Хилийн чанад дах Унгарчууд

Twitter Print
2020 оны 09-р сар 03-нд 18:22 цагт
Мэдээний зураг,

Унгар улс 1920 оны Трианоны гэрээгээр нутаг дэвсгэрийнхээ гуравны нэгийг алдсанаар хөрш улсуудад амьдарч буй унгар үндэстэн хүмүүсийн тухай ойлголт гарч ирсэн байдаг. (Унгараар határon túli vagy külhoni magyarok гэж нэрлэдэг.) Одоо Унгар улсын 7 хөрш улсад унгарчууд амьдардаг бөгөөд Унгарчууд өөрсдийгөө “Унгарчуудаар хүрээлэгдсэн Унгар улс” гэж ярьдаг. (Тэд дэлхий дээр өөр ийм улс байхгүй гэж ярьдаг ч яг энэ ойлголтоор бол Монгол улс ч Монголчуудаар хүрээлэгдсэн улс юм.)

Хилийн чанад дах Унгарчуудын тухай асуудал унгарын дотоодын улс төрийн ихээхэн маргаан дагуулсан асуудал байсаар ирсэн ба 2012 оны Үндсэн хуулиндаа унгар улс иргэдээсээ гадна хилийн гадна буй унгар үндэстнүүдийн төлөө ч хариуцлага хүлээнэ гэсэн утгатай заалт оруулсанаар Унгар үндэстний улс төрийн бодлого бий болж одоогийн Засгийн Газрын тэргүүлэх брдлогуудын нэг болоод байна. Унгар улсад одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж ёсоор хөрш улсуудад буюу хилийн чанадад амьдарч буй унгарчууд Унгар улсын иргэншилтэй байж болох төдийгүй Унгарын сонгуульд оролцон санал өгөх ч эрхтэй. Хамгийн сүүлийн статистикаар Унгар улс 9,7 сая хүн амтай бол Румын улсад 1,4 сая, Словак улсад 520 мянга, Сербид 293 мянга, Украйнд 170 мянга, Австри цлсад 70 мянга, Хорватад 16,5 мянга, Словенд 10 мянган унгар үндэстэн амьдарч байна.

Унгарын ЗГ сүүлийн жилүүдэд хилийн чанадад буй Унгарчуудад бүх талын дэмжлэг үзүүлж ирсэн ба 2020 онд 7 сарын байдлаар 2,2 тэрбум форинтны мөнгөн дэмжлэг үзүлсэн байна. Унгар улсад “Хүн холбоо” хөтөлбөр хүрээнд хилийн чанадад өөр улсад Унгар гэр бүлд төрсөн хүүхдэд мөнгөн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, одоогийн байдлаар хилийн чанадад төрсөн 20000 хүүхдэд Унгарын ЗГ мөнгөн дэмжлэг үзүүлж байгаа юм байна. Мөн соёл урлагын салбарт, боловсролын салбарт сургууль барьж байгуулахаас эхлүүлээд унгар хэлтэй сургууль болон сурагчдад сурах бичгийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үндэстний улс төрийн бодлого стратегийн асуудлыг Унгарын ЗГ дотор ерөнхий сайдын орлогч хариуцдаг.

З.Батбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.