Эрдмийг эхэлж сурвал нас, алдар нэр, эд хөрөнгө аяндаа хүнийг дагана

Twitter Print
2021 оны 05-р сар 23-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

СЭТГЭЛИЙН ТАВАН ХОР ГЭДЭГ ЧУХАМ ЮУ ВЭ?

1. Уур бол элэг цөсний орчим баруун талд байх, галын мөн чанартай зүйл, хүн уурлахаар нүүр улайж, цөс бадрана.

2. Шунал бол зүрхэн талд байх усан мөн чанартай, байнга бодогдож мөрөөдүүлж байдаг.

3. Мунхаг бол ус, гал хоёр холилдсон мэт чанартай, аливааг байнга муу талаас нь хардаг, боддог. Зөвийг буруу гэдэг, бурууг зөв гэдэг үзэл юм.

4. Омог бол уурын дүү. Доошоо хүндээ омогдоно, дээшээ хүндээ атаархана.

5. Атаархал бол шуналаас үүдэлтэй.

Энэ тавыг сэтгэлийн таван хор гэх ба эндээс 10 хар нүгэл үүддэг, хэрэв тэвчиж чадвал бид бүгдээрээ бурхан. Бүх ном судар, шашин шүтлэг энэ тавыг тал бүрээс нь тайлбарладаг байна.

Хүн энэ яваа насандаа зөв сайхан сэтгэлтэй явбал хойд насандаа мөн тийм байна. Хүн өөрөө өөртөө аврал болохоос өөр хүнээс хамаарахгүй гэсэн үг. Таван хорыг эмчлэх шинжлэх ухаан, багаж техник, эм тариа, эмчилгээ гэж байхгүй. Хүн өөрөө сэтгэлээ зөв танин барьж байж өөрийгөө эмчлэнэ.

Өөрөөр хэлбэл хүн өөрөө л бодож, бясалгаж, мэрийх хэрэгтэй. Эмийн сударт хамаг өвчин энэ тавын эхний гурваас гаралтай гэж үздэг. Хүний мөн чанар бол бие, сэтгэл хоёрын нийлбэр юм. Бие нь гадаад үзэмж. Хүнийг сайхан байлгадаг нь сэтгэл. Сэтгэл хүнийг ариун болгодог. Сэтгэлээ хяна. Сэтгэл давчуу бол бүх юм давчуу байна. Хойд насанд ч тийм. Тэгэхээр сэтгэлээ уужуу байлгах нэн чухал.

Сэтгэлийг судлах нь нэг хоёр өдрийн төдий юм биш байнгын юм. Би өнөөдөр хүнд ямар сэтгэл төрүүлчихэв, тэр хүн надад ямар сэтгэл төрүүлэв гэдгийг байнга бодох нь зөв. Хүнд сайхан сэтгэл төрүүлсэн бол насан туршдаа сайнаар дурсагдаж, муу сэтгэл төрүүлсэн бол муугаар бодогдоно. Хүнд муу сэтгэл төрүүлчихээд уулзаж цайруулж чадахгүй өнгөрчихвөл их нүгэл хураана.

Хүн бие, хэл, сэтгэл гурваараа буян хураана. Биеэрээ зөв юм хийх, сэтгэлээрээ зөв юм бодох, хэлээрээ зөв юм хэлэх нь буян гэсэн үг. Сайхан юм хэлж явдаг хүний ажил өөдрөг, бараан юм ярьж явдаг хүний ажил уруугаа байдаг. Сэтгэл чинь сүнс юм. Сүнсэнд ямар юм хэлнэм, тийм л энерги хуримтлагдана. Зөв энерги хуримтлуулах уу, буруу энерги хуримтлуулах уу гэдгийг та өөрөө л шийднэ.

Өнөөдөр хэн нэгэнд гомдчихоод битгий уурлаарай. Уургүй хүн амжилтад хүрнэ, өвчин тусавч амархан эдгэрнэ. Хүн ер нь нас, эд хөрөнгө, эрдэм гурвын төлөө амьдардаг гэдэг. Эрдмийг эхэлж сурвал нас, алдар нэр, эд хөрөнгө аяндаа хүнийг дагана.

Сургааль ном

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.