Хүний хөдөлмөр одонгоор биш орлогоор үнэлэгдсэн цагт бид коммунизмаасаа бүрэн ангижирна

Twitter Print
2021 оны 05-р сар 17-нд 10:48 цагт
Мэдээний зураг,

Олон хүн гавьяат гэдэг төрийн дээд шагнал, цол авч байгаа мэдээлэл хөвөрч байна. Бусдаас илүү зүтгэж, ажил мэргэжилдээ манлайлсны илэрхийлэл. Энэ дашрамд, төрийн одон медалийн тухай бодлоо хуваалцъя.

Капиталист нийгэмд сайн бизнесмен, сайн эмч, багш, инженер, шилдэг тамирчид ч саятан, тэрбумтан болж, хөдөлмөр зүтгэлийн шагнал болох орлого нь амьдралын баталгаа болдог.

Харин коммунист тогтолцоонд хүн яаж ч хөдөлмөрлөсөн бусдаас илүү орлого олох боломжгүй учраас төрийн үзэмжээр сайныг нь тодруулж, төрөөс урамшуулах төрөл бүрийн одон медаль зохиосон байдаг. Сайн эмчийн үйлчилгээний үнэ нэмэгдэж, орлого нь өсөхийн оронд гавьяат эмч л болно, сайн тамирчин дээд лигт дэвшиж цалин хөлс нь нэмэгдэхийн оронд гавьяат тамирчин л болно, сайн уран сайханч соёлын тэргүүн авна. Бүхий л ажил мэргэжлийн шилдгүүд тэргүүн, гавьяат, бүр лаг нь хөдөлмөрийн баатар болно.

Гавьяат, эсвэл хөдөлмөрийн баатрууд барууны капиталист нийгэмд тэгж хөдөлмөрлөсөн бол тэрбумтан биш гэхэд амьдралын баталгаа нь бүрэн хангагдсан байх учиртай. Гэтэл манайд гавьяа шагнал авлаа гээд хөдөлмөрийн үндсэн зорилго болох орлогод нөлөөлөөд байх юм байхгүй. Энгэртээ багтахгүй шахуу одон медалтай ахмадууд халамжийн мөнгө, хоолны талонд оочирлоостой. Нэгэн урлагийн ахмад мастер гавьяат болоод байраа зарж одонгоо угаасан гэдэг яриа сонсч байсан. Онигоо байх л даа, гэхдээ үнэний хувьтай.

Иргэдээ зөвхөн одон медалиар сэтгэлийг нь хуурч, өчүүхэн цалингаар үхтэл нь зүтгүүлчихээд өлөн зэлмүүн амьдруулдаг нийгэм Хойд Солонгост одоо ч байна. Харин гавьяат, СТА, ямар нэг гадас мадастай хүмүүсийн тоогоороо манай улс дэлхийд тэргүүлнэ. Бид сэтгэлгээний хувьд хойд Солонгосоос юугаараа ялгаатай юм бэ? Хүний хөдөлмөр одонгоор биш орлогоор үнэлэгдсэн цагт бид коммунизмаасаа бүрэн ангижирна.

Төмөрдашийн Баттулга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.