"Бүтээн байгуулалтын цаг"-ийг бүрдүүлэгч Н.Батбаяр сайд

Twitter Print
2014 оны 04-р сар 21-нд 16:32 цагт
Мэдээний зураг,
Даваа гараг бүрт болдог Засгийн газрын мэдээллийн "Бүтээн байгуулалтын цаг"-ийн энэ удаагийнхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр удирдан явуулж, "Концессын гэрээгээр хийх автозамын төслүүд"-ийн талаар мэдээлэв.

Шинэчлэлийн Засгийн газар 2015 оны 11 дүгээр сар гэхэд 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбож дуусгах томоохон ажлыг ноднин жилээс хэрэгжүүлж байгаа. Одоогоор 9 аймгийн төв Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдож дуусах шатандаа яваа аж. 2014 онд  4000 орчим км авто зам, 4000 м урт төмөр бетон гүүрний замын ажил хийгдэнэ гэдгийг Н.Батбаяр сайд онцолсон юм. Эдгээр зам барилгын ажлууд  улсын төсвийн хөрөнгө, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжын 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр санхүүжүүлэгдэх ажээ. Хамгийн гол нь энэ онд шинээр эхлэх замын ажлын санхүүжилтийг концессын буюу төр, хувийн хэвшлийн хооронд байгуулагдах онцгой эрхийн гэрээний жарчмаар шийдвэрлэнэ гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр онцолсон юм. Энэ гэрээний гол онцлог нь нэг хэсэг нь төрийн өмнөөс хувийн хэвшлийнхэн хөрөнгөө гаргаж зам бариад дараа нь төрөөс мөнгөө гаргуулж авдаг бол нөгөө хэсэг нь хувийн хөрөнгөөрөө барьсан замаа төрд түрээслүүлэх маягаар гаргасан хөрөнгөө буцаан олж авдаг байна.

Гэхдээ 2014 онд концессын гэрээгээр зам барилгын ажил хийх компаниуд  "барих, шилжүүлэх" буюу хөрөнгөө гаргаж замаа бариад дараа нь Засгийн газраас мөнгөө авах байдлаар бүтээн байгуулалтын ажил өрнөх бололтой. Энэ оны хувьд Засгийн газрын 315 дугаар тогтоолоор концессын гэрээгээр хийгдэх 51 төсөл батлагдснаас автозамын 17 төсөл байгаа аж. Энэ 17 төслийн зам, барилгын нийт урт нь 3182,8 км болж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар зам барих концессын 2 гэрээг эцсийн байдлаар байгуулаад байгаа ажээ. Эхнийх нь Нарийн сухайт, Шивээ хүрэнгийн нүүрс тээвэрлэлтийн замын гэрээг 2011 онд байгуулсан бөгөөд энэ онд бүрэн ашиглалтад орох юм байна. Энэ зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт 1,5 дахин нэмэгдэх урьдчилсан тооцоо хийгээд байгаа аж. Байгуулагдсан 2 дахь гэрээ нь Алтанбулаг, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хурдны автозамын ажил гэнэ. Энэхүү хурдны замын нийт урт нь 1200 км болж байгаа нь Улаанбаатар хотын орчимд энэ зам 2 хэсэг болж нэг нь Улаанбаатарын урдуур, нөгөөх нь хойгуур салснаар урт нь 200 км-ээр нэмэгдэж байгааг Н.Батбаяр сайд онцолсон юм. Энэ хурдны замыг 10 орчим тэрбум ам. долларын хөрөнгө оруулалтаар барина гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд тэмдэглэн хэлсэн юм. Гэхдээ эхний ээлжинд энэ ажлыг гүйцэтгэх компани банкинд 1 тэрбум ам. доллар байршуулснаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох аж.

Одоо ид хэлэлцээр явагдаж байгаа томоохон зам бол Тавантолгой, Ханбогд, Хантийн чиглэлийн 435 км замын ажлыг гүйцэтгүүлэхээр "Монголын авто замын компаниудын нэгдэл" ХХК-тай концессын гэрээний ажил ид хийгдэж байгааг Н.Батбаяр сайд танилцуулав. Тавантолгойгоос  зүүн тийш тавигдах энэ зам ашиглалтад орсноор нүүрсээ ганцхан урагш нь зөөх биш төмөр замаар ОХУ-ын далайн боомтуудад хүргэж, тэндээсээ гурав дахь хөршүүд рүү гаргах нөхцөл бүрдэх ажээ. Эдгээр замууд бүгд хувийн хэвшлийнхний хөрөнгөөр байгуулагдах учир тодорхой хэмжээний төлбөр хураамжаар гаргасан зардлаа нөхөн олохыг Эдийн засгийн хөгжлийн сайд онцолсон юм.

Мэдээллийнхээ төгсгөлд Н.Батбаяр сайд "Бид төр, хувийн хэвшлийн онцгой гэрээгээр хийгдэх эдгээр замуудад хамгийн гол нь замын стандарт, норм, чанарын асуудлыг гол үзүүлэлт болгож ашиглалтад орсон замыг хүлээж авахдаа дээрх үзүүлэлтүүдийг урьтал болгоно. Бид хамгийн гол нь чанар, дараа нь авах, өгөх талаар ярилцана" гэсэн нь энэ онд хийгдэх зам барилгын ажлын чанарт Засгийн газрын зүгээс дорвитой анхаарах юм байна гэсэн итгэл төрүүлсэн юм. "Бүтээн байгуулалтын цаг"-ийн энэ удаагийн зочин, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын мэдээллээс тоймлон хүргэвэл иймэрхүү сонинтой.

Д.Энхтүвшин          

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.