Хятадын Коммунист намын их хурлын өмнөх цуурхал гарах болсон үндэслэл юу байв

Twitter Print
2022 оны 09-р сар 26-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Ирэх сарын 16-нд БНХАУ-ын Коммунист намын их хурал болох гэж байна. Таван жилдээ нэг удаа зохион байгуулагддаг тус хурлын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Хятадын Коммунист нам болон Цэргийн зөвлөлийн тэргүүнээр дахин томилогдож, БНХАУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд 3 дахь удаагаа томилогдох төлөвтэй байгаа билээ.

Хятадын төрийн дээд албан тушаалтнуудын томилгоог зарладаг онц чухал ач холбогдолтой тус хурлын тов ойртох тусам олон төрлийн цуурхал, яриа тархаж эхлээд байна.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын шүүхээс Олон нийтийн аюулгүй байдлын орлогч сайд асан Сүн Лижүн, Хууль зүйн сайд асан Ху Жэньхуа, Шанхай, Чунчин, Шааньси мужийн цагдаагийн газрын дарга нарт авлигын хэргээр хорих ял оноосон ба эдгээр албан тушаалтнууд нь Ши Жиньпиний эсрэг бодлого явуулж байсан гэжээ.

Уг шүүх хурал нь төрийн том албан тушаалтнуудыг хамарсан, сүүлийн хэдэн жилд болоогүй томоохон шүүх хурал болсноороо онцлогтой бөгөөд уг шүүх хурал Коммунист намын их хурлын өмнөхөн болсон нь олон төрлийн цуурхал гарах үндэслэл болжээ.

Шүүх хурлын дараа БНХАУ-д цэргийн эргэлт явагдаж байгаа, мөн Ерөнхийлөгч Ши Жиньпин гэрийн хорионд орсон зэрэг цуурхал нийгмийн сүлжээгээр тархсан билээ.

Өнгөрсөн ням гарагт Хятадын төрийн өмчит мэдээллийн хэрэгслүүд Коммунист намын их хуралд оролцох төв хорооны 2300 орчим төлөөлөгчдийн нэрсийг танилцуулсан ба уг нэрсийн жагсаалтанд Ши Жиньпиний нэр байгаагүй нь гал дээр тос нэмжээ.

Хятадын Коммунист намын их хурал нь хаалттай болдог ба эрх мэдэл бүхий төрийн дээд албан тушаалд томилогдсон гишүүдийн нэрс нь их хурлын сүүлчийн өдөр л зарлагддаг өндөр нууцлалтай арга хэмжээ билээ.

Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд эрх баригчидтай холбоотой цуурхал, яриа гарах нь зүй ёсны хэрэг хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна.

Ерөнхийлөгч Ши Жиньпиний хувьд Узбекистанд болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хуралд оролцсоноос хойш олон нийтийн өмнө гараагүй бөгөөд зарим ажиглагчид түүнийг коронавирусын халдвартай холбоотойгоор тусгаарлалтанд байж болзошгүй гэж таамаглаж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.