Гадны компанийн гар хөл бологч Гарьд Ц.Цэрэнпунцаг УИХ-д нэр дэвших ЗҮГЭЭР үү?

Twitter Print
2020 оны 05-р сар 29-нд 18:31 цагт
Мэдээний зураг,

Австралийн хөрөнгө оруулалттай “Аспайр майнинг” компани 10-аад жилийн өмнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум дахь Овоотын ордоос коксжсон нүүрс ухахаар зүтгэсэн ч нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсаар өнөөдрийг хүрсэн.

“Аспайр майнинг“ компанийн хувьцааны тодорхой хувийг Монголын талаас улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг. Тус компани 2019 онд Хятадын ”Sinosteel” групптэй Овоотын ордыг ухах 100 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Мөн олборлосон нүүрсээ зөөх ОВООТ-ЭРДЭНЭТ чиглэлийн 549 км төмөр замын барилгын ажлыг БНХАУ-ын “China Gezhouba Group“ санхүүжүүлжүүлэхээр яригдаж буй.

Тавантолгойн дараа орох Овоотын коксжсон нүүрсний ордод лиценз авсан гадны мөнгөтэй компаниуд гар хөлөө УИХ-д оруулахаар санаархсан нь МАН-аас Завхан аймагт нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг биш үү?

Хөвсгөлийнхөн яагаад “Аспайр майнинг”-ийг эсэргүүцдэг вэ?

Энд олборлолт явуулах нь Монгол улсын экосистемийн эсрэг хийж буй ГЭМТ ХЭРЭГ гэж Хөвсгөлчүүд үздэг. Учир нь олборлолтын улмаас Булнайн нуруу унаган төрхөө алдаж, Тэсийн гол устаж, Увс нуур ширгэх эрсдэлтэй. Уртаашаа 130 км үргэлжлэх Булнайн нуруу Монголын эко системд онцгой үүрэгтэй. Өврөөс нь Сэлэнгэ мөрний нэг гол цутгал эх Идэрийн гол, араас нь Увс нуурын эх Тэсийн гол эх авна. Тэсийн голыг үүсгэгч жижиг голуудын эх болсон намаг, мөнх цэвдэгтэй газарт “Аспайр майнинг” компани ашиглалтын лиценз авчээ.Мөнх цэвдэг бол хэн ч хэзээ ч бүтээн бий болгож чадахгүй байгалийн маш ховор тогтоц.

17,000 жилийн өмнөх мөстлөгийн үед үүссэн Сибирийн мөнх цэвдэгийн өмнөд цэгт Монгол улсын ой тайга оршиж буй. Тэр ой тайга нь Монголыг цөлжилт, хуурайшилт, усны хомсдлоос хамгаалж буй ШҮХЭР нь юм. Энэ мөнх цэвдгийг хатааж хайлуулах нь эко системийг бүхэлд нь устгана. Монгол улсад ховордсон амьтан ургамлын өлгий. Хэрвээ Тэсийн гол ширгэвэл түүнийг дагасан Хөвсгөл, Завхан, Увс аймгийн олон зуун малчид амжиргаанаасаа салж, уламжлалт мал аж ахуй эрхлэх боломжгүйд хүрнэ.

Эх оронч Тэсийн гол уствал Увс нуур тэжээлээ алдана.

Булнайн нуруунаас эх авч 560 км урсдаг Тэсийн гол нь Монголын хилээр гарч ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр урсч байгаад Монголдоо эргэж орж ирэн Увс нуурт цутгадаг. Иймээс Тэсийн голыг “эх оронч” гол гэж Монголчууд нэрлэжээ .Монголын хамгийн том нуур болох Увс нуурын усны нөөцийн 60 орчим хувийг бүрэлдүүлдэг гол тэжээл нь Тэсийн гол юм.

Уурхайн төмөр зам тавигдвал Хөвсгөл тэр чигтээ ухагдана

“Аспайр майнинг” компани нүүрсээ тээвэрлэхийн тулд Овоотын ордоос Эрдэнэт хүртэл 500 гаруй км төмөр зам барихаар төлөвлөсөн. Сүүлдээ авто зам барьж нүүрс тээвэрлэх тухай ч ярьж байна. Хэрвээ Овоот-Эрдэнэт чиглэлд уул уурхайн зам тавигдвал Хөвсгөл тэр чигтээ олборлолтод өртөж, онгон байгалиа устгуулах ГАРЦ нээгдэнэ. Учир нь Хөвсгөлийн Булнай, Эрчмийн нуруу тэр чигтээ нүүрсний нөөцтэй. Мөн Дэлгэрмөрний сав газарт Бүрэнхааны Фосфоритын орд, Молибдений орд.... гээд ашигт малтмалын асар их нөөц бий. Энэ баялгийг зөөх гол зам нь Эрдэнэт –Овоот байх болно. Баялгаа ухахаас илүүтэй Монгол улсын цэвэр ус, ойн гол нөөц Хөвсгөлийг ядаж онгон дагшин авч үлдэж чадвал Монголын эко системийн ДАРХЛАА нь тэр байх болно.

Гадныхантай нийлж, Хөвсгөлийг ухахыг санаархагч бөх Ц.Цэрэнпунцаг УИХ-д нэр дэвших ёс суртахууны эрхтэй юу?

Ц. Цэрэнпунцагийг УИХ-д нэр дэвшүүлснийг уул уурхайгүй Хөвсгөлийн төлөө тэмцэгчид эсэргүүцэж байна. Түүний УИХ-ын гишүүн болох зорилго нь гадныхантай нийлж, Овоотын ордоос нүүрс олборлож, Эрдэнэт рүү төмөр замаар зөөх хувийн зорилгодоо төрийн эрх мэдлийг ашиглах биш гэж үү?Хөвсгөл устлаа гэхэд тэнд хэдэн үеэрээ амьдарч ирсэн нутгийн ард иргэд тэдний үр хүүхэд л хохирохоос Ц.Цэрэнпунцагийн хүүхдүүд тэнд амьдрахгүй. Тэр хүнд их мөнгө хэрэгтэй бол Хөвсгөлчүүдэд хэдэн үеэрээ амьдарч ирсэн нутагтаа уламжлалаараа амьдрах түүнээс чухал байна.

Нутаг усаа хойч үедээ бүрэн бүтэн үлдээх гэсэн Хөвсгөлчүүдийн тэмцлийг МАН-ын сүр хүч, УИХ-ын гишүүний эрх мэдлээр нухчин дарах юм биз дээ. УИХ-ын гишүүн гэдэг бол нийт иргэн, ард түмний ашиг сонирхлыг эрхэмлэгч ард түмний элч болохоос “Аспайр майнинг” гэх гадны компаний гар хөл болсон Ц.Цэрэнпунцаг мэтийн байх ёстой газар биш гэдгийг сануулья! Архи үйлдвэрлэх, уул уурхай ухах аль нь ч Монголын төлөө биш ээ!

Сэтгүүлч Б.Отгон

2020.05.29

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.