
Хөөрий төрийн түшээд минь ард түмэндээ хэрэгтэй, амьдралд өгөөжтэй хууль батлах гэж шөнө нойргүй, өдөр хоолтой хоолгүй зүтгэцгээсний эцэст унах унаа ч үгүй хоцорцгоосон байна. Ард түмэн биднийхээ л төлөө “шар мах”-тайгаа хатаж унах унаа, орох оронгүй сөхөрч унатлаа зүтгэж байгаа тэднийгээ ард түмний хандиваар унаа тэрэг, толгой хоргодох оромжтой болгоход ч буруудах зүйлгүй. АТГ-аас төрийн өндөр албан тушаалтан 239 хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд дэлгэсэн. Тэрхүү хөрөнгө орлогын мэдүүлгийг харж байж л ард түмэн өөрийн нэр дээр тээврийн хэрэгсэлгүй “эмзэг” бүлэгт хамаарах УИХ-ын 14 гишүүн байдгийг олж мэдсэн хэрэг. Үгүй мөн ч тусгүй, хүн муутай явдал болж байна даа, сонгогчид минь. Хөөрхий минь, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Д.Арвин, Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, С.Одонтуяа, С.Оюун, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, Л.Эрдэнэчимэг гээд явган таваргаж яваа төрийн түшээдээ унах унаатай болгох талаар бүх ард түмний хэлэлцүүлэг өрнүүлэхэд ч буруудах зүйлгүй. Шинэхэн машинаараа гайхуулж, цахим ертөнцөд “бенз S500” хэмээх олиггүй хоч хүртээд байсан Л.Эрдэнэчимэг гишүүн маань үнэн хэрэгтээ унах унаагүй, Улаанбаатарын хамгийн ядуу хэсэгт хамаарах нэгэн болж таарлаа.
Унах унаагүй эдгээр гишүүдийн араас орох орон, оочих аягагүй гишүүд ч олшрох янзтай. Хоёрхон жилийн өмнө Хуульзүйн сайд асан Ц.Нямдорж түрээсийн байранд амьдардагаа мэдэгдэж өр нимгэн зарим хүмүүсийн нулимсыг урсгасан удаатай. Харин энэ удаа ямар ч гэсэн толгой хоргодох оронтой болсон нь аштай юу. Унах унаагүй, толгой хоргодох оромжгүй “эмзэг” бүлгийн эрхэм гишүүдээ ер нь яалтай ч билээ дээ, хөөрхийс.
Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.26.194.12) 2014-04-22 21:55haha goy bichsen baina ATG sha hudlaa gazar baindaa huurhii
Хариулах