УДБЭТ-ын дотоод үйл ажиллагаа, урын сан, барилга шигээ ялзарчээ

Twitter Print
2020 оны 03-р сар 06-нд 13:50 цагт
Мэдээний зураг,
  • Зарим уран бүтээлчид ажлын цагаар халтуурын ажлаа хийж, шаардлагыг хүлээн авдаггүй гэлээ

  • Уран бүтээлчид ажлын цагаараа театрын байранд халтуурын ажлаа хийдэг. Бүжигчид хувийн компанийнхаа ажлыг хийж, шинэ бүжиг сурахаас татгалзах явдал бий

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/ бол 57 жилийн түүхтэй урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох, соёл түгээх үүрэг бүхий сонгодог урлагийн нүүр царай болсон томоохон байгууллага. Уран бүтээлчид нь дэлхийд өндрөөр үнэлэгддэг тус театр нэгэн үе Азидаа хамгийн шилдэг нь хэмээгдэж байв. Гэвч өдгөө тус байгууллагын үйл ажиллагаа засвар үйлчилгээ хийх шаардлагатай театрын барилга шигээ ялзарч, шинэчлэл хийх шаардлагатай болжээ.

П.И.Чайковскийн “Хунт нуур”, Л.Делибийн “Коппелия”, Ж.Чулууны “Уран хас”, А.Аданы “Жизель”, Ж.Мэнд­-Амарын “Үйлийн гурван толгой” гэх зэрэг тоотой хэдхэн балетыг ээлжлэн тавьж, хаа нэг шинэ уран бүтээл толилуулаад замхарч одно. “Хунт нуур” “Жизель”-­тэй эн тэнцэх хэмжээний балет 2010 оноос хойш тоглоогүй. Үндэсний балетын хувьд “Тэнгэрийн ташуур”­аас өөр дорвитой бүтээл алга. Аль 1975 онд тавьсанаас хойш өөрчлөгдөөгүйн дээр дэглэлтэд хоёрхон удаа л шинэчлэл хийжээ.

Түүгээр зогсохгүй урын сангийн шинэчлэл хийхгүй байгаа нь ашиг сонирхлын асар том зөрчилтэй холбоотой аж. Өнгөрсөн онд тус театрын уран сайхны удирдаач Б.Түвшинбат театрт шилэн дансны хууль хэрэгждэггүй, албан тушаалаа урвуулан ашигладаг, сонгон шалгаруулалт, тендер зарладаггүй гэх зэрэг олон зөрчлийг нийтэд ил болгож байв.

Тухайн үед БСШУСЯ­-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар “Г.Ганбаатар 2011­-2018 оны хооронд өөрийнхөө хувийн болон үүсгэн байгуулсан компанийн дансаар 200 гаруй сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэж мэдэгдэж байв.

Энэ нь албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжгүй боловч тендэр шалгаруулалт явуулалгүйгээр театрын ерөнхий зураачийн компанид давуу тал үүсгэсэн гэдгийг ч БСШУСЯ­-аас тогтоосон байдаг. Энэ талаар Б.Түвшинбат “Театрт Шилэн дансны тухай хууль хэрэгждэггүй. Олон жил бугшсан алдаа дутагдал, ёс зүйгүй явдал байна. Монгол Улсын хөдөлмөрийн хууль болон театрын дотоод журмын дагуу Шилэн дансны тухай хуулийг театрын уран бүтээлчид, ажилчид заавал мэдэх ёстой. Гэтэл уран бүтээлийн зардал гэж сар бүр 20 сая төгрөг олгодог ч ямар замаар хэн, хэзээ захиран зарцуулж байгааг нээлттэй ил тод мэдээлдэггүй.

Мөн уран бүтээлчид ажлын цагаараа театрын байранд халтуурын ажлаа хийдэг. Үүний улмаас шинэ балет тоглохгүй байна. Бүжигчид хувийн компанийнхаа ажлыг хийж, шинэ бүжиг сурахаас татгалзах, тоглолтын үеэр хөдөлгөөнүүдийг хялбарчлах зэрэг асуудал байнга гардаг. Учир нь театрын балетын гоцлол бүжигчид Nomadic Ballet Production гэх хувийн продакшнтай бөгөөд түүгээрээ дамжуулан “халтуур” буюу төлбөртэй тоглолт хийдэг. Тэдэнд зүй ёсны шаардлага тавьсан ажилчдыг шахаж, ажлаас нь халах, өргөдлийг нь өгүүлэхээр хавчсан явдал ч бий” хэмээн ярилаа.

Н.Сийлэн

Эх сурвалж: Засгийн зазрын мэдээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.