
Украины зэвсэгт хүчний явуулж буй сөрөг довтолгоо амжилттай явагдаж, украинчууд оросуудын хяналтанд орсон Харьков мужийн зарим нутаг дэвсгээрээ буцаан хяналтандаа авч чадсаны хариуд ОХУ-ын зэвсэгт хүчин Украины төв болон зүүн бүс нутгуудад байрлах дэд бүтцийн байгууламжуудад цохилт үзүүлжээ.
Харьков хотын дарга Игорь Тереховын мэдэгдсэнээр ОХУ-ын зэвсэгт хүчний цохилтоос болж Харьков хотын ихэнх хэсэгт цахилгаан эрчим хүч, ус тасарсан байна. Түүнчлэн Днипро, Полтава болон зүүн зүгийн хотуудад цахилгаан эрчим хүч тасарсан талаар мэдээлж байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цахилгаан эрчим хүч тасарсан асуудалд Оросын "алан хядагч нар" буруутай хэмээн оросууд иргэдийг тог, халаалтгүйгээр "зовоох" тактик баримталж байна хэмээн мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар Оросын цохилтонд Украины армийн байгууламжууд өртөөгүй гэнэ. Украины зэвсэгт хүчний командлагч Валерий Залужныйгийн мэдээлснээр Украины арми 9-р сар эхэлснээс хойш 3000 м. кв газар нутгаа эргүүлэн хяналтандаа авч чадсан бөгөөд Украины арми зүүн хойд хилийн зурваст ойртсон гэжээ. Украины цэргүүд Харьков хотоос 96 км зайд байрлах Купянск хотыг эргүүлэн авсан ба Изюм хотыг буцаан авахаар сөрөг довтолгоогоо үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Ням гарагийн шөнө Украины Батлан хамгаалахын яам Харьков хотоос хойд зүгт ОХУ-тай хиллэдэг хилийн зурвас дээр байрлах шалган нэвтрүүлэх цэгүүдийг буцаан хяналтандаа авсан гэж мэдэгджээ. Үүний хариуд ОХУ эряим хүчний станцыг бөмбөгдсөн ба Украины эрх баригчид Оросын тал уг алхмыг өвөл болохоос өмнө хийнэ гэдгийг урьдчилан таамаглаж байжээ. Ерөнхийлөгч В. Зеленский ирэх 3 сард Украины тусгаар тогтнол, Европын холбооны оршин тогтнох эсэх нь шийдэгдэнэ гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: Reuters
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.