
Ингэхэд энэ чухал албанд томилогдсон Л.Гүндалай гэгч маань хэн билээ гэдгийг эргэн санахад илүүдэхгүй. Энэ үүднээс хэдэн тоо баримт дурдъя.
Авлигатай тэмцэх газар 2007 оноос УИХ-ын гишүүн, сайд, агентлагийн захирлууд, газрын албаныхан гээд 20 гаруй албан тушаалтанд холбогдох 60 шахам хэргийг шалгаж эхэлснээс хамгийн ээдрээтэй, улсад учруулсан хохиролоороо ч толгой цохих нь УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайд холбогдох хэрэг байжээ.
Мань эр Эрүүл мэндийн сайд байх үедээ томоохон авлигын хэрэгт холбогдож АТГ-ын босгыг элээх шахсан ч урьд нь АН-д байгуулсан гавъяагаараа гул барьж тэгэсгээд түүний хэрэг замхарсан түүхтэй. Л.Гүндалай 2000-2004 оны парламентад ардчилсан хүчний нэрийг барин шоудаж явсаар 2004 онд дахин сонгогдмогцоо Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийг “Надад Эрүүл мэндийн сайдын суудлыг өг” хэмээн байнга шахан хаа сайгүй даган гүйж, улмаар захидал бичиж байсан дуулианы эзэн.
Элбэгээг сайдын суудал өгөөгүйд нь хорссон тэрбээр "Эх орон-Ардчилал" эвслийг задалж, Засгийн газрыг огцруулах үед нэг товчлуур бэлэглэснийхээ шанд МАХН-аас “өдрийн бодол, шөнийн зүүд” болсон сайдын суудлаа салгаж дөнгөсөн. Эрүүл мэндийн сайдын албыг ганцхан жил хашихдаа Монголын нийгмийг ДОХ-ын аюулаар сүрдүүлж, өөрөө "бэлгэвч сайд" нэр хүртэл зүүгээд амжсан. Энэ бүхэн ард түмний нүдэн дээр болоод өнгөрсөн явдал. Чухам тэр л үедээ мань эр улсын хөрөнгийг нааш, цааш болгон өөртөө болон найз нөхдөдөө бэлэглэж, ёстой л дураараа дургисан билээ. Эрүүл мэндийн сайд болсноосоо хойш байсхийгээд л халаа сэлгээ хийж, томоохон эмнэлгүүдийн дарга, захирлуудад зарлаагүй дайн зарласан. Чухамдаа түүний эхлүүлсэн томоохон эмнэлгүүдийн дарга нарын хууль бус томилгооны балаг өнөөдөр ч үргэлжилж, үндсэндээ Монголын Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтчихээд босч чадахгүй байгаа.
Тэр үед Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байсан гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүдийн удирдлагуудыг сольж халах нь арай л дэндүү байсан талаар одоо ч халаглан ярих хүмүүс олон байгаа. Тэр үедээ өөрийн томилсон хүмүүсийн хамт улсын өмч хөрөнгөөр гараа угаах шиг л болж байж. Л.Гүндалайн энэ бүх үйлдэлд залхсан Ерөнхий сайд асан М.Энхболдыг эцэстээ шийдвэртэй алхам хийж сайдаас нь чөлөөлүүлэх хүсэлт гаргахад хүргэсэн нь тодорхой.
Л.Гүндалайн сайд байх үеийн олон фактын нэг нь ХӨСҮТ-ийн даргыг гэнэт сольж бужигнуулсан явдал байв.
Ц.Оюунчимэг гэгчийг ХӨСҮТ-ийн захирал болгосны цаад учир нь ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зувчуулахад чиглэж байсан нь удалгүй тодорхой болсон. Ганц хоёр жишээ дурьдахад Их Монгол Улсын 800 жилийн ойд зориулж Тайваниас манай Эрүүл мэндийн салбарт тусламж болгож өгсөн 10 машины хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр шахан сайд асан Л.Гүндалай Ц.Оюунчимэг захиралтай хамтран хувьдаа завшсан удаатай. Түүгээр ч зогсохгүй эвдрээд цус барьцалдаад хатчихсан "Диализ"-ын хуучин аппарат хоёр ширхгийг эрхэм сайдтан ЭМЯ-нд шахаж байж. Ингэхдээ яамнаасаа ХӨСҮТ-ийн засварын ажлын төсөвт гэсэн нэрээр 99.1 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүний 45 саяыг нь Ц.Оюунчимэг Л.Гүндалайд өгч байжээ. Дараахан нь нөгөө хоёр аппаратыг нь битүүмжилсэн гэдэг.
Үүнээс гадна ЭХО-гийн найман ширхэг аппаратыг Авлигатай тэмцэх газрынхан 2007 оны 10 дугаар сарын 25-нд мөн л битүүмжилсэн байдаг. Л.Гүндалайгийн ахын "Ач-Үр" ХХК нь 2005 оны тавдугаар сарын 14, долдугаар сарын 5, 8-ны өдрүүдэд тус бүр 8.5 сая, нийтдээ 25.5 сая, мөн нэг удаа 12.3 сая, дараа нь 7.9 саяыг авч, амьсгал удирдах аппаратыг 7.5 саяар тус тус шахсан баримт дараа нь ил болж байв. Зөвхөн ганц эмнэлгээс 100 гаруй саяыг зувчуулсан нь тухайн үедээ АТГ-ынхныг ч гайхшруулж байсан гэдэг.
Эдгээрээс гадна УБ 16-07 дугаартай цагаан өнгийн "Ланд круйзер 105" машиныг Л.Гүндалай тушаал гаргаж ЭМЯ-ны мэдэлд авч байж. Энэхүү машинаа ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн нэрээр амжилтгүй дуудлага худалдааг гурван ч удаа зохион байгуулж, авах хүн олдоогүй нэрээр үнийг нь 14 сая болтол буулгаж эцэст нь Хөвсгөл аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвд шилжүүлэх тушаал гаргасан байдаг. Гэвч уг машин Хөвсгөлд очилгүй оронд нь Фургон машин хүлээж авсан гэдэг. Ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн машин нь "Лаки" төвийн захирал, Л.Гүндалайн төрсөн ах Л.Баяндалайд шилжиж очсон нь хожим тодорхой болсон. Энэ бүх үйлдлүүд нь УМХГ-ын шалгалтаар тогтоогдсон төдийгүй Улсын мөрдөн байцаах газар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж тогтоогоод АТГ-т шилжүүлсэн байдаг. Түүнчлэн Эрүүл мэндийн тэргүүний ажилтан гэсэн тэмдэг, жуух бичгийн зохих хэмжээний нөөц байсаар атал тушаал гаргаж дахин их хэмжээгээр хийлгэж, төсвийн мөнгөөр гараа угааж байсан баримт бий.
Л.Гүндалайн тарьсан хэрэг зөвхөн Эрүүл мэндийн яамаар дуусахгүй. Өнгөрсөн намар Хан -Уул дүүрэг, Зайсангийн 11 дүгээр хороонд газрын маргаан дэгдээж тэр хавийн айлуудын хэрэглээний дулааныг өгөхгүй хэсэг бужигнуулсан удаатай. Арга барагдсан иргэд Засгийн газрын 11:11 төвд хандаж асуудлаа шийдүүлж байсан. Тэр үед мань эр "Цагдаа, УИХ, Засгийн газар миний гарт байгаа шүү" хэмээн агсарч байсан нь өнөөдөр биелэлээ олж тун хариуцлагатай, чухал албанд тохоон томилогдлоо. Ард түмний нэрээр бамбай хийж, мөн УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр түрий барьж Монгол Улсын хуулийг уландаа хангалттай гишгэж явсан Л.Гүндалай өнөөдөр ийнхүү Боомтуудын нэгдсэн захиргааны дарга болов. Харин хэрхэн ажиллах, аль эсвэл ямар хэрэг тарихыг нь харах л үлдэж байна.
Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.