Та талархаж мэдэх үү?

Twitter Print
2022 оны 08-р сар 25-нд 16:37 цагт
Мэдээний зураг,

Хүмүүст эелдэг сайхнаар талархаж сур. Нүдэнд нь оч гялалзаж, нүүрэнд нь хайр гэрэлтэж, сэтгэл зүрхэнд нь баярын од гийхээр чин сэтгэлээсээ таларха. Илүүдсэн бүхэн хортой. Хор хүргэдэггүй, сайхан илүүдэл ганцхан байна. “Ертөнц дээр талархлын илүүдлээс илүү сайхан илүүдэл гэж байхгүй” гэнэ.

Үр хүүхэддээ бичиг үсгийн цагаан толгой заахаас өмнө талархлын цагаан толгой нүдлүүлж эхэл. Арав хүртэл тоолж сурахтай нь хамт ачийг санах ухаанд сурга. Чин сэтгэлээсээ талархаж сурсан хүүхэд цэвдэг хүйтэн дотортон хэзээ ч болохгүй. Ачийг санах ухаанд боловсорсон хүүхэд аав, ээжээ хэзээ ч гомдоохгүй. Талархал бол сэтгэлээр үйлдэх буяны, үгээр илэрхийлсэн тунгаамал мөн. Талархал өөрөө хүний соёлын хэмжүүр, боловсрол хүмүүжлийн ч хэмжүүр. Талархал илэрхийлж сураагүй хүн дээд зэргийн бүдүүлэг, арай зөөлрүүлж хэлбэл бүдүүн баргийн донгио этгээд. “Талархалгүй хүнээс илүү зэвүүн муухай юм гэж байдаг болов уу” гэж аугаа их В.Шекспир дуу алдан халагласан байдаг. Талархал илэрхийлж сураагүй бол боловсролтой гэж өөрийгөө бүү бод, хүмүүжилтэй гэж бүү сайрх. Талархлын үгсийг ёс төдий хэлэх хэрэггүй, чин сэтгэлээсээ хэл. Чин зүрхнээсээ хэлсэн талархлын ганц өгүүлбэр сэтгэлд наран, саран хамт ороод ирсэн адил гийгүүлж, магнайг тэнийлгэж, үрчлээг толийлгох мэт болгоно. Чин сэтгэлээсээ хэлээгүй талархлын үгсийг алтан гургалдай шиг аялгуулан уянгалуулан хэллээ ч алсын хаданд хашгирсан цуурай мэт сэтгэлд хоосон үлдэнэ.

Талархах чадвар нь эрч хүч, сэтгэлийн тэнхээг давхар илэрхийлнэ. “Талархалгүй байдал нь сул доройн шинж. Гарамгай хүмүүс хэзээ ч талархалгүй байдал гаргадаггүй”. Тэнгэрт тултал магтах, газарт шургатал муулах нь талархал хийгээд талархалгүйгээ илэрхийлэх ухаалаг шийдэл биш. Жин, тун нь таарсан талархал жинхэнэ талархал болдог. Цагаа олж таларха, үгээ онож хэл. Эв хавгүй талархлын үгс элэг доог ч болгож мэднэ. Талархлын үг сонсохыг хүсч байгаа тэр мөчид хэлсэн аятайхан ганц үг цаг нь өнгөрсөн хойно хэлсэн зуун үгнээс ч хүчтэй. Талархлыг дагаж сайшаал магтаал урсана. Хаана, хэнд, ямар магтаал, сайшаалын үг хэлэх вэ гэдэг нь чиний ухаан, мэдрэмжийн хэр хэмжээний асуудал.

Эх сурвалж: Залуу хатагтай, ноёдын сургууль 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.44.245) 2014-04-14 23:01
      • 0
      • 0

      Хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэдгийг санаж яв. Хэтэрхий дураараа авирлаад сайн юм болохгүй шүү

      Хариулах

    • Зочин

      (182.160.44.245) 2014-04-14 23:00
      • 0
      • 0

      Огцорсон нь дээрээ

      Хариулах