төрөхдөө тэр орон нутгийг нь дайрсан асар их хүчлэг нөлөөлдөг, тэрийг Комолев “Расинарын түлхэлт” гэж нэрлэсэн. Тэр сансарын эрчмийг түшиж угсаатан төрж гардаг, өндийж босдог. Сүүлд нь тэр эрчмээ алдахдаа угсаатан мөхдөг.

Арнолд Томби, Лев Комолев хоёрын Монголын талаар хэлсэн үг бол хоосон үг биш, Монголчууд 20-р зууны эхэн дээр одоогоос яг зуун жилийн өмнө 1911 онд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэлд боссон. Тэр үед яг сөнөж байгаа улсын бүх шинжийг өөртөө агуулж байсан. Хятад, Манжид төрөө алдсан, өөрийнхөө ахуй амьдралын хувьд түгжидмэл, нийгмийн байгуулалтаараа, соёл шинжлэх ухааны салбарт, эрүүл мэндийн хувьд хоцрогдсон энэ бүх мөхөж байгаа улсын шинжийг агуулсан байсан. Хүн төрөх үхэх ёс байдаг. Гэхдээ угсаатан үүнтэй адил хэдийгээр төрөх, мөхөх жамтай ч гэсэн арай өөр. Энэийг Комолев өөрөө олж хэлсэн байдаг. Хэрэв аль нэг угсаатан мөхөх шатандаа өөрийн соёл иргэншлийг холын соёл иргэншилтэй эвцэлдүүлж хоёр соёл иргэншлийн давуутай байдлыг авч чадвал тэр угсаатан сэргэдэг.

Монголчууд 20-р зууны түүхийн нугачаанд янз бүрийн бэрхшээлийг давсан. 1990 он хүртэл Монгол орон хүн төрөлхтний түүхийн гажуудал болсон социализм байгуулах замаар 70 жил явсан. Энэ үнэн үү гэвэл үнэн. Гэхдээ мөхөж байсан угсаатан өдий болтолоо тогтож ирсэн нь социализмын замналын ач, үр дүн байсан уу, эсвэл одоо жинхэнэ мөхлынхөө зам руу орж байна уу гэвэл аль нь ч биш.

Монголчууд 1911 онд Манжийн хаант улс мөхөөд, оронд нь Хятадын төр тогтох яг тэр мөчид өөрийнхөө тусгаар тогтнолоо зарлаж Манж, Хятад гүрнээс салсан. Тэр үед Хятадын ерөнхий сайд байсан Юан Шин Кай Богдод захидал бичихдээ “Та нар идэх уух юм, өмсөж зүүх юм олдохгүй, гуу жалгаар дүүрчихсэн хүнтэй, Хятадыг дагасан нь дээр” гэж бичиж байсан. Гэхдээ Монголын эх орончид бидэнд сэргэх хүч бий гэдэгтэй итгэж өөрсдийнхөө төр улсыг тунхаглаж өдгөө 100 жилийн ойг тэмдэглэж байна. Эрх чөлөөний хөдөлгөөн, хувьсгалын 100 жил. 12-р сарын 16-нд гэж зарлаад 29-нд тунхагласан. Тэгэхлээр 20-р зуунд бид нар юу болчихвоо. Ганцхан социализмын гэсэн тодотголтой ядуу буурай орон явж ирэв үү гэвэл түүхээ гажуудуулсан хэрэг болно. 20-р зууны босгон дээр өөрөөр хэлбэл 1900 оны эхэнд гэсэн үг. Мөхлийн шатанд орсон угсаатан Монгол орон 20-р зууныхаа төгсгөлд дэлхийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн ардчилсан орон болоод гараад ирсэн. Энэ зам шулуун байгаагүй. 20-р зууныг бид колоны орны байдлаар давсан.

Европын гүн ухаантан Г.Герц хэлсэн байдаг. Аливаа улс үндэстэн нийгмийн байгуулалтыг солиход, соёл иргэншилээ өөрчлөхөд хүний зовлон туульдаа хүрдэг. Монголчууд 1911 онд тусгаар тогтнолынхоо тугийг өргөж босоод, хагас боловч автономит эрхтэй улс гэдгээ өөрсдөө нотолж чадсан. 1919 онд Сью Шю Жанд автономит улсаа алдсан ч гэсэн 1921 онд хувьсгал хийгээд дахиад нийгмийн байгуулалтаа өөрчилж феодалын байгуулалтанд орж тэр социализмд гээч юманд зүтгэж эхэлсэн. Азийн нүүдэлчин, өөрөө хэлбэл уламжлалт соёл иргэншилт орон Оросоор дамжуулж Европын соёл иргэншилд нэвтэрсэн. Бид нар халхын голын дайнд 2800 цэргийн амь насаа өргөсөн бол 30, 40-өөд оны харгислалд 35000 нийгмийн сор болсон эрдэмтэд, сэхээтэн, лам хуврагауудынхаа амийг хороосон. Энэ бол цэвэр өөрсдийнхөө гараар өөрсдийгөө хороосон. Гэхдээ энэ бол хоёр соёл иргэншлийн мөргөлдөх үед гардаг гамшиг. Европын соёл иргэншлийн төрөлд орж ирэхдээ Оросоор дамжаад Монголын уламжлалт соёл иргэншил, соёлын үнэт өвийг устгах тэр л жамаар орж ирсэн. Хэдийгээр Монголчууд хүний амь, соёл түүхийнхээ өвийг бусниулсан ч тэр Европын соёл иргэншлийг сурч, ололттой талыг хүлээж авч орчин үеийн Монгол хүний сэтгэл, соёлын өвийг бүтээж чадсан.

Монголчууд хоёр удаа төрийн хувьсгал хийхдээ зовлонгийн туйлд хүрч байсан бол соёл иргэншлийн мөргөлдөөнд тэрнээс илүү зовлон амссан. 1990 он хүрээд Монголчууд социалист байгуулалыг халсан. Гэхдээ энэ үйл явдалд итгэх хүн бараг байгаагүй. Зөвлөлтийнхөн биднээс хараат орон хэвээрээ байна гэдэгт итгэж байсан. Монголд зөвлөлтийн 100000 цэрэг байсан. Тэд нар хэрвээ зөвлөлтийн эрх ашгийг хамгаална гээд нэг өдөр хөдлөх юм бол Монголыг ямар ч түвшинд урвуулж чадах байсан.

1990 оны хавар Монголын талаас АНУ-д анх удаа засгийн газрын айчлал хийхэд Америкийн жанжин штабуудын нэгдсэн хорооны Монголын талаар гаргасан дүгнэлтийг надад үзүүлж байсан. Тэр дүгнэлтэд бичихдээ “Монгол бол Америкт стратегийн хувьд ямар ч сонирхолгүй, наадуул чинь социализмын өнгийг зассан болоод зөвлөлтийн хараат орон хэвээрээ цаашдаа салгалаад явах болно” гэж бичсэн байсан. Тэгэхэд бид америкийн талд буруу ойлгож байна. Монгол орон үеэ өнгөрөөсөн нийгмийн байгуулалтын музей болж хувирахгүй. Бид өөрийн замаар явна гэж хэлсэн. Монголчууд 90 онд зөвхөн социализмыг халаад ардчиллын зам руу орсон юм биш, Монголын хувь заяаг Москвад шийддэг байсан тэр хараат дагуул орны хувь тавилангаас салаад тусгаар тогтнол бүрэн эрхээ гартаа оруулж авсан.

1990 онд Монголчуудын хувьд асар их хүнд сорилтын үе байсан. Нийгэм байгуулалтаа өөрчилж 100000 цэргийн өлмий дороос босч гарсан. Тэр үед олон улсын байдал өөрчлөгдөж Зөвлөлт аргагүйн эрхэнд Монголоос цэргээ гаргасан. Гэхдээ 1992 он хүртэл сүүлчийн цэргүүд нь байсан. Монголчууд гадаад худалдааны 95 хувийг социалист орнуудтай, үүнээс 85 хувийг нь Зөвлөлттэй хийдэг байсан. Экспортоос 130 хувийг давсан зээл тусламж авч, социализмыг магтан дуулдаг, бүтээн байгуулалт гэж нэрлээд оронд нь өр зээлэнд ордог тийм улс байжээ. Харин Монгол орон зөвлөлтийн хараат байдлаас гарах тэр бодлогоо тунхагласанаас хойш Зөвлөлийнхөн Монголын эсрэг хориг арга хэмжээ авсан. 1990 оны 12-р сарын 26-ны өдөр Зөвлөлтийн Коммунист намын төв хорооны улс төрийн товчоо хуралдаад Монголын талаар маш нууц 79/13 гэдэг тогтоол гаргаж  Монголыг шахан боох довтолгоо явуулсан. Нэг л өдөр шатахуунаа нийлүүлэхээ больсон. Бараа таваараа нийлүүлэхээ больсон, Монголын мал, малын махыг нь авахаа больсон. Гэхдээ Монголчууд үүнийг давж туулсан. Тэр үед манайхан хүнсний бараагаа картаар хуваагаад дэлгүүрт нь бор давс, цуу хоёр л байсан.

Тэр үед би Ерөнхий сайдаар ажиллаж хөдөө явж байхдаа нэг малчин өвгөнтэй уулзахад “За хүүхдүүд минь та нар хийх гэсэн юмаа хий, бид яаж ийгээд тэвчинэ. Монгол хүн малтайгаа байхдаа турж үхнэ гэж хэзээ ч байхгүй” гэж хэлсэн. Ингээд бид ардчилсан нийгэмтэй золгосон. Монгол хүн өмчтэй боллоо, үзэл бодлоо хэлэхэд чөлөөтэй боллоо, Монгол хүн шашин шүтлэгтэй боллоо.

Одоо Монголчууд барууны соёл иргэншлийг оросоор дамуулалгүй жинхэнэ баруунаас нь авч байна. Манай олон мянган иргэд барууны оронд амьдарч байна. Залуучууд нь сурч байна. Мэргэжилтнүүд ажиллаж байна. Гадны олон мянган хүн Монголд ирж байна. Монголчууд барууны соёлтой өөрсдийн соёлоо эвцэлдүүлэх хамгийн идэвхитэй үе дээр явж байна. Энэ бол Монгол угсаатны хувьд сэргэн мандах, нөхөн төлжих тэр боломжийн гол үндэс суурь юм. Гэхдээ энэ бол ухамсаргүй үйл ажиллагааны үр дүн биш, төрийн бодлого нь ч үүнийг хардаг байх хэрэгтэй, ард иргэд нь ч үүнийг мэддэг байх хэрэгтэй.

Угсаатны бүрэн сүйрлын шинж тэмдэг хэзээ илэрдэг юм бэ гэхэд аливаа угсаатан өөрийн хэл соёлоо танихаа больж, бусдын хэл соёлыг шүтсэн цагт тэр угсаатан мөхдөг. Японд хэлний хууль байдаг. Гадаад үгээр байгууллагынхаа нэрийг бичиж болно. Гэхдээ эхлээд Япон үсгээрээ хаягаа бичээд, тэрнээсээ хоёр дахин жижгээр доод талд нь гадаадаар бичдэг хуультай. Одоо тэгэхэд Улаанбаатарт гоё гоё хаягтай газрууд зөндөө байна. Гэхдээ дандаа гадаад. Над нэг юм санаанд ордог. Хуучин социализмын үед 3-р хороололд “Хар шөл” гэдэг газар байсан. Монгол хүн хар шөл гэхэд махаар хийдэг шөл гэж шууд ойлгоно. Тэгээд сүүлд тэрүүгээр явж байхдаа харсан чинь “Black Sup” гээд биччихсэн байсан. Тэрийг Англичууд юу гэж ойлгох уу. Энэ юуг харуулж байна вэ гэхээр бодлогогүйгээр даган дуурайх үзлийг хэлж байна. Бид энэ үзлээсээ салах хэрэгтэй.

Бид нар ардчиллын замыг сонгосоноос хойш 20 гаруй жил өнгөрлөө. 1991 оноос эхэлж үнэийг чөлөөтэй болгож, төвлөрсөн төлөвлөгөөнөөс татгалзаж, хангамжийнхаа системийг задласан энэ 20 жилд юм их өөрчлөгдсөн. Өнөөдөр хаана ч явсан та Оросын монгол уу, Хятадын монгол уу гэж асуухгүй би Чингисийн Монгол гээд явахад дэлхий даяар мэддэг болсон. Бид дэлхийд магтагдаж байна. Учир юунд вэ гэхээр нэг бүтэн зууны туршид нийгмийн байгуулалтаа хоёр сольсон, соёл иргэншлээ сольсон, төрийн хувьсгал гурван удаа хийсэн улс Монголоос өөр дэлхий дээр нэг ч байхгүй.

Азид тивд ардчилал амьдрах чадвартай юм байна гэдгийг Монгол харуулсан.  Солонгос, Япон, Филлипин зэрэг улсууд хагас авторитор улс. Монгол шиг өнөөдөр Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийнхөө өмнө очоод та огцор гээд хэлдэг улс Азид ховор. Хэрвээ дээрхи улсуудад ард иргэд нь тэгж хэлбэл гишгэх газаргүй болно. Япончууд ингэж ярьдаг. Юмыг харааж болно, гэхдээ хоёр юмыг харааж болохгүй. Нэг нь эзэн хаанаа харааж болохгүй, нөгөө нь Хятадыг харааж болохгүй. Яагаад гэвэл энэ хоёроос Японы ард түмэн айдаг. Гэтэл өнөөдөр Монголд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Энэ бол бидний өнөөдрийн гол өөрчлөгдсөн зүйл.

Харин өнөөдөр олон тулгамдаж байгаа асуудлын нэг нь Монголын төр хэрхэн удаан оршин тогтнох вэ гэдэг нь залуучууд та бүхнээс хамаарна. XXI зуунд Хятадын төр хамгийн найдвартай, удаан оршин тогтноно гэж дэлхийн судлаачид үзэж байна. Хятад яагаад тэгж чадаж байна вэ гэвэл төр, соёл хоёроо хослуулан хөгжиж байгаад нууц нь оршино. Монгол улсын хөгжил цаашдаа ямар замаар хэрхэн хөгжих нь залуучууд та бүхнээс шалтгаалж байгааг сайтар ойлгох нь чухал юм.

М.Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.