
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг журамтай.
Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "THE HU” хамтлагт Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонг хүртээлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү шагналыг олгохын өмнө "Монголчууд аа, Суут богд дээдсийн мэндэлсэн энэ өдөр Их хааныхаа хүрээгүй газарт хүрч, Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, Монгол нэрийг дэлхийд дуурсгаж яваа “THE HU” хамтлагт энэхүү нэр хүндтэй шагналыг олгохоор шийдвэрлэлээ. Бид та нараар бахархаж байна. Монголчууд та бүхнээр омогшиж байна" хэмээсэн юм.
Шагналыг “THE HU” хамтлагийн продюссер, Гавьяат жүжигчин Б.Дашдондог гардаж авлаа.
“The Hu” хамтлаг “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг, 11 хүний бүхэлдэхүүнтэй.
МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,
Ц.Надмидтулга – Менежер,
Брэндон Фрайзен – Менежер,
Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,
Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй,
Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй,
Н.Тэмүүлэн – Товшуур,
Г.Одбаяр – Бөмбөр,
А.Жамбалдорж – Соло гитар,
Б.Батхүү – Басс гитар,
М.Өнөмөнх – Хэнгэрэг гэсэн бүрэлдэхүүнтэй юм байна.
Хамтлагийн үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог нь 2009 оноос эхлэн есөн жилийн турш хамтлаг, уран бүтээл, хөгжмийн урсгал чиглэлийн санааг бодож боловсруулан, судалсан байна. Тэрбээр “Хүннү рок” урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыг сайжруулах, дуугаа бичих, дуулах хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэмсгийг загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж иржээ.
“The Hu” хамтлаг 2016 онд байгуулагдаж, анхны уран бүтээлээ 2018 оны сүүлчээр нийтийн хүртээл болгосон юм. Анхны уран бүтээл болох “Юу вэ, юу вэ, юу” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ. Тус хамтлаг “Гэрэг” хэмээх анхны цомгоо энэ оны есдүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн ертөнцийн жагсаалтыг тэргүүлж байна.
“The Hu” хамтлаг нь үндэсний хөгжмөөр металл рок чиглэлийн уран бүтээл туурвидаг бөгөөд хамтлагийн имиж, хувцас, ая, хөгжим бүгд үндэсний агуулгатай. Зөвхөн Монголд байдаг хархираа, шуранхай, хөөмийг Европод төдийгүй дэлхийн үндэстнүүдэд сонирхуулахад маш том төлөөлөл нь “Хүннү рок” болж чадна хэмээн хөгжим судлаачид үзэж байна. Хамтлагийн нэрийн тухайд, Хүннү үгийн судалбар дотор эр, эм хүйс харгалзахгүйгээр оюун ухаант хүний эх үг нь “ХҮ” гэсэн байдаг аж. Мөн хүн, хүүхэн, хүүхэд, хүмүүн гэх үгсийн язгуур нь “ХҮ”. Үүнтэй уялдуулан хамтлагаа "The HU" хэмээн нэрийджээ. Нэрэн дээр хамтлагийн гишүүд маш их санал зөрөлдсөн ч эцэстээ ингэж тогтсон байна.
Энэхүү нэр хүндтэй одонг 2015 оноос эхэлж олгосон байдаг. Харин өнгөрсөн жил болон 2007, 2008 онд "Чингис хаан" одонг хэн нэгэнд олгоогүй байдаг.
"ЧИНГИС ХААН" ОДОН ХҮРТЭЖ БАЙСАН ЭРХМҮҮДИЙН НЭРС
-
2005 он: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
-
2006 он: Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
-
2009 он: Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
-
2010 он: Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
-
2011 он: Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
-
2012 он: Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл
-
2013 он: Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном
-
2014 он: Академич Хавтгайн Намсрай
-
2015 он: Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
-
2016 он: Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар
-
2017 он: Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр нар тус тус хүртэж байжээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
зочин
(202.131.236.58) 2019-11-18 12:22ёстой зөв
Хариулах