
Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын зэвсэгт хүчин Украины хотуудад пуужингийн 10 гаруй цохилт үзүүлжээ. Украины нийслэл Киев хотод орон сууцны барилга пуужинд оногдож, 1 хүний амь эрсдэж, 6 хүн шархадсан байна. Украины талаас мэдээлснээр оросууд Киев мужид л гэхэд 14 удаагийн пуужингийн цохилт үзүүлсэн байна.
Түүнээс гадна Оросын зэвсэгт хүчний цохилтонд зүүн хойд зүгийн Харьков муж болон Черкас хот өртөж, нэг хүн амиа алджээ. Москва Украины хотуудад цохилт үзүүлсэн нь ХБНГУ-ын Бавари дахь Эльмау цайзад дэлхийн хамгийн баян улс орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалт болох "Их-7"-гийн чуулга уулзалт болж байгаатай холбоотой хэмээн ажиглагчид үзэж байна.
Гурван өдөр үргэлжлэх уг чуулга уулзалтын гол сэдэв нь Украины асуудал бөгөөд "Их-7" -гийн удирдагчид Украинд үргэлжлүүлэн зэр зэвсгийн тусламж үзүүлж, Москвагийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухай хэлэлцэх аж.
Оросын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр өнгөрсөн ням гарагт оросууд өндөр нарийвчлалтай пуужингийн систем ашиглан Чернигов мужид байрлах Украины армийн бэлтгэлийн төвүүд, Житомир болон Львов зэрэг хотуудад цохилт үзүүлсэн аж.
Оросын пуужингийн цохилтонд өртсөн Львов хотын Старичи дүүрэг нь НАТО-гийн гишүүн орон болох Польш улсын хилээс 30 км зайд байрладаг аж. Киев хотын дарга Виталий Кличко оросууд "Их-7" -гийн уулзалтаас өмнө украинчуудыг айлгахыг оролдож байна хэмээн мэдэгджээ.
Хамгийн сүүлд оросууд энэ сарын 5-нд Киев хотын захад байрлах төмөр замын депог бөмбөгдсөн билээ. Украин руу цэргээ оруулснаас хойш Оросын арми Украины зүүн хязгаарын Донбассын бүс нутгийг хяналтандаа авах зорилт тавьж, өнгөрсөн бямба гарагт Северодонецк хотыг эзэлсэн юм.
Украины арми оросуудаас зэр зэвсгээр дутуу байгаагаас болж оросуудтай үр дүнтэй тэмцэж чадахгүй байгааг Украины эрх баригчид онцолж, барууны орнуудаас холын зайн тусгалт хүнд даацын зэр зэвсэг шуурхай илгээхийг шаардсаар байна.
"Их-7"-гийн уулзалтыг эх орондоо зохион байгуулж байгаа ХБНГУ-ын канцлер Олаф Шольц чуулга уулзалтанд оролцож буй улс орнууд Украины асуудал дээр нэгдмэл үзэл бодолтой байгаа гэдгийг цохон тэмдэглэжээ.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(64.119.26.142) 2019-10-02 18:52Хур системийг ашиглана гэдэг маш аюултай. Хувийн бүх нууцыг олж авна гэсэн үг. Үүнээс өөр арга хэрэглэхгүй, зөвхөн хур систем рүү дайраад байдаг нь ямар учиртай юм бэ. Таны банкны болоод нийгмийн даатгал, эхнэр нөхөр бүх мэдээллийг олж авна гэсэн үг. ҮҮнийг Монгол улс зөвшөөрөхгүй байлгүй дээ.
Хариулах