Дагестанд цэргийн дайчилгааг эсэргүүцэж жагссан иргэдийг баривчилжээ

Twitter Print
2022 оны 09-р сар 26-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын өмнөд зүгийн Бүгд Найрамдах Дагестан улсад цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр цагдаа нар 100 гаруй хүнийг баривчилжээ.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд байлдаж буй цэргийн хүчээ нэмэгдүүлэх зорилготойгоор ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласнаар ОХУ-ын хэдэн арван хотуудад цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөсөн юм.

Ялангуяа Кавказ болон Каспийн тэнгисийн хооронд орших, лалын шашин шүтдэг үндэстний цөөнх байрладаг Бүгд Найрамдах Дагестан улсын иргэд цэргийн дайчилгааг хамгийн ихээр эсэргүүцэж байна.

Дагестаны нийслэл Махачкала хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр иргэд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсэж, цагдаа нар 100 гаруй хүнийг баривчилсан хэмээн ОВД-Инфо байгууллагаас мэдээлж байна.

Нийгмийн сүлжээгээр Махачкалад болсон жагсаалтай холбоотой олон арван бичлэг цацагдсан ба ОВД-Инфо байгууллагын зүгээс цагдаа нар жагсагчдын эсрэг хүч ашигласан хэмээн мэдээлжээ.

Өнгөрсөн ням гарагийн өглөө Дагестан дахь 8000 хүн амтай нэгэн тосгоны иргэд тосгоноос нь 100 гаруй хүнийг цэрэгт дайчилж байгааг эсэргүүцэн тосгон руу хүрэх замыг хаасны дараа цагдаа нар агаар луу буудаж жагсагчдыг тараажээ.

Өнгөрсөн долоон сарын хугацаанд Украинд Дагестан улсын 301 гаруй цэргийн албан хаагч амиа алджээ.

Дагестан ОХУ-ын бүс нутгуудаас хамгийн олон цэргээ алдсан улс бөгөөд Украинд болж буй дайнд Дагестан улс 5 дахин олон хүн амтай Москва хотоос 10 дахин их хүнээ алджээ. ОХУ-ын Батлан хамгаалахын яамны мэдээгээр 2-р сарын 24-нөөс хойш Украинд ОХУ-ын 6000 орчим цэрэг амиа алдсан байна.

Ерөнхийлөгч В. Путин цэргийн дайчилгаа зарласнаас хойш Оросын том жижиг хотуудад болсон эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр цагдаа нар 2000 гаруй хүнийг баривчилжээ.

Олон нийтийн уур бухимдлыг дарах зорилгоор Дагестаны амбан захирагч Сергей Меликов Дагестанд явагдсан цэргийн дайчилгааны үеэр зарим нэг алдаа гарсан хэмээн Телеграм дахь хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.