Жо Байден АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч боллоо

Twitter Print
2021 оны 01-р сар 21-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 11-р сарын 3-нд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан Жо Байден Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, албан ёсоор АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч боллоо.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Жо Байден гэр бүлд нь өвлөгдөн ирсэн Библийн судар дээр гараа тавин тангаргаа өргөсөн нь олны анхаарлыг татсан байна. 12.7 см зузаан, хавтсан дээрээ Кельтүүдийн загалмайг дүрсэлсэн уг Библийн судрыг Байдений гэр бүл 1893 оноос хойш эзэмшиж байгаа түүхтэй аж. Ерөнхийлөгч Жо Байден уг Библийн судрыг 1973 оноос хойш Сенатын гишүүний тангараг өргөх 7 ёслолд, 2009 болон 2013 онд АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн тангаргаа өргөхдөө тус тус ашиглаж байжээ.

78 настай Жо Байден АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад Ерөнхийлөгч болж байна. Ерөнхийлөгч Жо Байден болон Дэд ерөнхийлөгч Камала Харрисын тангараг өргөх ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, Барак Обама, Билл Клинтон нар гэргийн хамтаар хүрэлцэн ирсэн байв. Харин Ерөнхийлөгч асан Жимми Картер эрүүл мэндийн шалтгаанаар уг ёслолд оролцож чадахгүй гэдгээ мэдэгджээ. Коронавирусын цар тахлын улмаас Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр уламжлал ёсоор хэдэн арван мянган хүнээр дүүрэн байдаг Капитолын байрны урдах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хоосон байлаа. Үзэгчдийн оронд зохион байгуулагчид тус улсад коронавирусын халдварын улмаас нас барсан 400 мянган хүний дурсгалыг хүндэтгэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 мянга орчим далбаа хатгасан байв. Жо Байдений тангараг өргөх ёслолыг зохион байгуулагчид уг ёслолд уригдсан цөөн тооны зочид төлөөлөгчдийг хооронд нь зай бариулах үүднээс хооронд нь зайтай суулгажээ. Түүнчлэн зочид төлөөлөгчдөөс гадна тангараг өргөх ёслолд оролцож буй бүх албан хаагчид амны хаалт зүүсэн байв.

Тангараг өргөх ёслолыг албан ёсоор эхлүүлж Сенатын гишүүн Рой Блантыг үг хэлсний дараа бүгд суудлаасаа босч АНУ-ын төрийн дуулалд хүндэтгэл үзүүлсэн байна. АНУ-ын Төрийн дууллыг дуулах хүндтэй үүргийг дуучин Леди Гага хүлээсэн юм. Төрийн дуулал эгшиглэсний дараагаар Дэд Ерөнхийлөгч Камала Харрис тангараг өргөсөн байна. Тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны өнгөт арьст, Ази-Америк гаралтай эмэгтэй Дэд ерөнхийлөгч болж байгаа юм. Дэд ерөнхийлөгч Камала Харрисыг тангараг өргөсний дараагаар дуучин Женнифер Лопез This Land is Your Land, America the Beautiful зэрэг дуунуудын хэсгээс дуулан хүндэтгэл үзүүлсэн байна. АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөснийхөө дараагаар хэлсэн үгэндээ түүний засгийн газрын өмнө олон зуун мянган хүний амийг авч одсон коронавирусын цар тахал, цар тахлын улмаас олон тооны иргэд ажлын байргүй болсон явдал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал зэрэг олон асуудлууд тулгарахыг онцолжээ. Тэрээр нэн тэргүүнд америкчуудыг нэгдэхийг уриалж, "Эв нэгдэлгүй бол энх тайван гэж байхгүй. Зөвхөн уйтгар гуниг, уур бухимдал л оршино. Энэ өвөл америкчуудад хийх, сэргээх, барьж бүтээх маш олон зүйл байна." хэмээжээ. Ерөнхийлөгч Жо Байдений хэлснээр өнгөрсөн хугацаанд америкчууд ардчилал үнэ цэнэтэй, хэврэг гэдгийг ойлгосон ба АНУ-д ардчилал дахин ноёрхлоо тогтоожээ.

Тэрээр бүх америкчуудын төлөө тэр дундаа өөрийг нь дэмжээгүй иргэдийн төлөө тэмцэх болно гэдгээ амласан байна. Жо Байден хэлсэн үгэндээ Вашингтон улс орнуудтай харьцаагаа сэргээнэ гэдгийг онцолсон байна. АНУ-ын Төрийн тэргүүний албан тушаалд томилогдсон эхний өдрөө Жо Байден хэд хэдэн тушаалд гарын үсгээ зурахаар төлөвлөөд байгаа аж. Үүнд Америк-Мексикийн хил дээр хана барих ажлыг зогсоох, АНУ-ыг Парисын гэрээнд дахин нэгтгэх, ДЭМБ-ын гишүүнчлэл татгалзах шийдвэрийг цуцлах зэрэг багтаж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.