Израиль-Палестины зэвсэгт мөргөлдөөн улам даамжирч байна

Twitter Print
2021 оны 05-р сар 17-нд 16:27 цагт
Мэдээний зураг,

Израилийн зэвсэгт хүчнээс Газын зурвас луу агаараас цохилт өгч, Палестины ХАМАС хөдөлгөөн Израилийн хотууд руу галласаар хоёр дахь долоо хоногтойгоо золголоо.

Улс орнууд Израиль болон Палестины эрх баригчдаас галаа даруй зогсоохыг шаардаж байгаа ч хоёр улсын зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна.

Газын зурвасаас Израилийн Беер Шеба, Ашкелон хотууд руу галласны хариуд Израилийн сөнөөгч онгоцнууд Газын зурваст агаараас цохилт үзүүлжээ.

Өнгөрсөн ням гарагт Израилийн агаарын цохилтын улмаас Газын зурваст байрлах хэд хэдэн орон сууц нурсан ба үүний улмаас 42 хүний амь эрсдсэний дотор 10 нь хүүхэд байсан талаар Палестины Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Израиль болон АНУ, Европын холбоо нь Палестины эрх баригч ХАМАС хөдөлгөөнийг алан хядах бүлэглэлд тооцдог ба ХАМАС хөдөлгөөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Израиль руу нийт 3100 пуужингаар галласан талаар Израилийн зэвсэгт хүчнээс мэдээлж байна.

ХАМАС хөдөлгөөний хөөргөсөн пуужингуудын ихэнхийг нь Израилийн пуужин устгах "Төмөр дээвэр" систем устгасан ба зарим пуужингууд нь Газын зурвасын хил дээр унасан байна.

ХАМАС хөдөлгөөний зүгээс Израилийн агаарын цохилтууд Палестины энгийн ард иргэд рүү чиглэж байгааг онцолжээ. Харин Израилийн зүгээс агаарын цохилтоороо энгийн иргэдийг хөнөөхийг зориогүй, ХАМАС хөдөлгөөний ашиглаж байсан газар доорх хонгилыг бөмбөгдсөний улмаас ойр орчмынх нь орон сууцнууд нурсан гэжээ.

Өнөөдрийн байдлаар Израиль-Палестины зэвсэгт мөргөлдөөний улмаас Израильд 10, Палестинд 209 хүний амь үрэгдээд байна.

Эх сурвалж: https://www.interfax.ru/world

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.