Ургамлыг таньж, өвчнийг илаарьшуулж ирсэн өвгөд дээдсийн тухайд товчхон

Twitter Print
2021 оны 03-р сар 07-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Өвөг дээдсээ бодохоор үнэхээр бахдам. Нүүдэл суудал хийж, аян жин тээж, адуу малаа дагахаас өөрийг мэдэхгүй, өөр шидгүй, харанхуй бүдүүлэг гэгдэвч, оюун ухаанаараа тэд минь орчлон хорвоог наанатай цаанатай нь нэвт шувт тольдож явсан их мэргэд цэцэд юм билээ.

Морь, тэмээнээс өөр газар хороох унаагүй, нүдний ганц дуран ч үгүй тэр дээр үеийн, тэр эгэл жирийн түмэн яаж тэгж энэ уудам тэнэгэр нутаг усаа эргэж тойрч, нэг бүрчлэн зүсэлж, нэгд нэгэнгүй нэр ус өгч, яаж тэгж од эрхсийг олж харж, хэзээ, хаана байршихыг тооцож тогтоож, хэдэн зуун оддыг оноон тийн нэрлэж байв. Гишгэж байгаа хөрс шороо, чулуу болгоноо таньж, харж байгаа уулс ус, ой мод, цэцэг ургамал болгоныг төдийгүй, огт үзэж хараагүй элдэв юмст хүртэл мөн чанарт нь тааруулж тохируулан, яаж тэгж нэрлэж ирэв гээд бодохоор өвгөд дээдсээ бишрэх сэтгэл монгол хүн бүрт төрдөг нь зүйн хэрэг.

Бидний эцэг эх, ахмад үеийнхэн ч гэсэндээ, шинэ зүйлд ихэд тэмүүлдэг, тэр бүхэнд бие биенээ өдөөн дууддаг, татан оруулдаг тунчиг урам зоригтой, өөдрөг тэмүүлэнгүй хүмүүс байжээ. Тухайн тэр үед үлгэр жишээ болохуйц гадаад, дотоодын ямар хүн, юу хийж бүтээж байна вэ, тэр жишгээр ажиллаж, аж төрж явсан үлгэр жишээч хүмүүс. “Хувийн унаа тэрэг ч гэж байсан биш, хаа нэг явдаг, зай муутай автобусанд багтахгүй бол, хятад тэрэгчний морин тэргэнд суугаад ч юм уу, явганаар хотоос Богд уулын ар руу өвлийн дүн хүйтнээр ч хамаагүй, бөөн бөөнөөрөө ёстой л бэлчдэг байсан даа” хэмээн Бөхийн Бааст гуай нэгэнтээ хуучилж байж билээ.

Хагас сайн буюу Бямба гарагт үдээс хойш ажил тарахыг эс тооцвол, ердөөн ганцхан өдөрт амарч, амралтын ганц тэр өдрөө угаалга цэвэрлэгээ хийж, долоо хоногоо даах боов боорцог чанаж, оёдол үйл урлаж, ямар их зүйлийг амжуулж бүтээдэг байж вэ. Тэгээд ч тэр байх, бидний багад зүгээр суухаар, зүлгэж суу л гэдэгсэн. Тэр жишгийг дагаж эс чадах ч, огт зүгээр байхгүйг хичээж, Америкийн алдарт зохиолч Жон Стейнбекийн роман, туужийг холтлох зуурт өөрт хамаагүй, ер нь ч мэдэхгүй нэгэн зүйлийг хоёр хэлнээ оноох гэж оролдов. Тэр хүний бүтээлд элдэв ургамлын нэр их гардаг юм. Тэгээд ч өвгөд дээдсийнхээ нэрлэж, өвчин эмгэгийг анагаахдаа хэрэглэж ирсэн зарим мод, ургамлын нэрийг англиар оноох гэж оролдохдоо алдсан, бодит нэрнээс нь зөрсөн зүйл байж болох тул энэ чиглэлийн болон мэддэг хүмүүс засч туслах биз ээ.

Хэргийн гол нь, мэдлэг төгс монгол дээдэс, эх монгол хэлнийхээ үгийн санг ургамал ногоо, мод бутны энэхэн хэдэн жишээгээр өнгөц ч болохноо харуулах л гэсэн юм.

ЗАРИМ УРГАМАЛ, МОД, БУТНЫ НЭР

Сибирийн гүйлс –Siberian Apricot. Манай Монголд Онон голын орчмоор гүйлс ургадаг аж. Байгалийн шинжлэлийн алдарт эрдэмтэн И.В.Мичурин Монголын гүйлсийг өмнөд зүгийн хүйтэн дааддаггүй эмзэг гүйлстэй нийлүүлж, эрлийз гүйлс гарган авчээ. Түүнээ Монгол гүйлс хэмээн нэрлэсэн түүхтэй.

Хунчир -Mongolian Milkvetch. Ардын уламжлалт эм бүтээхэд суурь болдог тавин ургамлын нэг гэгддэг энэ ургамлын манайд ургадаг найман зүйл хунчирын судалгааг доктор Д.Дүнгэрдорж хийжээ. Монгол хунчир буюу Mongolian Milkvetch-аас гадна дагуурын хунчир, зээрэн шилбэ, шүдэн цагаан, алаг хунчир, ижил хунчир зэрэг олон зүйл хунчир байдаг аж.

Бадаан -Mongolian Tea. Олдоц бага, зөвхөн Хөвсгөлийн Улаан тайга, Хэнтийн уулсын дээд зах хязгаараар ургадаг олон наст ургамал аж.

Тэнэг өвс (лантанз) -Black Henbane (Stinking Nightshade). Хангай, Монгол-Дагуур, Говь-Алтай, Монгол-Алтай зэрэг мужийн голын эрэг, орон сууц, хашаа байрны ойролцоо ургадаг, манай монголчууд тэнэг өвс гэж нэрлэж ирсэн, өвсөн ургамал. Монгол маарамба нар хамуу, элдэв загатнуур, яр шарх зэргийг эмчлэхэд хэрэглэж байжээ.

Гувай хатан -Belladonna буюу Deadly Nightshade.

Бугын зуулт (Их зул) -Maral Root (Russian Leuzea). Тамир тэнхээ сайжруулах үйлчилгээтэй гэдэг аж.

Марал цэцэг (Нарсан өвс) –Tansy. Хөвсгөл, Хэнтий, Монол-Дагуур, Хангай, Ховд, Монгол-Алтай зэрэг манай орны ургамлын газар зүйн нутгуудаар ургадаг, олон наст өвслөг ургамал.

Долоогоно –Hawthorn. Хөвсгөл, Хэнтий, Монгол-Дагуур зэрэг газар ургадаг, манай маарамба нар монгол жүр-үр хэмээн нэрлэдэг, түвдийн жүр-үрийг орлуулдаг байжээ.

Анис (алирс) Cowberry (Lingonberry). Манай орны Хөвсгөл, Хангай, Хэнтийн ойгоор элбэг ургадаг, мөнх ногоон навчтай, жимс нь намар орой боловсордог ургамал аж.

Эмийн бамбай –Valerian. Хөвсгөл, Хэнтий, Хангай зэрэг газруудад ургадаг ургамал, эрдэмтэн Ц.Ламжав судалгааг нь нарийвчлан хийжээ.

Зуун үет (Шудаг) –Sweet Flag. Хөвсгөл, Булган, Хэнтийд ургадаг, өвслөг, олон наст ургамал. Монгол маарамба нар манай оронд хар, цагаан хоёр янзын Зуун үет бий хэмээн судар номонд бичиж үлдээсэн ажээ.

Зүрхэн цэцэг -Chinese Senega. Хангай, Хэнтий, Монгол-Дагуур, Говь-Алтай зэрэг нутгуудад ургадаг, олон наст, амьтны зүрх хэлбэртэй өвслөг ургамал. Монгол маарамба нар азарганатай адил нөлөөтэй хэмээгээд, навч, цэцэг, иш, үндсийг нь олон өвчинг ангаахад хэрэглэж байснаа бичиж үлдээжээ.

Мягмансанж (Монгол нэр нь, Уулын цай) –Cranesbill. Манай зарим нутагт цайны оронд ууж ирсэн энэхүү өвслөг ургамлыг монгол маарамба нар өөр олон төрлийн зүйлтэй найруулан, нүдний элдэв өвчнийг ангаахад хэрэглэж иржээ.

Сэгсгэр яргуйжин –Windflower. Шарх, гэмтэлд хэрэглэдэг аж.

Үмхий өвс –Wild Rue (Esfand, Harmel). Халуун дарах, хижиг ханиад эмчлэхэд хэрэглэдэг байжээ.

Удвал цэцэг (Зүстэн цэцэг) –Columbine. Жараас дал орчим зүйлийн энэ цэцэг олон төрлийн өвчнийг ангаахад хэрэглэгдэж иржээ.

Хахуун голын хор –Cowbane (Northern Water Hemlock). Эмэнд ордог маш хортой ургамал.

Голын шар –Elecampane (Horse-Heal, Elfdock).

Үхэр бөлжиргөнө –European Dewberry

Бэр цэцэг –Larkspur

Бөөрөлзгөнө –Guilder Rose

Цахилдаг –Iris (Rainbow)

Хөвөн оройт –Rosebay

Гэрийн хушаангар –Red Clover

Сөд өвс –Great burnet. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Ховд, Дундад-халх, Дорнод-Монгол зэрэг ургамал зүйн мужид ургадаг, олон наст өвслөг ургамал. Сөдийн үндсийг монголчууд эрт дээр үеэс гэдэс дотрын өвчин хэрэглэж иржээ.

Ороомог –Clematis

Халиар –Victory Onion, Alpine Leek зэргээр англиар нэрлэдэг халиар нь сонгинолог иштэй ургамал юм. Халиур манай орны хойд хэсгээр Хэнтий нурууны салбар, Хөвсгөл, Булган орчмын ой модон дотор ургадаг байна. Нутгийн хүмүүс цэцэглэхийн өмнө янзаган чих, цэцэглэж байгаа үед нь илжгэн чих хэмээн нэрлэдэг ажээ. Эрдэмтэн Жамсран нарийвчлан судалжээ.

Хурган засаа –Opium Poppy (Breadseed Poppy)

Хонин зажилгана –Цэцэгт энэхүү ургамал нь 150 зүйл байдаг тул тус тусад нь нарийвчлан нэрлэхэд амаргүй, англиар toadflax хэмээн ерөнхийлөн нэрлэдэг бололтой. Манай орны ургамал газар зүйн Хөвсгөл, Хэнтий, Хангай зэрэг бүст элбэг ургадаг байна. Монгол оточ нар эртнээс үе мөчний хаван, булчин эрээнтэх, хуян шар ус хөөрөх зэргийг эмчилж иржээ.

Арц –Cedar (Juniper)

Хонгорзул (Тайжийн жинс) –Globe Thistle

Алтан хундага –Pot Marigold

Багваахай цэцэг –Dandelion. Хөвсгөл, Хангай, Ховд, Монгол-Алтай, Монгол-Дагуур, Хянган зэрэг бүс нутгаар ургадаг, олон наст өвслөг ургамал. Мөн хогийн ургамал маягтайгаар хаа сайгүй ургадаг гэнэ.

Нүргүс –Grey Alder (Speckled Alder)

Ойма –Male Ferns (Wood Ferns, Buckler Ferns)

Гаймуу –Shepherd’s Purse. Хангайн төв хэсэг, Монгол-Алтай, Монгол-Дагуурын орчим болон хот суурин газрын орчим ургадаг, нэг наст ургамал.

Ганга –Wild Thyme (Breckland Thyme). Хөвсгөл, Хэнтий, Хангай, Ховд, Говь-Алтай, Их нууруудын хотгор, Дундад халх, Дорнод монголын тал, Монгол-Алтай зэрэг газруудад ургадаг, улаан ягаан, цагаан цэцэгтэй ургамал.

Инж буурал –Jacob’s Ladder. Хэнтий, Хөвсгөл, хангай, Монгол-Дагуур, Ховд, Монгол-Алтай зэрэг муж газраар ургадаг, олон наст өвслөг ургамал. Монгол маарамба нар үндсийг нь олон төрлийн өвчнийг ангаахад янз янзаар хэрэглэж иржээ.

Монгол азар (Улаан түлээ) –Calligonum Mongolicum Turcz. Англи нэр тогтоогүй бололтой, эмэгтэйчүүдийн өвчинд эртнээс хэрэглэж иржээ.

Хөхөөгийн дэрс –club Moss (Stag’s Horn, Clubmoss, Running Clubmoss, Ground Pine)

Таван салаа –Ribwort Plantain, Narrowleaf Plantain, Rifleaf, Lamb’s Tongue, Buckhorn гэх зэргээр англиар нэрлэдэг, энэхүү ургамал Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Дундад-Халх, Их нууруудын хотгор, Орог нуур орчим, Говь-Алтай зэрэг газар ургахаас гадна, хогийн ургамал маягтай ургадаг ажээ. Монгол эмч нар гэдэсний хижиг, хоолны шингэц муудах, туулгах, элэг харлаж, өвдөх зэрэгт хэрэлэж ирсэн баримт бий гэдэг.

Голын хиаг –Quack Grass, Couch Grass, Wheat Grass, Quitch Grass, Shelly Grass, Knotgrass, Devil’s Grass, Scotch Grass, Dog Grass гэх зэрэг англиар олон янзаар нэрлэдэг ажээ. Хэнтий, Хангай, Ховд, Монгол-Алтай, Дорнод-Монгол, Их нууруудын хотгор, Говь-Алтайд ургадаг, олон наст ургамал.

Гүүн хөх –Baikal Skullcap. Хэнтий, Дорнод-Монгол, Хянган орчмоор хээр, асга, уулын чулуурхаг хажуугаар ургадаг, монгол маарамба нар эртнээс олон төрлийн өвчинг ангаах зорилгоор хэрэглэж байжээ.

Гишүүнэ –Rheum Undulatum. Англи нэр нь тогтоогүй, манай монголчуудын хувьд гишүүний үндсийг маш эртнээс хэрэглэж иржээ. Тухайлбал, Улаан нохой жил (1226 онд) Чу мэргэн цэргийн ар талд дэлгэрсэн гэдэсний тахал өвчнийг энэ ургамлаар эмчилж байсан тухай “Юань улсын судар”-ын 146-р дэвтэрт тэмдэглэн үлдээжээ.

Далан түрүү –Stellera Chamaejasme. Англи нэр тогтоогүй, манай орны Хэнтий, Хангай, Дорнод-Монгол, Монгол-Дагуур болон Хянган орчмоор ургадаг, монгол маарамба нар эртнээс олон эмэнд найруулан хэрэглэж иржээ. Зарим газар түвэг залаа гэж нэрлэдэг энэ ургамлыг малчид малынхаа өт хорхойг арилгахад хэрэглэдэг байжээ.

Тэрэлж –Rhododendron (Azalea)

Тэс rowan – Mountain Ash

Хад (үхэр нүд) –Gooseberries

Чихэр өвс –Liquorice Root (Licorice). Монгол-Дагуур, Хөвсгөл орчим, Дунд-Халх, Дорнод-Монгол, Их нууруудын хотгор, Орог нуур, Дорноговь, Говь-Алтай, Алтайн цаадхи говь зэрэг газруудад ургадаг өвслөг ургамал. Монгол оточ нар голчлон уушги цээжний өвчнийг ангаахад хэрэглэж байжээ.

Хэрээний нүд –Sparrow Grass (Asparagus)

45. Шүүдэр цэцэг –Greater celandine. Манай орны Хэнтий, Монгол-Дагуур орчимд ой, хусны төгөл, шугуй, жалга, гууны адгаар ургадаг байна. Монгол оточ нар энэ ургамлыг халуун дарах, галд түлэгдсэн, нохойд хазуулсан, элдэв хавдар гэмтэлд хэрэглэж иржээ. Дандар маарамба, нохой хазсан шарханд онц сайн хэмээн үнэлж бичжээ.

Усан тарна –Water Pepper, Water Willow, Redshank, Smartpepper гэх зэргээр англиар олон янзаар нэрлэдэг, олон дүрс зүйл энэхүү нэг наст ургамал манай орны Ерөө гол, Онон гол, Урд Тамир зэрэг гол, нуур, тойрмын чийглэг эрэг нугаар ургадаг байна.

Тарваган шийр –Prairie Thermopsis. Манай орны хаана ч элбэг ургадаг, хонголцог, янгирцаг зэргээр газар газарт өөр өөрөөр нэрлэдэг олон наст өвслөг ургамал аж. Монгол орны нөхцөлд ургадаг тарваган шийрийг 1942 оноос эмнэлэгт хэрэглэх болжээ. Тарваган шийр хортой ургамал тул мал иддэггүй, харин хурга, ишиг гэнэдэж идээд хордох явдал гардаг хэмээн Ц.Хайдав гуай онцлон хэлж билээ. Бидний багад нэг их шар цэцэг дэлгэрч, олон ишиг хорогдож байсан нь тарваган шийр буюу манай нутагт нэрлэдгээр, хонголцог цэцэгт хордсон хэрэг бололтой.

Лангуу, Гуа, Хулуу –Pumpkin (Gourd Squash)

Төлөгч өвс -Yarrow

Зээргэнэ (Хар зээргэнэ) -Joint-Pine, Jointfir, Mormon-Tea, Brigham Tea гэх зэргээр англиар нэрлэдэг энэ ургамал нь бүдүүн иш, мөчиртэй бут ажээ. Хангайн өмнөд хэсэг, Монгол-Алтайн дорнод хэсэг, Дундад-Халх, Дорноговь, Алтайн цаадах говь зэрэг манай орны ургамлын газар зүйн мужуудад ургадаг. Монгол маарамба нар өдий төдий өвчнийг зээргэнээр эмчлэн эдгээж ирсэн түүхтэй гэнэ.

Шивил –Horsetail (Snake Grass, Puzzlegrass)

Туулайн тагнай –Meadowsweet. Хангай, Хөвсгөл, Хэнтий, Монгол-Дагуур орчим ургадаг, олон наст өвслөг ургамал. Галзуу чоно, нохойд хазуулсан, могойд хатгуулсан шархны хорыг авах чанартай хэмээн хэрэглэж байсан гэдэг.

Хар агширгана –Black False Hellebore. Хангай, Монгол-Дагуур, Хөвсгөл зэрэг манай орны ургамлын бүсүүдээр элбэг ургадаг, олон наст өвсөн ургамал. Хөдөө орон нутагт энэ ургамлыг балчиргана хэмээн нэрлэж буй нь таарахгүй хэмээн Ц.Хайдав доктор онцлон дурдсан нь бий.

Цагаан агширгана –White False Hellebore, European White Hellebore, White Veratrum гэх зэргээр англиар нэрлэдэг хортой, жил бүр цэцэглэдэггүй, нэгээс хоёр жил өнжиж цэцэглэдэг, олон наст өвслөг ургамал ажtt. Уг ургамлын үндсийг гол төлөв мал эмнэлэгт хэрэглэдэг, газар дээрх хэсэг нь маш хортой, идсэн мал хордож үхдэг байна.

Цэгрэм –Marsh Orchids, Spotted Orchids, Salt Orchis гэх зэргээр англиар нэрлэдэг, энэ олон наст өвслөг ургамал Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Ховд, Дорнод-Монгол, Их нууруудын хотгор, Орги нуур зэрэг манай орны ургамлын бүсүүдэд тархжээ. Монгол оточ нар Цэгрэмийн үндсийг нас уртасгах, хөгшрөлтийг удаашруулах, тамир тэнхээ засах зэрэгт хэрэглэж байжээ. Ер нь л залуусахын шинж орох, өнгө жавхаа нэмэх шидтэй ургамал гэгдсээр иржээ.

Монос (жимс нь, мойл) –Mayday Tree, Bird Cherry Tree, Hackberry, Hagberry гэх зэргээр англиар мод жимсийг нь нэлээд янзаар нэрлэдэг, манай Хэнтий, Монгол-Дагуур зэрэг ургамлын мужууд болон нэлээд тархмал ургадаг, модлог ургамал.

Хар нэрс –Bilberry, Wimberry, Whortleberry, European Blueberry, American Blueberry гэх зэргээр англиар нэрлэдэг, энэхүү үнэт жимсгэнэ нэн ховорт орох зөвхөн Хөвсгөл нуурын хойд, зүүн хойд уулуудаар ургадаг. Манай ургамлыг гоц сайн судалсан А.А.Юнатов Сэлэнгэ аймгийн Ерөө, Хэнтийн нурууны баруун салбар Хүдэр, Сүх голын эхээр арвин ургадгийг тогтоожээ.

Нохойн хушуу -Briar (Brier, Dog-Bramble, Dog’s Bramble) Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Ховд, Дорнод-Монгол, Их Нууруудын хотгор зэрэг ургамал газар зүйн мужуудад ургадаг бут болно. Монгол маарамба нар цэцэг жимсгэнийг нь хольж, олон төрлийн эм хийж байсан бол, хөгшид чийг бам, хий ханиалганд онц сайн хэмээн буцалгаж уудаг байсан гэдэг.

Хөх нэрс –Bog Bilberry, Bog Blueberry, Northern Bilberry, Western Blueberry гэх зэргээр англиар нэрлэдэг, энэ бутны жимс нь витаминт ургамал тул чийг бамын өвчинд өргөн хэрэглэдэг байна.

Сургар (Төвд нэр, монголоор хараахан нэрийг нь олсонгүй) –Wild Rosemary, Marsh Labrador Tea, Northern Labrador Tea, Swamp Tea, Bog Tea, Marsh Tea, Muskeg Tea гэх зэргээр олон зүйлт энэ ургамлыг англиар нэрлэж иржээ. Хөвсгөл, Хэнтий, Монгол-Дагуурт ургана. Ялангуяа Ноён ууланд их байдаг, мөнх ногоон навчит бут ажээ. Монгол маарамба нар эмд хэрэглэж байжээ. Гол нь арц хүжинд нь хольдог, гэр байшинд бясаа, жоом, нохой бөөс, цагаан эрвээхэй зэргийг устгахаар гадуур хэрэглэж иржээ.

Хээрийн шивэл –Field Horsetail, Common Horsetail хэмээн англиар нэрлэх энэ олон наст ургамал нь Хэнтий, Хөвсгөл, Монгол-Дагуур, Монгол-Алтай, Дундад-Халх, Дорнод-Монгол, Их нууруудын хотгор, Булган голын хөндий зэрэг манай орны ургамлын бүсүүдэд ургадаг байна. Монгол оточ нар эртнээс биеийн тэнхэл засах, хаван буулгах, малын элдэв шарх домнох зэрэгт хэрэглэж иржээ.

Хурган чих -Western Dock. Хэнтий, Хангай, Ховд, Монгол-Алтай, Их нууруудын хотгор зэрэг манай орны ургамлын бүсүүдэд ургадаг, олон наст ургамал. Латинаар жадны зэв, төвдөөр уулын өргөс гэх зэргээр ямар ч бол, манайх шиг сэртгэр, сортгор гэсэн адилхан л утгатай үгээр нэрлэдэг юм байна. Шүдний оонд хольж ашиглахад шүдэнд онцгой тустай гэж үздэг байжээ.

Цагаан туруу буюу Уул өвс –Edelweis, оросоор Эдельвейс.

Тэмээн сүүл –Swallow Wort

Гандгаар –Elderberry (Black Elder)

Шинэс буюу Хар мод -Siberian Larch. Хар мод нь Дорнод тал, Эрээн цаваас баруун тийш Угалз голын саваас авахуулаад, Хангайн нурууны хойд зах, өмнө зүгт Шаргын говийн зүүн өмнө орших Монгол Алтайн нурууны Халиун, баруун тийш Хархираа, Алтай нурууны энд тэнд тасархай, тасархай ургадаг гэнэ.

Жодоо -Siberian Fir. Сибирийн жодоо хэмээх энэхүү шилмүүст мод Хэнтийд Ерөө, Хүдэр, Шоргоолжин, Минж зэрэг голуудын саваар ургадаг, Хөвсгөлд ховорхон ургадаг, мөн А.А.Юнатовын тэмдэглэснээр Заан Тэрэлжийн сав газарт байх магадлалтай гэсэн нь бий.

Царс –Oak

Нарс –Pine 40 метр хүртэл өндөр ургадаг шимүүст энэхүү мод Хэнтийд голчлон тархжээ. Тэрчлэн Булган, Хөвсгөл, Сэлэнгэ болон Халхын голын нэг цутгалан Дэгээ голын саваар ургана.

Гачуур –Spruce

Улиас -Poplar

Монгол бургас –Mongolian Willow (Salix Mongolica) Оросоор, Ива монгольская. Холтос нь шарханд тустай гэгддэг байжээ.

Алтан харгана –Ямар ч харгана өнөөдөр Caragana гэсэн язгуур монгол нийтлэг нэртэй явдаг ажээ. Алтан харгана, үхэр харгана, нарийн харганы алины нь ч цэцгийг нь буцалгаж, тамир тэнхээ засах, бөөрний гэм арилгах зэрэгт хэрэглэж иржээ.

Яшил –Alder, Alder Bucktorn. Англиар ерөнхийд нь, Bucktorn гэнэ. Оросоор Жестер, Красное дерево гэдэг аж. Жимсгэнийг нь эртнээс гэдэс дотор эвгүйцэх, хоолонд муудах зэрэгт хэрэглэж иржээ.

Бүйлс –Almond Mиндаль

Тэс –Rowan (Mountain Ash)

Сухай –Tamarisk (Salt-Sedar)

Ургамлын латин нэрээр нь хөөж, онолдуулсан До.Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.