Хэдхэн төгрөгийн торгууль оногдуулаад ч засрахгүй барилгын компаниуд

Twitter Print
2014 оны 04-р сар 14-нд 08:41 цагт
Мэдээний зураг,
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас иргэдийн худалдан авсан орон сууцны метр квадрат дутуу байгаа асуудлаар шалгалт хийж, цөөнгүй зөрчил илрүүлжээ. Барилгын компаниуд иргэдийг хууран мэхэлж нийт 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулснаас ШӨХТГ-аас шаардлага тавьж ажилласны үр дүнд тэрбум орчим төгрөгийг оршин суугчдад буцаан олгуулаад байгаа юм. Харин иргэдийг хамгийн ихээр хохироосон гэгдэх “Тайгам алтай” ХХК, “МD Top” ХХК зэрэг байгууллагууд хохирлоо барагдуулахын оронд шат шатны шүүхэд гомдол гарган, заргалдаж эхлээд байна.

"Тайгам алтай" ХХК-д удаа дараа хүргүүлсэн улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй учраас ШӨХТГ-аас тус компанийг 59 сая төгрөгөөр торгожээ. Энэхүү торгуулийг “Тайгам алтай” компанийнхан хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэн Захиргааны болон Иргэний шүүхэд хандсан билээ. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ““Тайгам алтай” компанид оногдуулсан торгуулийг хүчингүй болгох нь зөв” гэж үзсэн бол Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс “торгууль оногдуулах нь зөв” гэсэн зөрүүтэй шийдвэрийг гаргаад байгаа юм байна. Мэдээж талууд дээрхи шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөлгүй Улсын дээд шүүхэд гомдол гаргах хүртлээ заргалдах нь тодорхой.  Мөн бараг л бүх оршин суугчиддаа дутуу метр квадраттай байр худалдаалсан, орон сууц худалдан авсан мөнгийг татвараас зайлсхийхийн тулд захирлынхаа хувийн дансруу шилжүүлэн авч байсан “МD Top” компанийнхан ч шүүхэд ханджээ.

ШӨХТГ-аас тус компанийн удирдлагуудад иргэдийн хохирлыг барагдуулахыг шаардан, 10 сая төгрөгийн хохирол оногдуулсан. Энэхүү шийдвэрийг “MD Top”-ийнхон мөн л эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Харин орон сууцны төлбөрийн мөнгийг захирлынхаа хувийн дансанд авч, татвараас зайлхийсэн байж болзошгүй хэргийг Татварын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагад шалгаж байгаа ажээ.

Ер нь барилгын компаниудын хэл ам ойрын хэдэн жил тасрахгүй. Барилга нь баригдаж буй газар нь зөвшөөрөлгүй, барилгаа барьж байхдаа хүний дээрээс тулгуур төмөр унагана, барьсан барилгыг нь Улсын комисс хүлээж авахгүй хахууль өгч ашиглалтанд оруулна. Иргэд худалдаж аваад илүү м\кв-ын мөнгө төлнө. Энэ бүх хууль бус үйлдэлтэй ШӨХТГ ганцаараа тэмцээд үр дүнд хүрч чадахгүй болжээ.

Э.Гүнтөмөр

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.