Ослын буруутай алуурчдад оноох ял илүү хүндэрнэ

Twitter Print
2014 оны 04-р сар 23-нд 09:34 цагт
Мэдээний зураг,
 

Өмнөд Солонгосын “Sewol” хөлөг онгоцноос гаргаж авсан цогцосны тоо өнгөрсөн шөнө 128 хүрлээ. Осол гарсанаас хойш найм хоног өнгөрсөн тул цаашид амьд хүн олдох найдваргүй нь тодорхой. Шумбагчид одоо хөлөг онгоцны зорчигчид олноор цугларсан байж болзошгүй гэж үзэж буй гурав, дөрөвдүгээр давхруудад эрлийн ажиллагааг төвлөрүүлэн ажиллаж байна. Ослын үеэр зорчигчид өглөөний цай уухаар ресторанд цугларсан байх магадлалтай тул шумбагчид энэ сарын 22-ны үүрийн 05:51 цагаас эхлэн ресторанд нэвтрэх тандалт хийж эхэлсэн аж.

Онгоцны ослын шалтгааныг тодруулах ажлын явцад онгоц ослын өмнө 45 хэмийн эргэлт хийсэн болохыг тодруулсан байна. Өмнө нь холбогдох албанаас хөлөг онгоц 115 хэмийн огцом эргэлт хийсэн нь ослын шалтгаан болсон гэж мэдэгдэж байсан бол шалгалтын явцад 115 биш 45 хэмийн огцом эргэлт хийсэн болохыг тогтоожээ. Онгоцны жолоодлогын системд гэмтэл гарснаас ийнхүү огцом эргэлт хийсэн байж болзошгүй гэж одоогоор таамаглаж байна.

Өмнөд Солонгосын ерөхийлөгч Пак Гён Хе алуурчид хэмээн нэрлэсэн “Sewol” хөлгийн ахмад Ли Жун Сок болон багийн бусад зургаан гишүүдэд одоогоор төлөвлөж байгаа ял цаашид улам  хүндэрч байгааг “Korea Times” сонин тэмдэглэсэн байна.

Осол болох үед хөлөг онгоцны ахмад удирдлагын тавцан дээр байхгүй байсан бөгөөд дараа нь хүрч ирээд зорчигчдыг өрөө, өрөөндөө байж байхыг тушаасан байна. Харин ийм тушаал өгсөнийхөө дараа тэрээр өөрөө хамгийн түрүүнд хөлгийг орхижээ. Түүнийг ахлах механикынхаа хамт эрэг дээр гарч ирэхэд эргийн хамгаалалтын албаны цагдаа нар баривчилсан байна. Үүний дараа хорин минут өнгөрөхөд хөлөг бүрмөсөн живсэн аж. Ийм хариуцлагагүй гэхэд дэндүү, ухваргүй тэнэг явдал гаргасан хөлгийн багийнханыг алуурчид гэж үзэхээс өөр аргагүй юм.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.