
1910 оны 3 сарын 26-ны өдөр Манжийн харьяанд байсан дотоод Монголын Их хүрээнд Монгол лам нар болон Манж хятад худалдаачдын хооронд зодоон болжээ. Хүрээнд гурван монгол лам хятадын нэгэн пүүсийн худалдагч нарын хооронд маргаан болж, улмаар хоорондоо зодолдсонд цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан хятад цэргүүд зодоон хийж буй монгол лам нарыг баривчлан, цагдаагийн газар руу авч явахыг оролдоход Хүрээний олон монгол тэд нар луу дайрч, улмаар хятад пүүсийг эвдэв хэмээн түүхэнд үлдэж.
Тэгэээд жаахан юм хайтал ийм нэг мэдээлэл байна. Хугацааны хувьд 3 сарын 26-нтай таарахгүй байгаа ч сонирхолтой санагдсан тул та бүхэнтэй хуваалцаж байна.
15-р жарны цагаан нохой жил буюу 1910 оны өвлийн дунд сарын хорьдоор Дашчоймбол хийдэд “Домын дамжаа” гээч нь болох үед Да хүрээн дахь Хятадын өргөн чөлөөний хойшоо харсан том хүрэн дэлгүүрийн үүд хавьцаа лам нар болон хятадуудын хооронд нэлээд сүрлэг зодоон болсон гэдэг. Унтрах дөхсөн зул улам хүчтэй бадардаг гэдэг шиг унах дөхсөн Манж амбан тухайн үед өмнөхөөсөө илүү чангарсан гэх бөгөөд үүний улмаас Да хүрээний хятад худалдаачид хүртэл ихээхэн омогтой болж ирсэн байна. Ямар сайндаа л тэд өөрсдийгөө хүрээний зодоонч лам нар болон омголон танхай морьтой иргэд, чулуун байлдаан хийдэг банди нарын бүлэглэлээс хамгаалахын тулд Бээжингээс тусгай хүмүүс урин залж өөрийн гэсэн цагдаагийн газартай, хамгаалалтын албатай болж байсан гэдэг. Тухайн үед хятад хамгаалагч нарыг “Шаазай” гэж нэрлэдэг байж. “Шаазай” нар болон цагдаагийн газар нь Хятад хорооллын гуравдугаар гудамжинд байсан бөгөөд Манж амбан 1909 оны намраас эхлээд энэхүү гудамжинд нүд хурц, хөл түргэн хорин ламыг байнга суулгаж байхаар тушаал буулгажээ.
Хэрвээ ямар нэгэн хэрэг төвөг гарвал эдгээр лам аль аймгийн, аль гудамжны ямар хүн хэрэг тарьсаныг тэмдэглэж аваад Манж амбанд мэдэгдэж байх үүрэгтэй байж. Учир нь тухайн үед хүрээний зодоонч лам нар болон дэггүй банди нар хятадуудтай байнга зодоон өрнүүлдэг, тэгээд яг баригдах үедээ чулуу нүүлгээд зугтчихдаг байж л дээ. Тиймээс чулуу нүүлгээд зугтсан хүмүүсийг барьж авах, хэн болохыг нь мэдэж авахын тулд хятадууд нүд хурц, хөл түргэн хорин ламыг ийнхүү дайчилсан хэрэг.
Гэвч иймэрхүү арга хэмжээ авсанаас хойш Да хүрээний хятад, монголчуудын эв түнжин улам муудаж, худалдаа наймаа хийхдээ хүртэл учраа ололцохгүй хэрэлдэж маргалдах нь их болжээ. Энэхүү байдал нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэхэд зохих ёсоор нөлөөлсөн гэдэг. Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн тэмдэглэн хэвлүүлсэн “Өвгөн Жамбалын яриа” хэмээх бэсрэг номонд энэ тухай тодорхой өгүүлсэн байдаг. Энэхүү ном эдүгээ цагт ховордоод нүдний гэм болжээ. Богдын дэргэдийн “Донир” байсан Борын Жамбал өөрөө ч их сонин намтартай хүн байсан бөгөөд түүний авааль эхнэр нь Ардын хувьсгалын дараа маршал Х.Чойбалсангийн зуурьдын амраг болж явсан Бортолгой юмсанж. Борын Жамбал нь 1960-аад оны үед ная орчим настайдаа их зохиолч Ц.Дамдинсүрэн гуайд 1900-гаад оны Да хүрээний сонин хачин явдлын тухай олон янзын хууч домог хүүрнэсэн байх бөгөөд энд 1910 оны өвөл өрнөсөн нэгэн зодооны тухай хүүрнэлийг нь бичгийн хэлбэрт оруулан сийрүүлэв.
“…Эрт цагт Богд хаанд мөргөхөөр ирсэн хүмүүст “Дэлгэр мөргөл” гээчийг хийж долоо хоногт нэг удаа мөргөл тавьдаг байсан юм. Сүүлдээ Богд “Хаяа хаях” гээчийг явуулдаг болсон. Тэр үед Богд одоогийн гол музей байгаа дунд сүмийнхээ цонхоор идэш ууш, торго дурдан, хадаг яндар зэрэг элдэв зүйлсийг хаядаг байсан юм. Үүнийг “Хаяа хаях” гэж нэрлэдэг байлаа. Түүнийг нэг удаа “Хаяа хаях” үед “Ямаан” Чимид гэгчийн хүү хамаг юмыг нь аваад явсан ба үүнээс хойш тэр Богдыг “Хаяа хаях”-ыг отож байгаад бүх зүйлийг нь хамдаг болсон. Ингэж байгаад “Ямаан” Чимидийн хүү сүүлдээ Богдын таалалд нийцэж дэргэд нь суудаг болов. Нэг өдөр “Ямаан” Чимидийн хүү гэрийн зуухны тавиур хийлгэхээр Да хүрээний баруун дамнуургачины хятад пүүс рүү явсан байна. Тэгээд эндхийн нэг хятад мужаанд зуухны тавиур захиалаад маргааш өдөр нь ирж авахаар болжээ. Маргааш нь тэр хятад пүүс рүү очиж тавиураа авах үедээ “Муу хийсэн байна” гэж хэлтэл хятад мужаан ихэд уурлаж “Ямаан” Чимидийн хүүг олсоор оосорлоод байшингийн нуруу модноос дүүжилж орхисон байгаа юм. Энэ үед Чимидийн хүү “Амь авраарай” гэж чангаар орилж хашгирсанд Гандангийн хуралд явж байсан лам нар сонсоод хятад пүүс рүү дайран оржээ. Тэд Чимидийн хүүг суллаж тавь гэсэн шаардлага тавьтал хятадууд дургүйцэж лам нартай зодолдсон байна. Лам нар Чимидийн хүүг арай ядан тавиулаад хятадуудаас зугтсаар Гандан руу орж ирэхэд Манж амбан дөрвөн хүнээр дамнуулсан ногоон жуузтай, пүүсний баахан хятадын хамт өөдөөс нь угтсан байна. Ингээд Гандангийн хурлын үүдэнд цугларсан олон лам амбан руу чулуу нүүлгэж, улмаар жууз тэрэгнийх нь “дог”-ийг хуга чулуудсанаар амбан жуузнаасаа бууж Эрхэмийн аймгийн гудамжаар хятадуудын хамт зугтжээ. Чулуун байлдаан нь тэр үед тэмцлийн нэг хэлбэр болж байлаа. Да хүрээнд чулуу нүүлгэхдээ сайтар мэргэжсэн олон банди байсан.
Манж амбантай цуг зугтаж явсан хятадууд Эрхэмийн аймгийн гудамжинд нохой хооллож байсан жирийн нэг ламыг барьж аваад явсан байлаа. Цааш яваад Хятадын өргөн чөлөөнд байх “Ханан бүхээгт” гэдэг худалдааны пүүсний дэргэд Дэнзэн гэдэг лам согтуу, зузаан цай аваад гуйвж явсныг бас бариад авчээ. Түүнээс цааш явж байтал Тойслэнгийн аймгийн “Ловш” Лувсанцэрэн гэдэг лам согтуу явж байсныг барьж аваад явсан байв. Энэ үед Гандан дээр үймээн гаргасан лам нарыг барихаар ирсэн арван тавны цагдаа Амар залан гээчийг барьж зодох гэсэнд мань цагдаа ухаан алдан зайлж цогчин гэсгүй Довдон гэдэг хүний суган доор шургаж арай ядан амь гарч байлаа. Сүртэй зодоон цохионы хэрэг гарсан сургаар “Шанзав” Бадамдорж морьтой, баахан зайсан дагуулж ирээд цугларсан лам нарыг арай ядан тарааж байлаа” Манж амбан, “Шанзав” Бадамдорж нарын шаардлагаар Чимидийн хүүг барьж цаазалсан гэж зарим хүн ярьдаг байсан. “Ямаан” Чимидийн хүүг үхсэнээс хойш Богд хаан ар гэрийнхэнд нь буян үйлдүүлэхээр хэдэн ембүү хүргүүлж байсныг санаж байна” гэх мэтээр их зохиолч Ц.Дамдинсүрэн агсанд дурсаж байжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Анна
(141.94.71.109) 2022-02-16 16:21Хочу на море гээд байхгуй юу
Хариулах