Ши Жиньпин дайтахад бэлдэж, цэргийн сургуулилтаа эрчимжүүлэхийг үүрэг болгов

Twitter Print
2022 оны 11-р сар 11-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Ардын чөлөөлөх армийн удирдлагын төвд зочлох үеэрээ Хятадын арми дайнд бэлтгэн "бүх эрч хүчээ тулалдахад төвлөрүүлэх" ёстой хэмээн мэдэгдсэн тухай People’s Daily сонинд бичсэн байна.

Коммунист намын хурлын үеэр "аюултай шуурга айсуй" тухай анхааруулж байсан Ши Жиньпин Хятадын арми "дайнд бэлтгэж, цэргийн сургуулилтаа эрчимжүүлэх" ёстойг онцолж, "Бүх эрч хүчээ тулаалдахад зориулж, тулаалдах, ялах чадамжаа сайжруулах тал дээр шаргуу ажиллах хэрэгтэй." гэжээ.

Түүнээс гадна тэрээр Хятад улс аюулгүй байдлын хувьд тогтворгүй бөгөөд тодорхойгүй нөхцөл байдалд байгаа энэ үед "үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлыг тууштай хамгаалах" ёстой гэдгийн сануулсан тухай People’s Daily сонин онцолжээ.

Ажиглагчид Ши Жиньпин Хятадын Чөлөөлөх армийн удирдлагын төвд хийсэн айлчлалаараа АНУ болон Тайваньд сануулга өгч байгаа гэж үзэж байна.

Хятадын Коммунист намын 20-р их хурлын үеэр Ши Жиньпин Тайвань Хятадын асуудал хурцадсан явдалд "гадаадын улс орнууд хөндлөнгөөс оролцсон" нь нөлөөлсөн хэмээн мэдэгдсэн. Үүгээрээ тэрээр АНУ Тайванийг дэмжих явдал сүүлийн үед нэмэгдсэн болохыг илэрхийлсэн билээ. Хурлын нээлтэн дээр Тайванийн асуудлыг хөндөхдөө Ши Жиньпин, "Бид хүч хэрэглэхгүй гэж амлаж чадахгүй." хэмээн мэдэгдсэн юм. АНУ-ын Жо Байдений хувьд БНХАУ Тайвань руу халдвал Вашингтон Тайванийг хамгаална хэмээн удаа дараа мэдэгдсэн билээ.

АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнгөрсөн 8-р сард Тайваньд айлчилсны дараа Хятадын Чөлөөлөх арми Тайванийн эргээс холгүй байлдааны хөлөг онгоцнуудаа байрлуулсан юм.

Сүүлийн саруудад Ши Жиньпин улс төрийн дайсагнасан орчинд үндэсний эрх ашгаа хамгаалахын тулд "тэмцэхэд бэлэн байх" тухай удаа дараа анхааруулж байгаа аж.

Энэ долоо хоногт Хятадын Гадаад харилцааны яам Их Британийн Худалдааны сайд Грег Хэндс Тайваньд айлчлах гэж буй явдлыг шүүмжилж, Их Британийн засгийн газраас "Тайванийн салан тусгаарлагч нарт буруу сэдэл өгч байгаа явдлаа зогсоохыг" шаарджээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.