
Покров хотод байрлах засан хүмүүжүүлэх төвд ял эдэлж байгаа ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный өлсгөлөн зарлажээ.
А. Навальныйгийн фэйсбүүк нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд засан хүмүүжүүлэх төвийн зүгээс А. Навальныйд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс удаа дараа татгалзсан учраас А. Навальный өлсгөлөн зарлахаас өөр аргагүйд хүрсэн тухай бичжээ. Тэрээр засан хүмүүжүүлэх төвийн албан хаагчдад нуруу болон баруун хөлний хурц өвдөлт, зүүн хөл нь бадайрч байгаа тухайгаа мэдэгдсэн ч түүнд ямар ч эмнэлгийн тусламж үзүүлэгүй тухай дурджээ.
А. Навальныйгийн бичсэнээр тэрээр эмчид үзүүлэх бүрэн эрхтэй ч түүн дээр ямар ч эмч оруулахгүй, түүнд ямар ч эм өгөхгүй байгаа аж. Түүнчлэн А. Навальный засан хүмүүжүүлэх төвийн удирдлагуудын тушаалаар засан хүмүүжүүлэх төвийн хоригдлууд түүнд сэтгэл зүйн дарамт үзүүлж байгаа тухай дурджээ. А. Навальныйтай хамтран ажилладаг Леонид Волков өөрийн Telegram нийгмийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан А. Навальныйгийн биеийн байдал муу байгаа тухай мэдэгджээ. А. Навальныйгийн өмгөөлөгчдийн хэлснээр түүн дээр эмч оруулахгүй, эмчийнх нь бичиж өгсөн эмийг түүнд дамжуулж өгөхгүй байгаа ба засан хүмүүжүүлэх төвийн албан хаагчид түүнийг шөнөдөө багадаа 8 удаа сэрээж, нойргүйдүүлж, тамлан зовоож байгаа тухай ч дурдсан байна.
Үүнтэй холбоотойгоор Европын холбоо, АНУ, Их Британи болон Балтын тэнгисийн бүс нутгийн орнууд ОХУ-ын эрх баригчдад хандан А. Навальныйд зохих эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, өмгөөлөгчидтэйгээ харьцахыг нь зөвшөөрөхийг шаардсан байна.
Эх сурвалж: DW.com
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.