Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч

Twitter Print
2023 оны 01-р сар 28-нд 16:26 цагт
Мэдээний зураг,

ӨМНӨТГӨЛ

Галсангийн Жамьян гэж нэртэй сэтгүүлч, зохиолч саяхан л биднийхээ дунд алхаж байсан сан. Гэтэл гэгээн ертөнцөд хувилаад даруй гурван хаврын урь наашилж байх. Аав шиг минь дотно санагддаг тэр хүнийг би бээр багшаа гэж гүнээ хүндэтгэж явдаг юм. Тийм учраас хааяа хачин ихээр үгүйлэгддэг дээ. “Улаанбаатар” сонинд сурвалжлагчаар ажиллаж байсан ерээд оны үед удирдлагад нь чамгүй хэдэн жилийг үдсэн билээ. Хэлтсийн дарга тэр бээр бидний хэдэн шаврай сурвалжлагчийг нэг удаа “Гарцгаа та нар, энэ умгар өрөөнд юугаа хийгээд шамбааралдаад байдаг юм бэ. Сурвалжлагч хүн сууж ажил хийдэггүй, явж хийдэг юм” гэхэд нь бид год үсрээд л гарч байсан сан.

Над мэтэд нь бичих жаахан дөр байгаа бол энэ хүний л ач буян буюу.

2014 онд байх аа, Г.Жамьян багш маань нэг өдөр над руу утас гүйлгэж “Маргааш чи манайд зав гаргаад хүрээд ирвэл сайн байна. Хоёулаа жаахан хууч хөөрье” гэхэд нь Төмөр зам дахь гэрт нь хүрч очсон юм. Тэгээд дайлж цайлж, бас шил гожин тавьж, багш бид хоёр зөндөө л хуучилсан. Надаас юм асууж л байсан. Намайг явахад “Барууны тэжээврүүд” зэрэг сүүлийн жилүүдэд бичсэн, хурцхан нийтлэлтэй номоо дурсгасан. Гэтэл хэд хоногийн дараа “Өдрийн сонин”-д томоохон хөрөг нийтлэл гараад ирдэг байна шүү. Би бээр хүний тухай л бичиж байсан болохоос өөрийн тухай, тэр тусмаа нэртэй сэтгүүлч багшийнхаа бичсэн хөргийг хараад хэсэгтээ л балмагдсан шүү.

2017 оны 12 дугаар сарын сүүлээр Хүүхдийн номын санд болсон “Монголын шилдэг нийтлэл-93” ботийн нээлтэд хүрэлцэн ирж, өөрийн бодлыг илэн далангүй хэлж л байсан. Тэр цагаас хойш бид уулзалдалгүй байсаар “Тэнгэрийн орон”-д нь явуулчихсан.

Тухайн үед нь Фээсбүүктээ багшаархан дурсамж бичсэн ч, хэзээ нэгэн цагт арай өөрөөр бичнэ гэж бодож явсан маань ийнхүү биелж, чадан ядан байж, 108 эрхиний тоогоор эмхэрдсэн найраглалаа, өдгөөгөөс яг 10 жилийн өмнө буюу 2013.01.26-ны эл өдөр МЗЭ-ийн шагнал хүртсэн өдрөө бодож, багшийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.

2023.01.26

Нэрт сэтгүүлч, зохиолч, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Г.Жамьян багшийнхаа гэгээн дурсгалд зориулав.

"ГАВЬЯА" НАЙРУУЛЛЫН ЭЗЭН

(Бэсрэг найраглал)
Дорнын говиос мэндэлсэн
Домог түүхтэй сэтгүүлч
Догшин ноён хутагтын
Адис жанлавыг оршоосон
Догмид зохиолчийн өвөг ах
Дорноговьчуудын хүндтэй хүн
“Гавьяа” найраглалаасаа болж
Гайтсан бас дэвжсэн
Давах л ёстой даваагаа
Давсан бас чадсан
Эрийн хуйх, гэрийн эзэн
Гарцаагүй үнэний дуу хоолой
Галсангийн Жамьян багш таныгаа
Тэнгэрийн хүн болсон гэхэд
Нэг л итгэхгүй юм даа!
Тэнхээлэг ард олон чинь
Үгүйлсээр л байна, таныг...
Төвийн сонин хэвлэлийн
Нэртэй сэтгүүлчийн амьдрал
Тэртээх нэгэн өдөр
Төрөл арилжсан юм шиг л
Гэнэт орвонгоороо эргэж
Дээд газрын шийдвэрээр
Дээлээ нөмрөхтөө тулж
Бүх албан тушаалаасаа
Бүр мөсөн мултарсан ч
Бас чиг бурхны авралаар
Аавын хаалгыг арай ч таталгүй
Авьяастай төрснийхөө буянаар
Модны үйлдвэрт шидэгдэж
Нормчны хөдөлмөрт суралцаж
Хүнд хүчир ажилд нухлагдсан ч
Угийн хэрсүү байдлаараа
Сүр сүлдээ гээгээгүй юм
Хүн чанараа орхиогүй юм
Үүрийн цагаан гэгээнээс
Үдшийн бүрий хүртэл
Өлмөн зэлмэн өдрийг үдэж
Норм төлөвлөгөөт ажлыг
Товлосон цагт нь биелүүлэхийн төлөө
Нойр хоолоо умартан зүтгэж
Дарга даамал нараасаа
Дандаа сайшаалын үг сонсдог ч
Ясыг нь цайтал ажиллуулж
Цусыг нь бургилтал
Хөдөлмөрлүүлэхээр шийдвэрлэсэн, шийтгэсэн
Яхир дарга нарын зуултаар
Яс арван жилийг орхиж
Нас хэвийсэн хойноо
Сайн цагтай учирснаар
Саар шийтгэл нь цагаадсан билээ
Мэргэжлийн ажилдаа эргэн ирж
Гоморхолын үг унагалгүй
Бичгийн ажилдаа шуударч
Гал авалцсан сурвалжлагуудаа
Ар араас нь бичиглэж
Олон оныг үдсэн ч
Одоо та минь биднээсээ алсарчээ
Гэхдээ, тэсэрсэн, дэлбэлсэн нийтлэл тань
Задарсан зударсан бүхэнд
Аянга буулгасан хэвээрээ л байна
Хойшид ч буулгасаар л байх болно
Тийм болохлоор л та минь
Ард түмнийхээ дунд
Амьд хэвээрээ буюу...
“Улаанбаатар” сонины умгархан өрөө
Улс амьтанд хаалга нь байнга нээлттэй
Хэлтсийн дарга Жамьян абугайтай
Хэрэг болгон уулзах хүмүүс шаваастай
Хэчнээн ч хүнд буян үйлдэв дээ
Төчнөөн ч хүний захидалд дарагдав даа!
Уулзсан болгоноо өөд нь татаж
Унхиагүй заримыг нь зад шүүмжилж
Шулуун шударга зангаараа
Халуун нударга буулгаж явсан даа!
Тэр л их ажлынхаа хажуугаар
Тэвэр тэврээр нь бүтээл туурвиж
“Цасангаа” өгүүллэгээрээ Та
Цагийн бус мөнхийн бүтээлээ үлдээ сээн!
Өглөө эртээ ажилдаа ирчхээд
Өөрөөсөө том шахуу гарчиг тавьчхаад л
Гадагш гараад явчихна
Өдөр нь хүрч ирээд
Өнөөхөө машиндаж өгнө дөө!
Чанартай, даацтай нийтлэлүүд нь
Тэгж л төрдөг байсныг
Шавилхан хэдэн сурвалжлагч
Лхагвадорж, Батсайхан, Сэлэнгэ бид андахгүй дээ!
Тийм ээ, хадаг дэлгэж шавь ороогүй ч
Чадар нийтлэлүүд нь, махар ухаан нь
Багш болсон юм, бидэнд...
“Чамайгаа нэг юманд хүрэхийг харах юм сан” гэж
Чин сэтгэлээсээ хэлдэг байсаан
Өчүүхэн намайг тийн тоосонд
Өр зүрхнээсээ талархсаар л байдаг юм даа!
“Өдрийн сонин”-д ч бичиж л байв
Өргөн олон чуулсан номын хуримд ч
Ширвэсэн үгээ хэлж л байв
Миний төлөөх энэ бүхнийг тань
Мэхийн хүндэтгэж явдаг шүү, багш минь!
Галсангийн Жамьян нэрээрээ ч
Сүрээрээ ч түмэндээ хүндлэгдсэн
Галтай сэтгүүлч, цогтой тэмцэгч таны
Бичсэн бүхэн тань гавьяа байсаан
Балбуулсан бүхэн тань үнэн байсаан
Одоо харин тань шиг бичдэг нь хэд билээ
Орон зай тань үгүйлэгдэж л байна даа, багш минь
Одот тэнгэрээсээ туурвисаар л байгаарай, Та минь...
 
Гомбын Баатарнум
“Улаанбаатар” сувилал, 2023.01.18
 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.