Архинд дуртай нууц албаныханд шинэ журам гаргалаа

Twitter Print
2014 оны 04-р сар 11-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын нууц албаны ажилтнууд архидан согтуурах дуртайгаасаа болж хурц шүүмлэл дагуулж ирсэн. Хориод дийлэхгүй байгаа тэдний энэ хоббиг одоо хязгаарлах шинэ дүрэм журам гаргаж халаа сэлгээ хийх болсон байна.  The Washington Post сонинд тэмдэглэснээр шинэ гарсан дүрэм журмын дагуу нууц ажилтнууд ажилдаа гарахаас 12 цагийн өмнө спиртийн төрлийн ундаа хэрэглэхгүй байх ёстой, үүний тулд тусгай шалгалт явуулж байх аж. Харин ерөнхийлөгчийг дагалдан явах ажилтнууд үүрэг гүйцэтгэхээсээ 24 цагийн өмнө архи, согтууруулах ундаанд уруул хүргэж болохгүй гэнэ. Өмнө нь ийм хориг алба ажил эхлэхээс нь 10 цагийн өмнө тавигддаг байжээ.

Нууц албаны ажилтнуудад өндөржүүлсэн сахилга журам тавих болсон үндсэн шалтгаан нь өнгөрсөн оны гуравдугаар сарын сүүлчээр ерөнхийлөгч Барак Обама Европын орнуудаар хийсэн айлчлалын үеэр тэд тасархай наргиж, дараа нь ажил үүргээ гүйцэтгэх тэнхэлгүй болсон явдалтай холбоотой аж. Барак Обама Нидерландад болсон цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад  оролцохоор очих үеэр хөл дээрээ тогтохгүй болтлоо согтсон аюулгүй байдлын гурван ажилтан зочид буудалдаа хүрэх гэж зомби маягтай амьтад явж байснаар барахгүй буудлын хаалгаар орж ирсэн хойноо нэг нь өрөөнийхөө хаалгыг ч онгойлгож чадалгүй коридорт унаад өгсөн байсныг маргааш өглөө нь олсон байна. Энэ үед ерөнхийлөгч Голландын нисэх буудалд газардаж байжээ.

Мөн үүнтэй ижил өөр нэгэн тохиолдол Флорида муж улсад мөн өнгөрсөн онө гуравдугаар сарын эхээр болсон байна. Нууц албаны гурван ажилтан зочид буудлынхаа ойролцоох газраас Dodge Caravan автомашин зээлдэн унаад тэр дороо шахуу явган хүний зам дайрч буцаж эргэхдээ чиргүүлтэй ачааны машин мөргөсөн байна. Цагдаагийнхан хэргийн газар ирэхэд автомашинаас тэр чигтээ архи үнэртэж байсанд гайхан нөгөө гурвын бичиг баримтыг шалгахад Барак Обамагийн хамгаалалтынхан байв.

Америкийн хэвлэлүүдээр шуугиан тарьсан эдгээр явдлуудын улмаас АНУ-ын нууц албаны захирал Жулия Пирсон хэд хэдэн албан тушаалтнуудад шийтгэл оногдуулж, тусгай ажиллагааны удирдагч Дэн Донахьюг тушаал буулган өөр албанд шилжүүлсэн аж. Нууц албаны ажилтнуудын дуулиан үүгээр зогсохгүй олон нийтэд мэдэгдээгүй олон баримт байдаг аж. Эдгээр олон явдлуудаас  2012 оны дөрөвдүгээр сард Колумбад болсон явдал хамгийн их шуугиан тарьсан. Тэр үед Барак Обама албан уулзалтад оролцож байх үеэр түүний 13 хамгаалагч АНУ-ын зэвсэгт хүчний таван нөхрийн хамт шоудахдаа 20 биеэ үнэлэгч авчирч тэдэнтэйгээ маргалдсанаар шившигээ дэлгэсэн. Энэ явдлын дараа найман ажилтан ажлаасаа халагдаж байсан билээ. 

Л.Отгонбат

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.