Монгол Улсын Ардын жүжигчин С.Батсүх...

Twitter Print
2021 оны 02-р сар 07-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Гоё оо, хэлээд үзсэн чинь сэтгэл огшмоор сайхан сонсогдож байна. Нэг тийм эв хавгүй, намхан, бүдүүн хүн л анх харагдана. Ядаж байж яаж дуулна аа гэж анх арай л хэлээд тавьчихаагүй шүү, ээ бурхан минь гэж.

Илүүдэл жинтэйгээ ихээхэн ноцолдсоноо сүүлд ярилцлагадаа өгүүлсэн байсан. Цагаа олж хэлээ хазсандаа баярладаг. За тэгээд дуулахыг нь сонсвол аргагүй сэтгэл нэвт шүү дээ. Тогтоод харвал гэнэн гэмээр тунгалаг нүдтэй, тогоотой сүү шиг халгисан сэтгэлтэй, хүүхэд насандаа гацчихсан ч юм шиг, эсвэл аль эрт хэдэн зуу насалсан мэт тийм ховор сонин мэдрэмж энэ хүнтэй гар барихад төрж билээ. Хамгийн гол онцлог нь зохиолын дууныхны нэг нэгнийгээ ижилсэн хуулдаг, ихэрлэн дуурайдаг зуршил түүнд ер үгүй.

Завханы Батсүх ахын дуулсан дуунууд зөвхөн түүнийх л байдаг. Хаанаас ч, хэнээс ч хуулаагүй, хаа газрын хэн ч даган дуурайх гээд барахгүй бүтээлүүдтэй. Тайзан дээр нэг гарахаараа буухаа мэдэхгүй. Үзэгчид дахиулаад үнэндээ л амар тавьж явуулахгүй шүү дээ. "Гоёлоо өмссөн ээж", "Орчлонг хайрлаарай", "Завхан гол", "Дэжиймаа"...олон ч сайхан бүтээлтэй. "Орчлонг хайрлаарай"-г аавыгаа тэнгэр дэвшүүлээд нутаг мордож явахдаа замын турш нулимстай дуулсан даа. Ц. Бавуудорж маань урлаж, хөгжмийг нь Д.Нармандах бичин жигүүр ургуулж, Завханы Батсүх дуунд дуртай ард түмнийхээ сэтгэлийн тэнгэрт нисгэсэн сайхан дуу.

Би гэдэг хүн зохиолын дууг тэгтлээ сонсож, даган дуулж байгаагүй юм билээ. "Гоёлоо өмссөн ээж" бол голт зүрх бөмбөрүүлнэ шүү дээ. МУГЖ болчихоод гавъяатын тэмдэгээ 50 нас хүртлээ зүүгээгүй гэдэг. Өөрийгөө болоогүй гэж үзсэн учраас өөрийнхөө шалгуурыг давсан хойноо энгэртээ гялалзуулъя гэж боддог гэж тайлбарласан. За залуу дуучид, шавь нарыгаа Завханы Батсүх шиг өргөж, түшиж, дэмжиж явдаг хүн ховор доо. Хамгийн бяцхан шавь нь Бат-Энэрэл. Түүнийхээ хоолойг хайрлаад насанд нь тохирсон дуу дуулуулах гэж хичээдэг гэдгээ хэлж байсан. Шавь нар нь Батсүх багшдаа ам сайтай, амьдралын замд хөтөлсөн гээд аргагүй хайрлана.

Хуурцагаа гаргахдаа хүртэл CD борлуулагч, ченжүүдэд мөнгө олж амьдралаа залгуулахад нь зориулан ес дэх цомгоо бичүүлж байсан гэхээр амьдрал мэддэг, амьдрал өвөрлөж, амьдрал түгээж явдаг хүн дээ. Шинэхэн Ардын жүжигчнээ хүлээн авагтун, тэр бол нутгаараа овоглосон Санжаажавын Батсүх!

Р.Эмүжин

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.