
Инфляцийн түвшин нь 100 хувьд хүрэх дөхөөд буй Аргентины иргэд өлсөж үхэхгүйн тулд хог ухаж, эд зүйлсээ идэж уух зүйлсээр сольж байна.
Коронавирусын цар тахал, ОХУ-ын Украинд явуулж буй дайны улмаас Аргентинд төдийгүй дэлхий дахинд инфляцийн түвшин 2022 он гарснаас хойш огцом өссөн билээ.
Ройтерс агентлаг Аргентины хогийн цэг дээр олон тооны эрчүүд, эмэгтэйчүүд хархнууд, золбин нохойнууд, шувуудтай зэрэгцэн хогон дундаас хуучин хувцас, идэж уух зүйлс түүж байгааг, үе үе хогийн цэг дээр хаягдсан хийн баллонууд дэлбэрч, гал гарч байсныг онцолжээ.
Зуун жилийн өмнө Аргентин нь дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэгд тооцогддог байсан ч сүүлийн жилүүдэд тус улс эдийн засгийн нэг хямралаас нөгөө хямралд шилжсэнээр инфляцийн түвшингээ барьж дийлэхгүйд хүрчээ.
Мөнгө олноор хэвлэж, дэлхий даяар бордоо болон хийн үнэ нэмэгдсэн нь Аргентины нөхцөл байдлыг хүндрүүлж, 9-р сард инфляцийн түвшин нь 6.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарах магадлалтай байна. Үүнтэй холбоотойгоор Аргентины төв банк бодлогын хүүгээ 75 хувь хүртэл өсгөжээ.
2022 оны эхний хагаст ядуурлын түвшин 36 гаруй хувьтай байсан бол хэт ядуурлын түвшин 8.8 хувиар нэмэгджээ. Улсын төсөв хязгаарлагдмал байгааг үл харгалзан иргэд халамж тэтгэжийг нэмэхийг шаардсаар байна.
2001 онд болсон эдийн засгийн хямралын үеэр Сандра Контрерасын байгуулсан Лужаг Бартер Клабын үйл ажиллагаа өнөөдөр дахин идэвхжээд байна.
Худалдан авах чадваргүй болсон иргэд хуучин хувцас, эд зүйлсээ нэг уут гурил эсвэл гоймонгоор солих болжээ.
Өглөө бүр иргэд тус бартер клубын гадаа онгойх цагаас нь хоёр цагийн өмнө ирж дараалалд зогсох болжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.