Дуучин явж дуу үлддэг ажгуу буюу Өөжгий хэмээх хэл

Twitter Print
2023 оны 01-р сар 05-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Дуучин явж дуу үлддэг ажгуу

-Өөжгий хэмээх хэл-

Он солигдох мөчид гитарчин, ая зохиогч Өөжгийн зүрх, мэдрэлээс уянгалсан дуундууд эгшиглэв. Үнэхээр бишрүүлэв бүр ангайлгав. Өөжгийн хит дуунуудыг лавтай мэднэ гэж би боддог байв. Түүнийг концерт хийвэл дандаа Сараа, Ариунаа, Дашдондог, Наран гээд домгууд л дуулна гэж сэтгэдэг байжээ. Энэ талаар нэг их бодож бясалгаад суугаад байсан юм бол үгүй. Автоматаар тархинд тэгж л буудаг юм байна. Гэтэл үгүй байна. Дуу үлдэж дуучин явдаг юм байна.

Учир нь шинэ залуу дуучид түүний дуунуудыг дахин амьдруулжээ. Үгүй ээ, тэртээ тэргүй амьдарч байсан дуунд дахин амь хайрлаж аялгуу түржээ. Гоё… тархи амарч сэтгэл жаргав. Дуучин Мишээл гэж ямар гоё дуучин бэ. Өөжгийн гэргий, манай бэр Дэлгэрмаа “Хайрласан сэтгэл”-ийг ёстой л хайрлуулж байх юм. Наки, Наагий...Билгүүн, Тэмүүлэн. Домгуудын дууг залуус ямар гоё дуулж байна аа... “Чи минь ” дуу... Дуучин Ариунаа эгч ямар гоё дууллаа даа. Түүнээс өөр дуучин дуулна гэж төсөөлж ч чадамгүй дуу. Гэтэл Мишээл энэ дууг дахин амьдруулав. Цоо шинээр, бүр шив шинээр гайхшируулав. Энэ дуу төмрийн зах дээр Өөжгийн машинд төрсөн дуу гэнэ. Үгүй яахаараа ийм тансаг дуу очиж очиж төмрийн зах дээр машины кабинд мэндэлдэг байна аа. Алдарт “Хайрын бурхан”-ыг Сарантуяа үгүйгээр дуулж бас болдог юм гэдгийг Ц.Тэмүүлэн нотлов.

Тэгэхээр дууны найруулга гэж нэг гайхамшиг байнаа, байна. Лавтай шүү. Нэвтрүүлэг, жүжиг, киноны найруулгыг дөнгөж ойлгож эхэлж буй надад дууны найруулга, хөгжмийн найруулга гэж агуу тансаглал буйг Өөжгий дахин мэдрүүлэв.

Өөжгий бол миний үеэл ах юм. Ээжийн минь төрсөн эгчийн хүүхэд. Бүтэн нэр нь Дашийн Өлзий-Орших. Аав нь цэргийн хүн байсан юм.

Өөжгий орцны гитарчнаас Хүүхдийн ордны гитарын дугуйлангаас уран бүтээлээ нь эхлүүлсэн. Ээж , эмээ хоёр нь зурагтаар хараад л бахархан уйлж суудагсан... Өөжгий 40 гаруй дууны үг аяыг бичсэн, долоон киноны хөгжим зохиосон.

Түүнийг зөвхөн урлагийн хүн гэж бүү бодоорой. Түүнийг бас эрүүл хүн гэж эндүүрэв зэ. “Та яав ч эрүүл хүн биш ” гэж би шарыг нь малтахаар “Эрүүл хүн уран бүтээл хийдэггүй юмаа... Чи ч өөрөө часхийсэн эрүүл хүн лав биш шүү” гэж хариу барина. Тэр эдийн засаг, улстөр сонирхдог, ном сайн уншдаг “солиотой гар”. Бид хоёр таарахаараа байнга үзэл бодол зөрнө, муудалцана. Гэхдээ ах бол ах, дүү бол дүү. Би ахаа гэж жижгэрнэ, мань хүн “дүү” гэж томорно...

Тэр өөрийгөө "зальтай хүн" гэж тодотгоно билээ. Биш юмаа, авьяастай нөхөр шүү дээ энэ Өөжгий. Авьяастай хүн бусдад таалагдах нь ховор, адлагдаж үзүүрлэгдэх нь элбэг хорвоо л доо. Угаасаа Өөжгийг ойлгож, Өөжгийн хэлээр ярихад бэрх. Өөжгийн хэлээр ярьснаас түүний уран бүтээлийг сонссон нь дээр. Уран бүтээл нь түүнээс тэс өөрөөр уянгалдаг юм.

Тэгэхээр Өөжгий хэмээх хэлийг уран тансаг аялгуу, шүлгээр нь л ойлгох боломжтой гэж би одоо бодож сууна. Бас Өөжгийн “хэл”-ээр цаг цагийг эзэлсэн дуучид дуулж бас болох юм байна. Гайхамшигтай нэвтэрч байна шүү дээ. Харлаа, үзлээ, мэдэрлээ. Үүнийг л хөгжмийн хэл гэдэг байх. Өөжгийн хэл гэж үнэхээр өөр ажгуу.

Магтаал шагналд ясны дургүйг чинь мэдэх ч энэ удаа магтаж уурыг нь хүргэе дээ, амжилт хүсье ах минь.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.