Хүрэлсүхийнхээн, шилгээ нэг сайн СЭГСРЭЭДЭХ

Twitter Print
2020 оны 07-р сар 02-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

МАН-ыхан та нар нарт одоо юу дутах вэ? Юу ч дутахгүй. Хүрэлсүхийнхээ хүрэл улаан нүүрийг ширлэн байж үнэлэхүй олонхи боллоо. Та нарт уул нь хүрээгүй бузар, хүртээгүй дон, хязгаарлаагүй тачаал гэж алга.

Малгайгаа төдий биш одоо хормой хотоо сугсартал нэг сайн сэгсрэх цаг болсон. Та нарт бузар булай, ад дон, болохгүй бүтэхгүй болгон халдсан, бүр хэтэрсэн. Тэгж ч танай намын дарга зарласан. Тэгж ч зарласан тулдаа, болохгүй бүтэхгүй бүхнийг арилгана гэсэн тулдаа та бүхэн энэ удаа аврагдаж, монгол түмнийхээ итгэлийг арай чүү нэг хүртлээ. Одоо цааш нь та нарт урдахи шигээ нэг өдрийг өнгөөрөх арга байхгүй.

Нойроо дийлдэггүй, нусаа чирсэн нэгдүгээр ангийн сурагч муу авч анги улирдаг байхад, УИХ-ын гишүүн болъё гэж уйлан дуугарч, урдуур хойгуур гүйж, уруул дэвсэн гуйж байж тодорсон нөхөд ямар их даврав? Баруун солгойгүй мөнгө иднэ, хуралдах гэж гурилдана, хурлын дарга санаатай нэг нөхөр ирцээ ч бүрдүүлж чадахгүй, зарлагчийн үүрэг гүйцэтгэн бухимдана. Ээ, чааваас, ийм ч юм байх гэж эртээ босч, үнээгээ сааж, өрмөө сагсааж, ажил бүхнээ амжуулсан малчин авгай халгалан бухимдана. Тэр эртэч өрхийн тэргүүний тухайд ярих ч юм байхгүй. Тийм нойрмог, ийм үхээнц, тэгсэн байж бирд шиг шуналтай УИХ арайхийж нэг юм хугацаагаа дуусгалаа.

Одоо та нар урд өмнөх муу муухай, монгол түмнийг жигшээсэн гашуун туршлагаас сургамж авсан хүмүүс үү, тэр бүхнийг бахархал болгон залгамжлахаар зэхсэн мөрөөдөгчид үү хэмээн монгол түмэн шинжиж сууна. Тэгэхдээ монгол хүний хэрсүү ухаанаар тангаргийн үгийг нь хүртэл ягштал шүүж байна билээ. Уруудахад буруудах гэгчээр тэр тангаргийн үгнээс нь нэг ч монгол хүн цохилох ганц үг олж сонссонгүй. Далан таван хүн улиг болтол уншаад байхад л тангараг уншлаа гэж бодсон нэг ч монгол хүн алга, цээжилж тогтоосон нэг ч саваагүй этгээд алга. Чихний хажуугаар дэмийрэл мэт донгосол болж өнгөрөх юм. Тийм үлбэгэр, ийм сулбагар, үгийн эрчимгүй, утгын зангилаагүй, болхи толхи, арчаагүй тангаргийн үгийг монгол түмэн өнөө хүртэл арай ч сонсож байсангүй. Тангараг гэдэг тонгорог шүү гэж захисан өвгөдийн үг бий. Ийм хэдэн үгийн хэлхээс болсон, галгүй дөлгүй, шиншиггүй сүлдгүй юмыг, би маргааш тангараг уншина шүү гэж биеэ ганц бэлдэж, давтаагүй унхиагүй аниагүй далан хэдэн нөхөд халтар хултар үсэглэн уншсан нэр зүүж, хамаг цаг үрсэнд орвол төрийн дуулал шиг олигтойхон нэг нь уншиж бусад нь давтмаар ч юм шиг. 

Иймэрхүү зүйл тангараг өргөж буй өнөөдрийн гишүүдийг хараад өөрийн эрхгүй төрж байна билээ. Сонгуулиас сонгуульд өрөвдөхөд өр өшиглөхийн үлгэр биеллээ олов. Нүүр өгч, гаргаж ирсэн ард иргэд нь улам бүр ядуурч, тартагтаа тултал хохирч, өсч төрсөн нутагтаа барлагийн төрхтэй болж байхад, царай алдан байж тодорсон нөгөө нөхөд хэдийнээ угсаа залгасан хаад, өв залгасан тэрбумтнууд болж хувирав. 

Харь нэгэн оронд би юу ч үгүй гээд, тусламж авч явсан нөхөр хэдхэн жил танай орны тэргүүн болоод л дэлхийн зартай баяны мөрөөдөөд ч хүрэхгүй хөрөнгөтэй болчих юм, ямар ид шидтэй орон бэ, танай Монгол чинь, хаан юм уу, танай тэр хүн чинь гэж гайхах дооглохын завсар гадаад нэг нөхөр асууж билээ. Хаад гэдэг бол ард түмэн дуртай байна уу, дургүй байна уу, угсаа залган гарч ирдэг эрхтэн дархтан. Ардчилсан манай орны хувьд, уул нь, Ерөнхийлөгч байна уу, УИХ-ын гишүүн байна уу, ард түмнээсээ гуйж гарч ирдэг тодорхой хугацаатай төр түмэнд үйлчлэх алба. Гэтэл тэр ард түмнээсээ гуйж гарч ирдэг нөхөд эргээд эрх дархын туйл, баяжих хөлжихийн үүд болно. Тэдэнд эдлэхгүй эрх, идэхгүй баялаг гэж үгүй. 

Манай дарга нар мөнгөжих тусам, Монгол орон балардаг жамтай. Тэгснээ тэд өнгөрснийг бүү ух гэнэ. сургамж өгөхийн тулд харин ч ухах шиг ухаж, шалгах шиг шалгаж, хариуцлага хүлээлгэх шиг хүлээлгэх ёстой. Манайхан дарга нар болохоороо эрхээ хасах биш, бүр овойж оцойтол нэмнэ. Эрх дархныг нь байдгаар нь эдэлчихээд, хамаг хөрөнгө мөнгийг нь хуу хураачихаад ичих ч үгүй энгийн олны юухнаас ч бол тууна. Ганц шөнө адуу манаагүй том дарга нар улсын тод манлай, манлай, алдарт уяач болж, хөлсөө урсгасан хөөрхий уяачдаас цол тэмдгийг нь булаана. Даргаас өөр ажил хийгээгүй байж, жир ардынхаа өмнүүр орж, том том одон, гавъяат цол өрсөлдөн хүртэцгээнэ. 

Төрийн хоймроос гэрийн хоймрын жаргал их гэдэг ч цадаж ханадаггүй манай дарга сэтэртэнгүүд айл гэрийн хоймрын жаргалыг ч хүртэл булаах гэнэ. Наад зах нь л аймаг сум, овоо тахилга, айл гэрийн хойморт нутгийнх нь удирдлага, гэрийнх нь тэргүүний суудлыг булаацалдан хойморт нь гараад овойчихно. Хуучны, нэн ховор, үнэтэй машин тэрэг үзмэр шиг гараашаараа дүүргэнэ. Аль сайн сууц хороололд бэлчээр харан нүүж яваа малчин шиг сэлгэнэ. Ан гөрөө, ужид зугаа цэнгэлээр ичгүүр сонжуургүй хөөцөлдөнө. Чөмгөө дундлах биш, харин ч хувиа бодож, улсаа шулж байгааг нь мэдсээр байхад амнаасаа байнга л энэ төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэж байна гэж ялархана. Ер нь ч ард түмэн чи чөмгөө дундартал зүтгэ гэж хэн нь ч, хэзээ ч хэлээгүй юм. Өөрсдөө л намайг ингэж сонгоод өгөөч, тэгж гаргаад өгөөч гэж гуйсан болохоос хэн ч тэднийг дарга бол гэж шахаагүй. Ерөөд оноос хойш хэнийг ч албаар шахаж дарга болгоогүй, өөрсдөө л уйлж дуулж байж дарга болж, эврээ ургахаар эхийгээ мөргөх ишигний үлгэрээр тэд орцгоосон.

Иймэрхүү зүйл тангараг өргөж буй гишүүдийг хараад өөрийн эрхгүй төрж байна билээ. Түрүү ургасан чихнээс сүүлд ургасан эвэр гэгчээр бага ч болсон, урд өмнөх болохгүй бүтэхгүй бүхнээсээ өнөөдрийн энэ гишүүд сургамж авч, засч залах тийшээгээ явах биз. Найдах минь тэр. Хүрэлсүхийнхээн, үнэлэхүй ялалт өөрийн чинь талд ирсэн МАН-ынхаан, нэг сайн шилгээгээдэх, бүр сайн сэгсрээдэх. Хүн шиг ухаантай биш, тэнэг мулгуугаараа хараалгадаг мал хүртэл шавар шавхайтай хутгалдахаараа, биеэ сэгсэрч шилгээдэг. Тэгж үс ноос, унгас арьсандаа барьцалдаж ширэлдсэн хог бүхнээ сэгсэрч хаядаг. Унаж явсан хүлэг морио тавиад явдлыгг нь нэг хараарай. Нэг сайн шилгээж, хэд сайн хөрвөөж аваад ижил сүрэг рүүгээ хангинатал янцгаан давхидаг. Тэгж сүрэгтээ тэнцэж нийлдэг. 

Тийм холч ухаан, эр зориг, эрчим хүч, дэлхийг хурааж явсан эртний түүхт аугаа их Монгол улс, монгол дээдсийн минь оргилж буцалсан халуун бүлээн цус та нараар минь бялхаж халгин буцлах болтугай, доргиж цохилон оволзох болтугай. Ер бусын үед ер бусын ухаан хэрэгтэй гэж өвгөд дээдэс минь уул нь захисан юм билээ.

Д.Чулуунбаатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (203.194.114.185) 2014-04-08 19:18
      • 0
      • 0

      Одоо бур ид ачаалалын уеэр ХОТЫН гол ЗАМААР согтуу жолооч явдаг болж дээ. ЦАГДААГИЙН ажил Улам л муудаад байна ТЭМУУЖИН ч Маш олон ИРГЭДИЙН амьдралаар тоглож байна даа.

      Хариулах

    • enkhbayar

      (124.158.72.130) 2014-04-08 19:06
      • 0
      • 0

      ene uil yvdaliig nudeere harsan aimar bsan minii mashinii ene mashin murguh shahsanda

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.218) 2014-04-08 17:38
      • 0
      • 0

      согтуугаар машин жолоодсон хүнд хорих ял өгдөг баймаар юм

      Хариулах

    • Зочин

      (202.21.124.1) 2014-04-08 14:18
      • 0
      • 0

      tsagdaagiin mashin evdeh in yamar hamaa bnaa. sogtuu jolooch nar boliosoi. erhiin has

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.5) 2014-04-08 13:53
      • 0
      • 0

      СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179

      Хариулах

    • Зочин

      (202.126.91.159) 2014-04-08 13:11
      • 0
      • 0

      ТҮҮГЭЭР ЯВСАН ГАЙГ ҮҮГЭЭР ДУУДНА ГЭДЭГ БОЛЖ ДЭЭ ХӨӨРХИЙ ГЭЖ

      Хариулах