Төрийн цагдаагийн сүр хүч, сул гул харагдах боллоо

Twitter Print
2014 оны 04-р сар 09-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

Монголын цагдаа хэл амнаас салах биш, донжийсон сонин малгай тавьчихаж гэх хэл ам дахиад гарлаа. Тэр донжгор малгай, бие жавхайтал барьсан хар хувцсыг нь шүүмжилж сүүлийн өдрүүдэд нийслэлийнхэн жаал амны зугаа гаргав. Үнэхээр жаахан "донжгүй" донжгор малгай, "доожоогүй" хувцас болжээ. Хүн болгон л хэлж байна. "Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа" гэх хэлц үг байдаг. Гэтэл Монгол цагдаагийн “энэ удаагийн” өдөр тутмын шинэ дүрэмт хувцас сүр жавхлант жагсаалын эгнээнд ч гэсэн жаахан тиймэрхүү харагдах нь тодорхой боллоо. Цагдаа нар өөрсдөө ч, мөн иргэд ч “ажлын хувцас юм уу, хаашаа юм”,  “хөдөө малчид голцуу ийм малгай өмсдөг”, ”хувцас нь тусгайгийнханы өмсдөгтэй яг адилхан болсон”, “япон, солонгосоос ирсэн настай жуулчид нэг ийм малгайтай байдаг”, ”солонгос ажумаа малгай” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлж, гоочлоод байна.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дизайн загварын багш нар хувцасыг дэглэж “өөд нь татсан” гэсэн, өдөр тутмын хувцасных нь загвар, ялангуяа малгайных нь хэлбэр маяг үнэндээ учир дутагдалтай болсноос биш ёслолын хувцас нь үнэхээр үзэмж төгс төгөлдөр болсныг бас хэлэх хэрэгтэй байх. Хэрвээ салбарын сайд олны хэл амнаас санаа сэдэл авч цагдаагийн шинэ хувцасыг жаахан өөрчлөх хэрэг гарвал малгайны загварыг сайжруулахад болчих юм биш үү? Нийт зургаан тэрбум төгрөг төсвөөс зарлагадсан юм чинь яаж ийгээд аргалахгүй бол болохгүй. Аль өнгөрсөн онд хувцасны загварыг гарган хэлэлцэж, хөрөнгө мөнгийг нь сандарч байж ондоо багтаагаад баталчихсан хойно. Монголчууд ямар юмханаар юм хийж, аргалж сураагүй биш, бололгүй дээ. Монгол цэрэг, офицеруудын ёслолын кителийг ч мөн сэрчийсэн саарал даавуугаар хийгээд өмсгөж орхисон, одоо хэл ам татлахгүй болоод л байна.

Харин нэг анхаарал татсан асуудал бол цагдаагийн нэг албан хаагчын иж бүрдэл хувцас сая хоёр зуу гаран мянган төгрөг болж байгаад юм. Арай үнэтэй байж магадгүй шүү. Жирийн нэг дундаж амьдралтай хүний гайгүйхэн шиг үнэ хөлсөөр авсан, хавар намар, зун өвлийн загвар сайтай дэгжин, иж бүрэн шинэ хувцас арай наана тусах байх. Гэвч төгрөгийн ханш суларч, зах зээлийн үнэ өссөн гэж ам таглах биз.

За тэгвэл, цагдаа хувцасны янз маягийн тухай асуудал дэвшүүлэхэд дөрвөн улирлын ааш аягийг даах, “амьсгалдаг нано технологитой” гэх бүх төрлийн хувцаснууд бүгд хоолой боосон энгэр заамтай болсон байна. Амьсгаа давчидсан аагим халуунд хоолой битүү хүрэмтэй цагдаа яах юм бол? Амьсгалдаг нано технологийн ид шидийг одоохондоо үзээгүй байгаа шүү дээ. Зуны задгай энгэртэй цагаан, хөх өнгийн цамц өмсөх л байх, арай гадна хүрэм шигээ битүү өндөр захтай биш байлгүй. Гэхдээ сэрүүхэн цаг агаартай үед хүн болгон цамцныхаа захыг хоолойдоо тулган товчилдоггүй болохоор бас хэцүүхэн л төсөөлөгдөж байна. Харин ёслолын кителийн хувьд өнгө үзэмжтэй сайхан харагдаж байгаа нь АНУ, Их Британийн цэргийн хүндэт харуулын дүрэмт хувцасны загварыг дурайлгасан мэт.

Гэхдээ энэ зэрэгцээ Чилид Хунтын дэглэм тогтоосон Пиночетийн дүрэмт хувцастай тун адилхан болсон бололтой. Ер нь аль нэг дүрэмт хувцасны загвар дизайн гаргахдаа тив дэлхийн улс орнуудын хувцас хэрэглэлийн загварыг судлаж, хэрэгтэй хэрэггүйг нь ялгах нь зүй л дээ. Гэхдээ яг үлгэрчлэн хуулж болохгүй нь тодорхой авч манайхан өнгөрсөн жил “шахсан” сурагчийн дүрэмт хувцас дээр Япон, Солонгос сурагчдын хувцасны загварыг баарагдуухан хольж хуулсан нь ажиглагддаг.

Дэлхий дахины хувцасны загвар зохион бүтээгчид цэргийн дүрэмт хувцасны хувьд Германы Хюго Босс компанийн зохион бүтээсэн гуравдугаар Рейхийн дүрэмт хувцасны загваруудыг онцгой содон, төгс үлгэр загвартай гэж үнэлдэг.

Нацистын Германы SS, SА, SD, Вермахт, Абвер, Люфтваффе, Рейхсбаннер, Гитлер Югенд гэх зэрэг бүх төрөл ангилалын хувцасны загваруудыг урласан Хюго Босс компани цэргийн дүрэмт хувцасны хэв загварт тэсрэлт гаргаж орчин цагийн цэрэг хувцасны үндсэн эх үлгэр гаргасан нь хаанаас ч тодорхой харагддаг. Тухайлбал америк цэргийн одоогийн дуулга малгай, нацист германы цэргийн малгайнаас ялимгүй ялгарах загвартай, тухайн үеийн Герман цэргийн өнгөлөн далдлах хээрийн хувцасны загвараар одоо дэлхий дахин өнгө засах болсон гэх мэт. Тиймээс цэргийн дүрэмт хувцасны хувьд дэлхий дахин өнөө цагт онцын ялгарах зүйлгүй болсон. Бүгд л берет малгай, америк загварын хээрийн хувцас, үдээстэй гутал өмсдөг.

Харин улс орон бүр төр засгийн сүр хүчийг илтгэх цагдаагийн хувцас хэрэглэлд онцгой анхаардаг байтал Монгол цагдаагийн “энэ удаагийн” хувцас хийморь, сүлдийг нь жаахан дарж харагдуулах аж. Тусгай үүрэг гүйцэтгэдэг, баг өмссөн дуулгатай дайралтын багийнханд харин таарсан хувцас гэвэл онох байх. Гял цал болсон америк цагдааг мэдээж гүйцэх албагүй хэдий ч ерээд оны эхэн үед манай цагдаа нарын өмсөж байсан арга ядсан хувцаснаас арай л дээр юм. Харин ерээд оны төгсгөлөөр БНСУ-аас олж ирсэн фуражка малгай, никель тэмдэг, товч сэлт бүхий китель загвар сайтай сүр хүчтэй харагдуулдаг байсан шүү. Ямар ч байсан Украины цагдаа нарт тавьж өгсөн дүрэмт хувцаснаас хавьгүй илүү болсон гэж бодоод өнгөрөөж болохоор аж.

Л. Отгонбат

  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.