Токио онц байдлын дэглэмээ цуцаллаа

Twitter Print
2021 оны 06-р сар 21-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

Токиогийн Олимпийн наадам эхлэхээс 5 долоо хоногийн өмнө буюу өчигдрөөс Токио хотод тогтоосон онц байдлын дэглэмийг цуцаллаа.

Коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор өнгөрсөн 4-р сарын сүүлээс эхлэн Токио болон Японы хэд хэдэн бүс нутагт онц байдлын дэглэмийг тогтоосон билээ. Онц байдлын дэглэм энэ ням гарагаас цуцлагдсан ч ирэх сарын 11 хүртэл зарим нэг хязгаарлалт үйлчлэх ба үүнд томоохон арга хэмжээг үзэх үзэгчдийн тоог 5000-гаас хэтрүүлэхгүй байх, эсвэл тухайн арга хэмжээ явагдаж буй байгууламжийн  талаас илүүгүй хувийг үзэгчдээр дүүргэх зэрэг хязгаарлалтыг тусгажээ. 

Токиогийн Олимпийн наадам ирэх сарын 23-нд эхлэх бол Паралимпийн наадам 8-р сарын 24-нд эхлэх юм. 

Олимпийн наадмын үеэр коронавирусын халдварын тархалт нэмэгдэнэ гэсэн айдас иргэдийн дунд байгаа ба олон тооны иргэд Олимпийн наадмыг хойшлуулах эсвэл цуцлах хэрэгтэй гэж үзэж байгаа нь олон нийтийн санал асуулгаар тогтоогдоод байгаа билээ. 

Үүнтэй холбоотойгоор Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга Токиогийн Олимпийн наадмыг аюулгүй зохион байгуулж, наадмын үеэр болон наадмын дараа коронавирусын халдвар тархахаас сэргийлэхийн тулд япончуудыг Олимпийн тэмцээн уралдааныг биечлэн үзэхийн оронд гэртээ зурагтаараа үзэхийг уриалаад байна. 

Өнөөдрийн байдлаар Токиогийн Олимпийн тэмцээн уралдааныг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар болсон ч дотоодын үзэгчдийг тэмцээн уралдаан болох байгууламж руу оруулах эсэх талаар тодорхой шийдвэр гараагүй байгаа юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.