
Өнөөдөр Сэр Томас Мур нас баржээ. Тэр дөнгөж 100 настай байлаа. Хэд хоногийн өмнө түүнийг корона вирусын шинж тэмдэгтэй байна гэж эмнэлэгт хүргэсэн ажээ. Маш хүнд өвчтэй байсны улмаас вакцин хийлгэх боломжгүй болж ковидод гүйцэгджээ.
Нас дээр гарсан, хүнд өвчтэй хүний хувьд байж болох асуудал байх. Гэхдээ л харамсаж байгаа хүн дэлхий даяар олон байгаа учраас түүхийг нь өгүүлье. Тэр нэг их удаан Сэр цолтой байгаагүй ч маш сайн эрхэм байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний түүх бол корона вирусын эрин үед хамгийн сэтгэл хөдөлгөсөн, хүнлэг түүхийн нэг юм. Том Мур төрөхдөө хүлэгт баатрын зиндаанд төрөөгүй юм. Дэлхийн 2-р дайны ахмад дайчин, хожим нь хэн ч мэддэггүй нам гүм амьдардаг тэтгэврийн хөгшин байлаа. Жижигхэн байшинд амьдарч, арайхийн дугуйт таяг ашиглан хөдөлнө. Хэдэн жилийн өмнө орон нутгийн эмнэлэгт хорт хавдар, мөн ясны гэмтэл эмчлүүлж байжээ.
Цар тахлын үе эхлэхэд өвгөн өөрийг нь эмчилж эдгээсэн сайхан сэтгэлт эмч, эмнэлгийн ажилтнуудын тухай санаж тэдэнд зориулж сайн үйл хийхээр шийджээ. Тэр өөрөө дайнд тулалдаж явсан цэрэг байсан бол одоо тэд нар дайнд тулалдаж байна. Ядаж л амттай хоол идэг гэж өвгөн Мур боджээ. Түүний бодож олсон арга нь өөрийнхөө байшингийн гадаах цэцэрлэгт алхах байв. Санаа нь тун энгийн. Сарын дараа түүний 100 насны төрсөн өдөр болох гэж байсан тул гаднах цэцэрлэгтээ 100 тойрог алхахаар шийджээ. Гол нь түүний тойрог бүрийг хүссэн хүн нь ивээн тэтгэх боломжтой ба тэр мөнгийг эмнэлэгт хандивлах аж. Нэг их том гавьяа биш юм шиг боловч бараг 100 насалсан, дугуйт таяг тулж арайхийн алхдаг хүний хувьд ялалт биш оролцоо чухал гэдэг үг биеллээ олно.
Хэн нэгэн энэ тухай мэдээлэл тавьж, хэн нэгэн багахан мөнгө илгээж, бас өөр нэгэн энэ тухай мэдээлэл тавьжээ. Ноён Мурын тухай төв мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа хандивлаж байгаа мөнгөний хэмжээ түүний анхны цуглуулахаар бодсон 1000 фунт биш бүр сая гэсэн тоонд хүрчээ. Хоёр долоо хоногийн дараа 20 сая фунт цугларчээ.
Тэр ч байтугай You’ll never walk alone гэсэн дууг Michael Ball гэдэг дуучинтай хамтран дуулснаар британийн хөгжмийн чартад эхний байр эзэлсэн хамгийн өндөр настай дуучны тоонд оржээ. Өмнө нь эхний байранд байсан хамтлаг мөн энэхүү хандивын үйл ажиллагаанд оролцож өөрийнхөө шүтэн бишрэгчдээ саналаа өгөхийг уриалсан гэдэг. 100 насных нь төрсөн өдрөөр ирсэн 100 мянга гаруй мэндчилгээ захидлыг нээж унших ажилд сайн дурынхан цуглаж тусалжээ. Том Мур өөрийнхөө сайн үйлсийн аяныг төрсөн өдрөөрөө хаахад нийт 32 сая фунт цугласан байлаа.
7 сард Том Мурыг Английн Хүлэгт баатрын Сэр цол олгохоор тодорхойлжээ. Эртний нарийн ёс заншил бүхий цол олгох ёслолыг оролцогчийн боломжийг харгалзан гүйцэтгэжээ. Учир нь тийм ч залуу биш Хатан хаан сэлэмтэй ёслолыг тэгж ингээд гүйцэтгэж дөнгөсөн ч дугуйт таяг түрсэн хүлэгт баатар ёс заншлын дагуу бохирч суух боломжгүй байлаа. Гэсэн хэдий ч ёслолыг хүчин төгөлдөрт тооцож эрхэм ноён Сэр Том Мур цолоо хүртжээ. Эзэнт улсад ийм хүлэгт баатрууд хэрэгтэй. Тэр ямар гавьяа байгуулсан билээ? Нэг их сүртэй зүйл биш. Тэр зүгээр л алхсан. 100 настайдаа алхах тийм ч амар биш. Тэр өнөөдөр энэ хорвоогоос явжээ. Гэхдээ хамгийн бүрхэг цаг үед хүн бүрд итгэл найдвар үлдээгээд явлаа. Бид ч мөн л нэг нэгнийгээ дэмжин амьдралд яаж ийгээд алхацгааж л байна. Эцэст нь бүгд л зорьсондоо хүрцгээнэ.
Өнөөдөр дэлхий даяар түүнд хүндэтгэл үзүүлж байна. Thank you and Rest in Peace, Sir Tomas.
Ш.Батзориг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.179.21.236) 2021-02-04 11:31гайхалтай
Хариулах