
Улстөрийн алба нь яршиг төвөгтэй хэл ам, хардлага сэрдлэгийг сүүдэр шиг араасаа чирч явдаг нажидтай хэцүү ажил боловч, тэрбум төгрөгөөр сонгуулийн шоугаа хийчихдэг, ямар ч эрх мэдлийг ард түмнээсээ худалдаад авчихаж болдог буянтай ажил. Төр, түмнээс хулгайлсан бүхнээ өөрийн болгож дөнгөдөг далдын их хүч чадал агуулж байдгаараа аргагүй л шороо хөдөлгөөд гэлдэрч яваа хүн болгоны арааны шүлсийг асгаруулсан шидэт алба. Харин улстөрч болж, төрд алба хаших эрхийг ямар гээчийн “баян бөгөөд буянтай” эрхмүүд эдлээд байгаа нь энэ цаг үеийн хамгийн учир нь олддоггүй толгойны өвчин билээ.
Монгол улсын иргэн бүрт “Бид бүхний дээр 76 далдыг хардаг далай лам, аргагүй л хий нь гарсан данагар сайхан улстөрчид өдөр шөнөгүй хууль батлаад, Монгол орны маргаашийн сайхан амьдралын төлөө чөмгөө дундартал зүтгэж яваа” гэсэн өхөөрдөм хөөрхөн ойлголт байдаг л даа. Харин нөгөө хий нь гарсан, цагаан цаас шиг буртаггүй сайхан улстөрчид маань сүүлийн жилүүдэд улам л олон өнгө төрхтэй болж жинхэнэ холион бантангийн эзэд болцгоочихлоо.
Одоогийн 76 товарищ дотор “хэлд ороогүй унтаахай, хөлд ч сайн ороогүй хөлчүүхэн баагий”-нууд захаас аваад л гэмгүй царайлаад сууцгааж байна. За тэгээд “гүндүүгүй сайхан монгол бөх, гүйлгээ ухаантай тамхи, спиртийн наймаачид, аймаг, дүүргийнхээ татаасын мөнгийг аргалж, гувчуулсаар архайж, дархайтлаа баяжигсад гээд “инээмтгий хүн”-ий баг зүүсэн эрхмүүд ч бий. УИХ-ын чуулганы танхимд үзэгдсэн болж, эвшээлгэн сууж байснаа тун удалгүй годхийн гарч, өрөөндөө ороод хавьтсан бүхэнд үнэтэй чамин Виски задлан улаа бутарч суудаг “нүнжигтэй” баячууд ч байгаа. “Мэргэшсэн парламентч” цол гуншинтай, 4-5 удаа УИХ-ын гишүүний “шидэт олбог”-ноос ховхорчихолгүй сууцгааж байгаа өвгөд, хөгшид хэд байгаа. Мэргэшсэн парламентч өвгөдийн маань түрүүч нь гэзэг үсээ ургуулж сур гөрөөлөн сүлжиж эхэлсэн нь жинхэнэ “төрийн хар хүн” болж байгаагийн бодит нотолгоо гэнэ лээ. Гөрөөлөн сүлжсэн гэзэг үсээ намжиртайхан шувтарч, хойш нь хаянгаа хэзээний зэхээстэй хөөргөө гарынхаа алганд бөмбөрүүлж, “цагаан өвгөн” шиг бувар, бавар тамхилах нь донжтой. Хоёрхон жилийн өмнөөс эрхэм гишүүн гэгдсэн ч УИХ-ын улаан модон суудлынх нь хий гарах байтугай агшин хором алдалгүй ордны хонгилоор холхиж, телевизийн дуран харагдвал гүйн очиж, гэгээн дүрээ түмэн олондоо тольдуулах хорхой нь дарагдах яагаа ч үгүй хэдэн нөхөр бас бий.
Сүүлийн үед манай улстөрчид “Монгол төрийн бодлогод “Эхийн эрхт ёс” тун ч муухай алдагдаж, Өүлэн эх, Мандухай хатны энэ цаг үеийн амилсан дүрүүд хэтэрхий цөөхөн байна” хэмээн наашаа харан уйлалдаж, цаашаа харан жуумалзацгаасаар 11 бүсгүйг дундаа суулгаж аваад амсхийсэн. Гуравхан жилийн өмнө л УИХ-ын хуралдааны танхимыг урдаас нь хойш нь шүүгээд үзэхэд арай дэндүү гэмээр “хар юмнууд”-ын дарангуйлал тогтсон газар байлаа. Хэнтий зүгээс хэд дахин сонгогдсон нэгэн монгол ахайтан айхавтар сүрхий хувцсаа өмсөн, хааяа нэг заларч ирдгийг нь эс тооцвол ёстой л “100 ямаанд 70 ухна”-ын эвэр сэрийлдэж, их бага дуугаар тургилаад тун ч эвгүй байсан даа. Гурван жил гаруй “ханцуй дотроо наймаалцсан Сонгуулийн тухай хуулиа эрхэм улстөрчид маань өлгийдөн авснаар өнөөдөр “ 60 хэдэн хар”-ын дунд 11 цагаан тормолзож суугаа нь аштай юу. Сонгуулийн тухай хуульд УИХ-д суух “Эхийн эрхт ёсны” квотыг 20-оос доошгүй хувь байхаар тусгасан. Гэхдээ энэ нь УИХ-ын 76 гишүүний 15-16 нь Өүлэн эх, Мандухай цэцэн хатан байна гэсэн үг биш л дээ.
Ишиг эврээ ургахаар эхийгээ
Монголд улстөрч гэгдэх “шидэт” зөөлөн суудалд насаараа бүүвэйлэгдэн суух хамгийн хялбар, боломжтой арга бол “удмаа дагаж улстөрч” болох л байгаа юм. Ийм жишээ ёстой захаас аваад л байж байна. “Саарал ордон”-ы булан тохой, коридор бүрээр нисч яваа улстөрчдийн тухай хов жив, явган яриа үүнийг хамгийн сайн гэрчлээд өгнө. Төрийн албанд гайгүйхэн зүтгэж байгаад цаг бусаар хорвоог орхисон эцэг, ах, дүүгийнхээ буянаар өнөөдөр малилзтал инээчихээд “хууль зохиож” яваа эрхмүүд олон. Сайн хүний нэрийг хэд дахиад ч худалдаад идэж болдгийн сонгодог жишээ Монголын улстөрд хангалттай бий. Сүүлийн үед эцэг эхийнхээ, ухаж, зөөж, хураасан буяныг баруун солгойгүй цацаж, “улстөрч” бологсдын араас дараагийн ээлжинд хоолонд орохоор ээлжээ хүлээгсэд шөнийн од шиг л тодорцгоож байгаа. Улстөрийн халуун тогоонд хошуугаа дүрэхээр сэрүүн зүүдлээд унтаж чадахаа больсон “шар завжтай ангаахайнууд” энд тэндгүй шулганалдаж энэ хаврын “синдром”-ыг зарим нэг нь эхлүүлээд байгаа.
Зарим нэг нь бараг л гэр бүлээрээ улстөрч болцгоосон инээдэмтэй гэхээсээ эмгэнэлтэй түүх Монголын нэн шинэхэн түүхэнд дурайж байгаа. Шинэ монголчуудын тэргүүн эгнээнд нэг их “номтой” хүү, бас нэг нисдэг тэрэг хөлөглөөд газар буухаа больсон залуу, за тэгээд байсгээд л хурдны морь дагаж гүйгээд байдаг хөл хөнгөнтэй нэгэн гээд тун ч олон эрхмийн нэр цохиж яваа. Тэгвэл өнөөдөр дунд сургуулийн менежер, лангуу түрээслэгч, бие хамгаалагч, жолооч, зочид буудлын ресепшн зэрэг шинэ залуу, шилдэг улстөрчид тодрон гарч Монголын улстөрд цахиур хагалах цаг тун удахгүй бололтой.
Зарим нэг шинэ, шилдэг залуу улстөрчид “Орон нутгийн сонгуульд онхолдсон ч өөрийн хөрөнгөөр дүүргээ Сөүлийн Ганнам дүүрэг шиг болгож байгаад дараагийн УИХ-ын сонгуульд үзэж тарна даа” хэмээн нүдэндээ нулимстай шазуур зууж суугаа. Хөөрхийг бурхан ивээж, ганц өөрийнх нь халааснаас биш нам нь санхүүжүүлээд ч болтугай дүүрэгтээ ганц нэг сүүдрэвч, хоёр гурван сандал ч хамаагүй хийлгээд тавих байлгүй дээ. Удмаа дагаж улстөрч болохыг мөрөөдөгсдийн нэрсийг жагсаавал хараа гүйцэхгүй ч байж магадгүй. За тэд нар ч яах вэ, бурхнаас зурсан зурлагатай хүмүүс. Харин мешок үүрээд айлд хоноод явдаг нөхөр, тайзан дээр уйлаад суудаг уярамтгай нь дэндүү хүүхэн, орой үдэшгүй сүнстэй уулзаад явдаг авгай, хээгүй нь дэндсэн барилгачин нөхөд хүртэл өөрсдийгөө гололгүй “улстөрч” болох гэж дайрцгаагаад сүйд хийчих шахсан инээдтэй түүх хоёр жилийн дараа давтагдах нь гарцаагүй.
Уг нь удмаа дагаад жолооч, багш,слесарь, бөх болдог сайн цаг хэдхэн жилийн өмнө байсан л юм даг. Одоо бол удмаа дагаж уурхай бараадсанаас ямар ч үнээр хамаагүй УИХ-ын гишүүдийн цүнхийг нь ч болтугай бариад, хажууд нь навсаганаж явахаа илүүд үздэг болсон цаг. Удам дамжсан улстөрчид цаагуур чинь дүүрэн л байна. Харин ард түмнийхээ аж амьдралыг хоромхон зуур ч болтугай гэрэлтүүлээд дуусах ганц хүрз нүүрс ухаж гаргасан хүн тэдний дунд байхгүй. Удам дагасан улстөрчид Монголын ард түмэнд гялайж гялтайх өгөөжөө хайрлахыг хүлээж сууснаас Улаанбаатарт ганц хоёр мод тарьчихаад усалж тордоод ургуулах арга чаргыг их багагүй хайцгаасан нь дээр санагдах юм. Монголын улстөрд шургалаад орчих санаатай өдрийн бодол, шөний зүүд болж яваа “ангаахай”-нууд улстөрч гэдэг үгний учрыг баримжаагаар ч болтугай тунгааж, гаргалгааг нь жаахан ч гэсэн дөхүүлж ойлгоод сурчих хэрэгтэй. Нүүрс, алт ухаж, хил давуулан зөөснөөр “шилдэг залуу улстөрч” болчихдоггүй. Төгсөх нь байтугай барааг нь ч хараагүй сургуулийнхаа дипломыг худалдан авч, намтар түүхээ зохиож бичсэнээр “Оны онцлох залуу улстөрч” болдог нь манайхаас өөр хаана ч байдаггүй инээдэмт эмгэнэл билээ. Урьд “Удмаа дагаад тэмээчин болно ” хэмээх сайхан дуу байв даа. Одоо бол “удмаа дагаж, улстөрч болно доо, би” хэмээн бархиралдах болж дээ. Гэхдээ удмаа дагахаар л улстөрч болчихдоггүй гашуун үнэнийг өнөөдөр УИХ-ын хуралдааны танхимд эвшээлгэж суугаа шар жавьтай ангаахайнуудаас олоод харчихад гэмгүй гэдгийг зарим нөхдөд сануулахад илүүдэхгүй.

E-mail: eegii1967@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.26.194.4) 2014-04-17 12:16ёстой үнэн бичсэн байна.
Хариулах
Зочин
(202.131.230.218) 2014-04-17 10:11Ёстой гоё өгүүллэг болжээ. Хэн хэн бэ гэдэг нь нүдэнд харагтал бичсэн байна. Ийм өгүүллэгийг үргэлжлүүлээрэй.
Хариулах
Udbal
(69.143.222.191) 2014-04-17 03:38Za ashtai yu daa , neg cetgyylch ch gesen yneng bichij , sain bna .76 IIn Ynen torhiig sudalgaa notolgootoi ni yaraital gargaad ireh aabiin hyy bna uu, ain , zob umand bol demjlege abna shyy dee. t
Хариулах
Зочин
(85.68.97.70) 2014-04-17 02:24jinhene unen gej enedee
Хариулах
ARD TUMEN Зочин
(202.21.106.104) 2014-04-16 15:33Uls tord orj gariin useg zuraad l terbumtanguud bolno shuu dee. Ard tumnii nuden deer tus tusdaa namiin gishuud ... Tsaaguuraa biznes negtei, uls ornoosoo hulgai hiisen luivarchinguud shuu dee. Eh oronch negiigii nuhchihnaa gej baigaa. EVGUI GARUUDIIN tsuglaan daa.
Хариулах
Зочин
(84.226.115.64) 2014-04-16 14:40Bayrtsogt hulgaich bas adilhan shdee shewtsart munguu ergeed shalgaad buren buten bnuu ugui yu geed bj bdg gesen
Хариулах
Зочин
(84.226.115.64) 2014-04-16 14:38Otgonbilegiin huu sodbileg er ni yu hiideg ym be ue ue shewtsart bdg aaviinhaa erdenet uildverees zavshsan mongoliin ard tumnii hulgailsan mungiig ergej irdeg ym bn lee hulgaichiin huu bol hulgaich bdg ym
Хариулах
Зочин
(202.21.106.166) 2014-04-16 14:11төрийн 3 намхан гэж ямар үнэн үг вэ?З.Энхболд хэдэн хүүхнүүдээсээ намхан.ккк Бодлого нь ядаж том байгаасай.
Хариулах
В.Г
(202.21.106.106) 2014-04-16 13:55Тэд хүүхдүүддээ ингэж ярьдаг. - За хүүхдүүд минь. Улс төр нам гэдэг чинь л хамгийн боломжийн бизнес. Та хэдийг яаж ийж байгаад томоохон албан тушаалд аваачиж тавина. Тэгээд миний зөвлөснөөр цэвэрхэн цэвэрхэн хусаад байх юм шүү. Бага сага юм илрээд заваардаг л юм. Ард түмэн хий хоосон л хэдэн үг хэлнэ. Өөр яаж ч чадахгүй. За ингээд самраад байя самраад байя.
Хариулах
Зочин
(202.131.231.26) 2014-04-16 13:52Үнэхээр ийм л байгаа
Хариулах