Хоёр Солонгост эв найрамдлын шан татагч

Twitter Print
2021 оны 05-р сар 20-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

“Хонгилдон”, Цэцэг худалдагч бүсгүй” киног орчуулж, монголчуудыг байлдан дагуулж явсан тэрбээр хоёр Солонгост 30 гаруй жил аттешегаас Элчин сайдаар ажиллажээ...

Энгүй ихийг бүтээгчид эгэл даруухан амьдардаг учраас л хорвоо дэлхий оршин тогтнодог байж мэднэ... Хэдхэн хоногийн өмнө танилцсан ч насан туршдаа найз нөхөд эсвэл дотно танилууд байсан мэт хамгаа дэлгэн хуучилсан Ж.Ломбо гуай намайг ийн бодоход хүргэсэн билээ. Тэрбээр амьдралынхаа 40 орчим жилийг Монголын гадаад харилцааг өргөжүүлэн тэлэхэд зориулсан, үүнийхээ 30 орчим жилийг Умард болон Өмнөд Солонгост атташегаас Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайдаар томилогдон ажилласан судлаач, доктор, уншигч таны болоод миний хувьд сониноос сонин ярилцагч билээ. Түүнийг “Үндэсний шуудан” сониныхоо “Хоймор”-т урин ярилцлаа.

-Хэн хүнд амархан олдоод байдаггүй Элчин сайдын алба тэр дундаа Умард Солонгост 20 гаруй жил ажиллаж, амьдарсан гэхээр уншигчид төдийгүй надад ч таны юу ярих их сонирхолтой байна л даа. Гэхдээ сонирхолтой, ховор түүхийн эзний угсаа гарвалын тухай ярианаас ярилцлагаа эхлүүлье?

-Би Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт төрж, өссөн. Манай аав, ээж өвөг, дээдэс бүгд тэр нутгийнх л даа. Аав минь Дэндэвийн Жанчивдорж гэж хүн байсан. 1956 онд Архангай аймгийн Цэнхэр суманд “Социализмын зам” нэгдлийг байгуулж, анхны даргаар нь ажиллаж байсан хүн. 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин байлаа. Манайх 1960 онд аймгийн төв рүү шилжсэн. Тэгж шилжсэн шалтгаан нь бид дөрвөөс болсон юм.

Бид чинь эцэг, эхээс дөрвүүлээ юм шүү дээ. Ах бид хоёр бага сургуулиа дүүргээд аймгийн төв рүү дунд сургуульд сурахаар явахад аав ээж хоёр маань хүүхдүүддээ эрдэм, номын мөр хөөлгөхөөр нэгдлийн даргын ажлаа орхиж, төв бараадсан хэрэг. Биднийг дунд сургууль төгстөл аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байгаад дахиад л хэдэн бор хүүхдээ дагаад Улаанбаатарыг зорьсон.

Түүнээс хойш Төв бараа бааз, Улаанбаатар хотын худалдааны удирдах газарт 40 шахам жил ажилласан хөдөлмөрч, хүүхдүүд, гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулсан хүн байсан. Ээжийн хувьд Аюушийн Долгоржав аймгийн хэвлэх үйлдвэр, хүнсний комбинат, Холбооны яам, Шуудан холбооны салбаруудад насаараа ажилласан, Онц холбоочин, ажилсаг, нинжин сэтгэлтэй хүн байсан. Миний угсаа гарвал гэвэл ижий, аав хоёр минь л юм даа. Тэр хоёр минь үр хүүхдийнхээ төлөө л бол өөрсдөд нь хэцүү байсан ч юунаас ч халшрахгүй зоригтой шийдвэр гаргадаг, ил биш сэтгэлийн их хүчтэй, дайчин хүмүүс байж дээ гэж одоо боддог.

-Та УБДС-ийн Кино драмын анги төгссөн, жүжигчин мэргэжилтэй юм билээ. Энэ мэргэжлийг яагаад сонгосон юм бэ. Одоо бол таны нэрийн хуудас жүжигчин бус дипломатч шүү дээ?

-Би нийслэлийн 17 дугаар сургуулийг төгсөөд Багшийн дээдийн Кино драмын ангид элссэн. Уг нь бол гадаад хэлний чиглэлээр сурах хүсэлтэй байсан ч гадаадад сурвал цэргийн, дотоодод сурвал анагаахад сурах хуваарь таараад байсан. Хаврын шалгалтаас нэлээд өмнө УБДС-ийн Кино драмын тэнхимийн багш нар манай сургууль дээр ирж, хүүхдүүдтэй уулзахдаа намайг ирж шалгуулаарай гэхээр нь очоод шүлэг уншиж, дуу дуулах мэтээр шалгуулсан байсныгаа бараг мартсан байв. Тэр үед дээд сургуулийн хуваарь ховор,өрсөлдөөн ихтэй байлаа.

Гэтэл конкурсын ид үеэр УБДС-аас миний нэр дээр Кино-драмын ангийн хуваарь ирүүлж, өөр хүүхэд авахгүй,эсвэл хуваариа буцааж авна гэсэн яриа гарч , ингээд л элссэн хэрэг. Намар нь УБДС-ийн Кино драмын ангийн элсэлтийн шалгалтад 300 гаруй хүн шалгуулснаас 25 нь тэнцэж орсны нэг нь би байлаа. Гэхдээ дунд сургууль, их сургуулийн зарим багш маань “Чи гадаад хэлээрээ дагнавал илүү ирээдүйтэй шүү” гэж зөвлөдөг, дэмждэг байсан. Би ч боломж л гарвал гадаад хэл сурна гэж боддог байлаа.

Хувь тавилан, юмны тохиол гэж сонин шүү. Нэгдүгээр курс төгсөх хавар Гадаад явдлын яаман дээр “Гадаадад сурах хүсэлтэй хүүхдүүдийг Их сургууль, Багшийн их сургуулийн Орос хэлний ангиас шалгаруулж авч байна” гэсэн зар сонсоод явж очоод шалгалтыг нь өгчихлөө. Тэнцсэн ч шалгалтын комиссынхон “Чи Орос хэлний ангийн оюутан биш учраас явуулах боломжгүй. Тэгээд ч Соёлын яамны мэдлийн цөөхөн оюутны нэг нь чи юм байна” гээд явуулаагүй. “Энэ удаад явж чадсангүйдээ” гэж бодож байтал кинонд тоглох боломж гараад жүжигчин болох замаа дагаад явсан.

-Таныг “Агуйн нууц” уран сайхны кинонд тоглосон гэж сонссон. Тэр анхны уран бүтээл тань байсан уу?

-Анх хоёрдугаар курст суралцаж байхдаа“Тунгалаг тамир” киноны Заяын гэгээний дүрд тоглох завшаан тохиосон. Дараа нь “Агуйн нууц”-д туслах дүр бүтээсэн. Сургуулиа төгсчихөөд Улаанбаатар хотын Соёлын хэлтэст хотын клуб, номын сан, музей, кино театруудыг хариуцсан зааварлагчаар ажиллаж байтал Гадаад явдлын яамнаас “ОУХДС-д сурах шалгалтад тэнцчихлээ. Одоо явах боломжтой юу” гээд холбогдсон. Сонин байгаа биз. Ажилдаа дөнгөж ороод байсан хүнийг юу гэж явуулах вэ дээ. Ингэж байтал Хотын дарга С.Лувсангомбо гуай “Тэр сайхан сургуульд явах гэж байхад нь бид татгалзаад яах вэ дээ, дэмжье” гээд явахыг зөвшөөрсөн дөө. 1972 онд Гадаад явдлын яамны нэр дээр БНАСАУ-д Ким Ир Сений нэрэмжит их сургуульд суралцах завшаан тохиосон.

Ингэж миний Солонгос Улстай амьдралаа холбох анхны зам тавигдсан түүхтэй. Түүнээс хойш 40 гаруй жил Гадаад харилцааны яамны системд ажилласан байна. Харин кино драмын ангийнхнаас маань Ардын жүжигчин Ц.Гомбосүрэн, гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, Б.Тунгалаг, Ш.Цэцгээ, УГЗ нэвтрүүлэгч Ж.Батбаяр гээд олон сайхан алдартан төрөн гарсан.

-БНАСАУ-д та амьдралынхаа 20 гаруй жилийг өнгөрүүлж, дипломат алба хашсан байдаг?

-Тиймээ, БНАСАУ-ын Элчин сайдын яаманд дөрвөн удаа томилогдож, 20 гаруй жил, 2001 оноос хойш БНСУ-д гурван удаа томилогдож, 10 -аад жил ажилласан гэхээр ажил, амьдарлынхаа 30 жилийг Солонгосын хойгт өнгөрүүлжээ.

-Нэг юм анзаарахад таны хүүхэд байхдаа мөрөөддөг байсан гадаадад сурах хүсэл биелээд зогсохгүй бараг насаараа гадаадад хүндтэй, хариуцлагатай алба хашжээ. Дээр нь Гадаад явдлын яаманд Солонгосын асуудлыг хариуцсан ховор мэргэжилтэн байжээ. Шалгалтад тэнцсэн ч явж чадаагүй хүнийг сургуулиа төгссөнийх нь дараа олж очоод, боломж олгож байдаг. Тийм тохиолдол ховор таарна шүү?

-Тийм шүү, намайг өөр мэргэжлийн хүн байсан гээд тоохгүй орхивол орхих л байсан. Тэгэхэд араас минь хөөцөлдөж, олж ирсэн тэр хүмүүст үнэхээр их баярлаж явдаг. Дээр үед Гадаад явдлын яам гэлтгүй бүх салбарт боловсон хүчнээ системтэйгээр, бодлоготойгоор бэлддэг, тохирох хүнийг нь эрж хайж, олж мэргэшүүлдэг байсан. Нэг орон, нэг бүс нутгаар нь мэргэшүүлж, дагнуулдаг байсны ачаар би Солонгосын хойг, Азийн орнуудтай харилцах асуудал хариуцсан мэргэжилтнээс эхлээд дипломат бүх албыг хашсан байна.Тэр үед ГХЯ залуу ажилтнуудыг улс төрийн газар, консулын газар, Ёслолын хэлтэс, Захиргааны хэлтэст сэлгэн ажиллуулж дадлагажуулдаг байсан нь дипломат албаны олон талт үйл ажиллагаанд оролцож, ажилдаа дадлагажин хожим нь бие даан ажиллахад тустай байсан санагддаг. Анх гадаад харилцаа, дипломат алба гэж юу болохыг мэддэггүй мөртлөө сонгосон ажил мэргэжилдээ сонирхолтой, очсон газар бүртээ биеэ дайчлан шамдан суралцаж, дадлагажиж байсан нь өдий хүрэхэд тус болсон гэж боддог.

-БНАСАУ бол хүн бүхний сонирхлыг татдаг орон. Таныг тэнд 20 жил сурч, ажиллаж, амьдарсан гэхээр нийгмийн өнөөгийн байдал болоод анх очих үеэс тань одоо хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж байгаагаас нь эхлээд асуух юм мундахгүй. Анх хөл тавьж байсан Умард Солонгос өнөөгийн Умард Солонгос хоёрт ялгаа хэр гарсан бэ?

-БНАСАУ-д 1970-аад оны эхээр анх очиж байлаа. Тэр үед БНАСАУ-д дайны дараа ид сэргээн босголтын үе байсан.Цаг наргүй хөдөлмөрлөсөн, сурсан завгүй хүмүүс л байдаг. Яаж тэр олон сая хүнийг ажил, амьдралтай нь зохион байгуулж, зохицуулж байгааг нь хараад гайхширдаг байлаа. БНАСАУ олон сая хүн амтай ч ажилгүй хүн байдаггүй. “Ажил хийвэл ам тосдоно” гэсэн зарчмыг хатуу баримталдаг. Тийм орчин нөхцөлд очсон хүн зүгээр суух эрхгүй, биеэ дайчлан сурахаас өөр аргагүйд хүрдэг юм билээ. Миний анх очиж байснаас БНАСАУ их өөрчлөгдсөн.

Засаглалын хувьд ялгаатай ч хөгжлийн хувьд өндөр хөгжиж байгаа гэж хэлнэ. Энэ хугацаанд ганц Умард Солонгос ч бус дэлхий дахинаараа өөрчлөгдөж, хөгжжээ. Эдний дундаас Умард Солонгос бол өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, гаднын хүчинд найдаж, тулгуурлахгүй, биеэ дааж хөгжих чиг баримтлалтай, нам төрийнхөө хууль, дүрэм, чиг шугамд үүнийгээ маш сайн тусгаж, хэрэгжүүлдэг, удирдагч, ахмад үеэ хүндлэн үг, сургаалийг нь ёсчлон дагадаг уламжлалтай улс л даа.

1950-1953 онд болсон Солонгос хоорондын дайны хөлд хоёр улс хоёулаа маш их хохирол амсч, их сүйдэж, хуваагдсан ч аль аль нь богино хугацаанд сэргэн боссон. Намайг анх Пёньянд очиж байх үед шинээр барьсан 5-6 давхар барилга, орон сууцны хорооллуудыг 2000 оноос дахин төлөвлөж, өөрчлөөд улс даяараа жил ирэх тусам л өнгө нэмж, Пёньян хот өнөөдөр орчин үеийн өндөр өндөр барилгатай танигдахын аргагүй гоё болсон. Солонгосын ард түмэн 1911-1945 он хүртэл колоны дарлал, 1950-1953 онд дайн үзсэн их хатуужил,тэвчээртэй хөдөлмөрч, дэг журам зохион байгуулалтад маш сайн ордог ухамсартай, ажилсаг үндэстэн. Удирдагчид нь ч үеийн үед ард түмнээрээ хүрээлүүлж чадсан, ард түмэн нь ололт амжилтын үндсээ тэд нарын үйл хэрэгтэй холбон үздэг. Солонгосын ард түмэн зовлон бэрхшээлийг ололт амжилтын эхлэл болгон харж, бүтээж чаддаг түмэн.

Сая дөрөвдүгээр сарын 15-нд Ким Ир Сений мэндэлсний 108 жилийн ой тохиож өнгөрлөө. Ким Ир Сен 1945-1994 он хүртэл улсаа удирдсан. Энэ ойг БНАСАУ-д үндэсний баяр болгон тэмдэглэдэг боловч энэ жилийн хувьд COVID19 тахлаас болж, хойшлуулсан. Уг нь манайхаас урлагийн хамтлаг баярын арга хэмжээнд оролцдог юм. Урлагийн их наадамд нь манай урлаг соёлынхон сүүлийн 30 гаруй жил тасралтгүй оролцож, тэргүүн байрыг нь эзэлдэг байв.

-Таныг 2001 онд БНАСАУ-д Элчин сайдаар томилогдон очиход ямар орчин нөхцөл угтсан бэ?

-Намайг БНАСАУ-д Элчин сайдаар томилогдож очиход хоёр орны харилцаа зогсонги байдалтай, БНАСАУ Улаанбаатар дахь ЭСЯ-аа хаасан, манай улс Пёньян дахь ЭСЯ-аа байлгах, эсэх асуудал хөндөгдсөн байсан. Солонгосын тал ЭСЯ-аа хаасан тул зардлын хувьд харилцан адил байх боломжгүй болж, манайх хоёр жилийн байр, орон сууцны түрээсийн болон бусад зардлын өртэй, Элчин сайд нь унах машингүй, нэлээд зутруу нөхцөл байдал угтсан. Ингээд нэгэнт очсоных хамт олноо зохион байгуулж, Пёньян дахь ЭСЯ-ыг хэвээр үлдээх бол зохих түвшинд төвхнүүлэн үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх саналыг төвдөө тавьж, санхүү, хөрөнгийн дэмжлэг авч, эхний жилдээ ЭСЯ-аа шинэ байранд нүүлгэн, машин унаатай ч боллоо.

ЭСЯ-аа төвхнүүлэхийн хамт хоёр орны уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг сэргээн хуучин голдиролд нь оруулах чиглэлээр ажилласны дүнд 2002 онд БНАСАУ-ын Гадаад Хэргийн сайд Пек Нам Сун Монголд айлчилж, Монгол улс, БНАСАУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны Гэрээг шинэчлэн байгуулж, Улаанбаатар хотноо ЭСЯ-аа сэргээн нээх асуудлыг хэлэлцэн, 2004 онд нээсэн. Дараа нь Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 онд , Ерөнхий сайд Н.Энхбаяр 2003 онд БНАСАУ-д , БНАСАУ-ын АДХТ-ийн дарга Ким Ен Нам 2007, АДХ-ын дарга Цой Тхе Бок нар Монгол Улсад айлчилж,төр засгийн газрын түвшний айлчлалууд тогтмолжсон.

Элчин сайдаар ажиллах хугацаандаа 1990-ээд онд хоёр орны хооронд үүссэн өрийн асуудлыг хоёр талдаа эвтэй хэлбэрээр шийдвэрлэх, БНАСАУ-ын усан боомтуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглах тухай хэлэлцээр байгуулах, БНАСАУ-аас ажиллах хүч авах, газар тариалан, ардын эмнэлгийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг бодит хамтын ажиллагааны эхлэлүүдийг тавьж, эдүгээ үргэлжлэн хэрэгжиж, үр дүнд хүрснийг чамд ярьж суух сайхан байна. Саяхан болтол БНАСАУ-ын 2000 гаруй ажиллах хүч манай улсын бүтээн байгуулалтад оролцож байв. Харамсалтай нь, одоо нэг ч хүн үлдээгүй нутаг буцсан.

-Та Ким Ир Сен, Ким Жөн Ир нартай хэр олон удаа уулзаж байв?

-Ким Ир Сен даргатай албаны шугамаар барагцаагаар 20 гаруй удаа уулзсан байх шүү.Ким Жөн Ир даргатай 1994 онд Ким Ир Сенийг таалал төгсөх үед нэг удаа уулзсан. Ерөнхийлөгч Ким Ир Сен манай улсад 1956, 1988 онд айлчилсан. Манай үе үеийн удирдагчидтай сайхан харилцаатай, Монголын ард түмэнд элэгтэй хүн байсан.

-Умард Солонгост ахуйн өөрчлөлт хэр гарсан бэ. Жишээ нь, компьютер, ухаалаг гар утасны хэрэглээ гэх мэт?

-Умард Солонгос цөмийн асуудлаас болоод тусгаарлагдсан байдалтай байгаа боловч дэлхийн нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэх тал дээр өөрсдөө маш их хичээдэг. Хөдөлмөрч ард түмэн учраас хот байгуулалт, ард түмний амьдралыг дээшлүүлэх, эдийн засгаа солонгоруулах ажлыг бодлоготойгоор сайн хийж байна. Залуу удирдагч Ким Жөн Уныг нам, төр, армийн удирдагчаар сонгогдон улс орноо хөгжүүлэхэд нэлээд анхаарч улс орноо хөгжүүлэх, гадаад бодлого, харилцаагаа өргөжүүлэх, эх орноо нэгтгэх талаар бодитой алхмуудыг хийж байна.

Тухайн орны онцлог байдал, гадаад орчин нөхцөлөөс шалтгаалан мэдээж зарим хязгаарлалт байгаа ч компьютер, гар утасны хэрэглээ үндсэндээ чөлөөтэй болсон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд хоёр жилийн өмнө Пёньян хотод Шинжлэх ухаан технологийн цогцолбор барьж, бүх шинжлэх ухааны байгууллагаа нэг дор төвлөрүүлж, шинэ түвшинд гаргасан. Цогцолбор дотроо эрдэмтдээ ажиллаж, амьдрах орчноор хангасан хорооллууд барьж, нэг дор 10 мянган хүн зэрэг компьютертэй ажиллах боломжийг хангаж өгсөн. Техникийн энэ шийдэл нь тус орныг хэдхэн жилийн дараа өндөр хөгжилд хүргэнэ гэж ажиглагчид хэлж байгаа. Тэр дотор мөн маш том хэмжээний номын сан нээж, тэндээ дэлхийн шинжлэх ухааны ололт, амжилтуудын талаарх ном, сэтгүүл, бүтээлүүдийг төвлөрүүлсэн. Удирдагч Ким Жөн Ун шинжлэх ухаан нийгмээсээ нэг алхам түрүүлж явах ёстой гэсэн зарчмыг баримтлан, багагүй амжилт олж байна.

-Гэхдээ л эдийн засаг, нийгмийн амьдрал нь сайнгүй байгааг мэдээ, мэдээллээс бид сонсож, уншсаар л байна?

-Цөмийн асуудлаас шалтгаалан олон улсын хамтын нийгэмлэгийн хоригт орсноос гадаад харилцаа ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаа хязгаарлагдмал, жил бүр тохиолдсон байгалийн гамшигт байдлаас шалтгаалан цахилгаан эрчим хүч, үйлдвэрлэлийн түүхий эдээр доголдох, үр тарианы ургац алдсанаас хүнсний дутагдалд орох зэрэг бэрхшээл байна. Гэвч Солонгосын ард түмэн тулгарч буй бэрхшээлийг даван туулахын тулд маш их хөдөлмөрлөж, 30 шахам сая хүн амаа тэжээх, улс орноо хөгжүүлэхэд их анхаарч байна.

-Ким Жөн Ун дарга сүүлийн үед гадаад харилцаандаа анхаарч байгаа нь Ши Жиньпин, Д.Трамп зэрэгтэй уулзаж байгаагаас нь харагдаж байгаа. Энэ талаар таны бодол?

-Удирдагч Ким Жөн Ун БНХАУ-д гурван удаа айлчиллаа, Ши Жиньпин дарга мөн Умард Солонгост айлчиллаа. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хэд хэдэн удаа уулзлаа, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй ч уулзлаа. Пенчаны өвлийн олимпод оролцлоо гэх мэтээр гадаад бодлого, харилцаагаа өргөжүүлэх, дэлхий дахинд нээгдэх, цаашлаад энх тайван, аюулгүй байдлын харилцаагаа яриа хэлэлцээрээр шийдэхэд ойртсон алхмууд хийж байна. Энэ бол зүгээр ч нэг айлчлал, уулзалтууд биш.

Үе дамжсан бодлого, уламжлалаа хадгалахын зэрэгцээ дэлхий дахинд нээлттэй болох эхлэлээ тавьж байгаа хэрэг гэж ажиглагчид дүгнэж байгаа. АНУ, БНСУ-тай хийсэн дээд хэмжээний уулзалт хэлэлцээний дүнд гаргасан хамтарсан тунхаглал амьдрал дээр хэрэгжээгүй байгаа ч олон арван жилийн дараа хийсэн уулзалт нь том алхам болсон бөгөөд цаашид ч уулзалт, яриа үргэлжлэн үр дүнд хүрнэ гэдэгт итгэж, хүлээж байна. Үүнд холбогдох талуудын хүчин чармайлт хэрэгтэй. Солонгост “Хоёр алга хавсарч байж дуу гарна” гэсэн үг байдаг юм.

-Өмнөд Солонгост та мөн 10 шахам жил дипломат албанд ажиллажээ. Тус улсын хувьд Умард Солонгостойгоо найрамдах, эвлэрэх тал дээр ямархуу байр сууринаас ханддаг шиг санагдсан бэ?

-Өмнөд Солонгос бол Азидаа техник технологиороо эхний байранд жагсдаг, дэлхийн хөгжингүй орнуудын нэгд албан ёсоор багтсан, 50 гаруй сая хүн амтай хүчирхэг улс. Хөгжлийн хувьд мундаг шүү дээ. Хоёр Солонгосын ард түмэн бол нэг үндэстэн. Солонгосын дайны хөлд хоёр сая хүн амь үрэгдэж, 10 сая гаруй гэр бүл, үр хүүхэд, ах дүүсээсээ салсан. Түүнээс хойш одоо 70 гаруй жил болсон гэхээр багагүй хугацаа өнгөрсөн. Дайны уршгаар хоёр талд салсан ах дүү, гэр бүл, эцэг хүү, ээж охидыг уулзуулах ажил өрнөдөг ч сүүлийн үед тасалдаад байна. Салж сарнисан гэр бүл улам цөөрч хоёр дахь гурав дахь үедээ орж байна. Энэ хэвээр яваад байвал улам цөөрч бүдгэрэх болно.

Миний хувьд Солонгосын ард түмэн хэзээнээсээ нэг үндэстэн, нэг улс байсны хувьд энэ хоёр улс нэгдээсэй, хүчээ нэгтгэж 80 сая хүн амтай, илүү хүчирхэг, хөгжилтэй улс орон болоосой гэж бодож явдаг. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр талаас эх орноо энх тайвнаар нэгтгэх, холбооны улс байгуулах гэх мэтээр янз бүрийн хувилбар, саналыг бие биедээ харилцан тавьж ирсэн. Хөрш, зэргэлдээ орнууд ч нэлээд санал, оролдлого хийж олон талын яриа хэлэлцээг зохион байгуулсан болов ч тодорхой шийдэлд хүрээгүй л байна. Солонгосын хойг өнөөг хүртэл дайны байдалтай байгаа. 1953 оны долдугаар сарын 27-нд дайныг түр зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан. Одоо Энх тайвны хэлэлцээр байгуулах учиртай.Тэгж байж цаашдын хувь заяа нь шийдэгдэх болно.

-Та хоёр Солонгост хоёуланд нь ажиллаж, амьдарч байсны хувьд аль Солонгос нь ёс заншил, тоглоом наадгайн уламжлалаа илүүтэй авч үлдсэн байдаг вэ. Эсвэл адилхан л уламжлаад явж байна уу?

-Солонгос үндэстэн бол эртнээс нэг үндэстэн, нэгдмэл улс байсны хувьд үндэсний уламжлал ёс заншил тоглоом наадгай нь ижил төстэй зүйл олон байдаг. Сүүлийн 70 гаруй жилийн турш нийгэм, соёлын өөр өөр замаар явсан болохоор уламжлал, ёс заншилд ч тухайн нийгмийн нөлөөллөөс өөрчлөгдөж шинэчлэгдсэн, зарим нь мартагдаж орхигдсон зүйл байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ уламжлал,ёс заншлаа хэвээр хадгалан хойч үедээ уламжлуулахыг хичээдэг нь ажиглагддаг. Тухайлбал, Умард Солонгост цагаан сар, ханш нээх, хаах өдрийг амралтын өдөр болгон бүх нийтээр тэмдэглэх болсон.

Өмнөд Солонгосын хувьд гаднын соёлын нөлөөгөөр ёс заншил, үндэсний тоглоом наадгайн уламжлалд бага зэргийн өөрчлөлт орсон гэж болно. Харин үндэсний дуу, бүжиг, урлаг, бөхийн барилдаан, хүүхдүүдийн тэвэг өшиглөхөөс эхлээд наадгайн төрлүүдийг хадгалан өвлүүлэхэд аль аль нь анхаардаг. Уг нь үндэсний ёс заншил, урлаг соёл, спортоор дамжсан харилцааг сэргээсэн арга хэмжээг зохион байгуулж байвал Солонгос үндэстэн бие биеэ ойлгох, эвлэлдэн нэгдэхэд тустай гэж санадаг.

-Солонгосчуудаас суралцмаар зүйл нь юу байсан бэ?

-Миний хувьд цөөнгүй жил Солонгосын хойгт сурч, хөдөлмөрлөж, амьдарсны хувьд солонгосчуудаас манай залуучуудад суралцах зүйл нэлээд бий. Хамгийн түрүүнд Солонгосын ард түмний хөдөлмөрч, шургуу байдлаас нь суралцах хэрэгтэй. Хэр баргийн зовлон бэрхшээлд бүдрэхгүй, даваад л гардаг ард түмэн шүү дээ. Жишээ нь, хаа сайгүй байгалийн гамшиг, ган гачиг болж байна. Тэгэхэд солонгосчууд бүхнийг өөрсдийнхөө хүчээр даван туулдаг. Тухайлбал, хэдэн жилийн өмнө Умард

Солонгосын өчнөөн хот тосгон үерт сүйдсэн. Тэгэхэд ганц жилийн дотор бүх ард түмнээрээ нэгдэн ажиллаад хот, тосгодоо босгочихож байгаа юм.

Өмнөд солонгосчууд гэхэд 1990¬-ээд оны сүүлчээр болсон эдийн засгийн хямралаа даван туулахын тулд ард түмэн нь өөрсдөдөө байгаа өнгөтэй өөдтэй бүхнээ, ээмэг бөгжөө хүртэл дугаарлан зогсож, улсдаа тушааж байсан. Үүний үр дүнд эдийн засгийн хямралаас маш богино хугацаанд гаргаж, өнөөдрийн түвшинд хүрээд байна. Өнөөдөр ч гэсэн коронавирусийн энэ халдварын үед солонгосчууд төр засгийнхаа авч байгаа арга хэмжээг ухамсартайгаар яг таг биелүүлээд богино хугацаанд дарж авч байгаа нь цусанд нь шингэсэн нэгдмэл, хатуужил үзсэн ард түмэн гэдгийг нь харуулж байгаа юм. Умард Солонгос энэ тахал гараагүй цөөн орны нэг байна.

Өөр нэг чухал зүйл нь солонгосууд үр хүүхдийнхээ боловсролд маш их анхаардаг. Умард Солонгост гэхэд 100 гаруй их, дээд сургууль бий. Ард түмэн нь хүүхдүүдээ яаж ийгээд боловсролтой, мэргэжилтэй болгохыг хичээдэг. БНАСАУ-д бүх нийтийн боловсролын системд сурагчид ямар нэгэн төрлөөр спортын зэрэгтэй, аль нэгэн гадаад хэлтэй, ямар нэг хөгжим тоглох чадвартай болж, дунд сургуулиа төгсөх систем үйлчилдэг. Гоц авьяастай хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь тусгай сургуулиар бэлтгэдэг. Улс нь бодлогоор том үйлдвэрүүдийнхээ дэргэд дээд сургууль байгуулж, тэндээ үйлдвэрийн ажилчдаа сургаж, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлдэг. Өмнөд Солонгост хүүхдүүддээ боловсрол олгох байдал мөн ялгаагүй. Зарим эцэг, эх хүүхдүүдээ өдөрт 4-5 дамжаанд сургадаг, тэгж байж их, дээд сургуулийн өрсөлдөөнд амжилт үзүүлэх жишээтэй.

Ер нь солонгосууд маш найрсаг, ахмад үеэ хүндлэх, хайрлах, үгэнд нь орох зан заншил үнэхээр цусанд нь шингэсэн. Эцэг, эхийнхээ үгийг үе дамжин мөрддөг зарчимч, хариуцлагатай, хүндлэлтэй ард түмэн. Солонгос хэл бүр ахмад хүмүүстэй харилцах хүндэтгэлийн үг хэллэгтэй.

-Та БНСУ дахь Монголын Элчин сайдын яамыг анх нээсэн гэсэн үү?

-1990 оны зун БНАСАУ-д суугаа ЭСЯ-д ажиллах томилолтоо дуусгаж ирээд, ГХЯ-ны Азийн газарт хоёр Солонгостой харилцах асуудлыг хариуцан ажиллаж байсан. Тэр үед манай улс БНСУ-д ЭСЯ нээх шийдвэр гаргаж, бэлтгэл ажлыг хангах үүргийг надад өгсөн. Миний хувьд солонгос хэл, түүх, соёлыг судалсан ч БНСУ шинэ ертөнц байв. Энэ хугацаанд Ерөнхий сайд асан Ж.Жасрай, Шадар сайд Д.Пүрэвдорж нарыг дагалдан хоёр удаа БНСУ-д очиж, танилцах боломж олдсон. Тухайн үед БНСУ-д зорчиход Москвагаар юм уу Токио, Хонконгоор дамжин хонон өнжин хүрдэг холын орон байв. Тэр үед манай улс картын системд шилжсэн, хүнсний дэлгүүрт ургамлын тос, давснаас өөр бараа байгаагүй үе. БНСУ руу авч явах зүйлээ цуглуулсаар байтал нэлээд ачаатай болов. Онгоцоор авч явах боломжгүй байсан тул чингэлгээр тээвэрлэх болж, 20 тонны чингэлэгт юмаа хийж явуулаад дөрвөн сарын дараа авч билээ.

Би ЭСЯ нээх бэлтгэлийг хангахаар хэргийг түр хамаарагчаар, Гадаад Худалдааны Яамнаас Н.Содномцог худалдааны зөвлөхөөр томилогдон нэгдүгээр сарын сүүлчээр галт тэргээр Улаанбаатараас Бээжин, Хонконгоор дамжин Сөүлийн онгоцны буудалд буухад БНСУ-ын ГХЯ-ны ажилтнууд угтан “Хаяатт” хэмээх таван одтой зочид буудалд байр захиалсан гэв. Бид үнэтэй буудалд орох боломжгүй, зардлаа хэмнэх шаардлагатай байсан тул “Юу ч гэсэн түрээсэлсэн байрандаа очоод ачаагаа буулгаад, буудал руу өөрсдөө яваад очъё” гэж худал хэлээд түрээслэсэн байрандаа очсон. Хэдүүлээ түрээсийн байрандаа хоноглож, маргааш нь хамгийн түрүүн ширээ сандал, хөргөгч, телевиз, ортой болж нэг өрөөнд нь би, нөгөө өрөөнд нь Н.Содномцогийнх орж, дунд өрөөг нь контор маягаар төвхнүүлж, 1991 оны хоёрдугаар сарын 1-нд ЭСЯ-аа нээх ёслолыг даруухан хийж билээ.

ЭСЯ нээхэд тухайн үед байгуулагдаад байсан Солонгос, Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүд ихээхэн тусласан бөгөөд найрамдлын нийгэмлэгийн гишүүн Дангугийн их сургуулийн Ерөнхийлөгч Жан Чун Сик гуай ЭСЯ-нд шинэ машин бэлэглэж хөл залгуулж билээ. ЭСЯ нээгдсэн тухай мэдээлэл тэр дороо тарж, солонгосчууд элдвийн асуудлаар уулзах хүсэлт тавьж, зарим нь “Монгол хүн ямар байдгийг харахаар ирлээ” гэж хүртэл ирж байлаа. Анх 1991 онд Сөүлд ЭСЯ-аа нэхээр очиход бараг анхны зорчигч нь байсан бол өнөөдөр БНСУ-д Монголын 48 мянган иргэн оршин сууж, суралцан, ажил амьдралаа залгуулж байна. Энэ хугацаанд БНСУ-д манай 300 гаруй мянган залуу очиж ажилласан, 20 гаруй мянган залуу сургууль төгссөн байна. Солонгост хэн нэг нь сурч ажиллаж, амьдраагүй монгол гэр бүл бараг байхгүй болов уу. Эндээс өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн өргөжин хөгжсөн нь тодорхой харагдаж байна.

-Таныг БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жил, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан номыг монгол, солонгос хэлээр эмхтгэн хэвлүүлсэн гэж дуулсан. Энэ тухайгаа ярих уу?

-Тиймээ. Би 2018 онд Монгол Улс БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуудан “Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа 70 жил“ номыг Монгол,Солонгос хэлээр эмхэтгэн гаргасан.

Би ажил үүргийн хувиар ч юм уу, азтайдаа ч юм уу БНСУ-ын Элчин сайдын яамыг анх нээх үед болон арав, хорин жилийн ойг тэмдэглэх үед Сөүл дэх ЭСЯ-нд ажиллаж байсны хувьд үнэн түүхийг үлдээхээр ойн номнуудыг эрхлэн гаргасан. Харин энэ онд тохиож буй 30 жилийн ойн арга хэмжээнд зориулж, хоёр орноос хамтарсан хороо байгуулж, томоохон 30 ажил хийхээр төлөвлөсний нэг ном бүтээх ажил байв. Надад хүсэлт тавьсны үндсэн дээр номыг нь хариуцаж аваад гүйцэтгэчихээд сууж байна. Сүүлийн зургаан сар гаруйн хугацаанд сууж, хоёр орны харилцаатай холбоотой эрдэмтдийн судалгааны түүх, бүтээлүүдийг оролцуулсан, дипломат харилцаа тогтоосноос хойших Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаас эхлээд хоёр орны төрийн бүх айлчлалын албан ёсны баримт бичгүүд, хүмүүсийн дурсамж, дурдатгалууд, хоёр улсын улс төрийн, соёлын, хүмүүнлэгийн харилцаанууд, иргэний байгууллагуудын хамтын ажиллагаа,түүхэн 200 гаруй зургийг эмхэтгэн зургаан бүлэгтэйгээр, монгол, солонгос хэл дээр гаргалаа.

Монгол Солонгосын судлал, хэлний чиглэлээр суралцаж байгаа оюутнууд, судлаачдад бэлэн гарын авлага болохоос гадна төрийн албаны баримт бичгийн хувьд үнэлэгдэшгүй түүхэн баримт бичгүүд нэг дор эмхэтгэгдсэн гэж болно. Энэхүү номыг хүүтэйгээ хамтарч бүтээлээ. Миний хүүхдүүдээс дипломат албанд аавынхаа мэргэжлийг үргэлжлүүлэн ажиллаж байгаа нэг хүү бий. Хүү Л. Хаш-Эрдэнэ маань БНСУ-д баклавар, магистераар суралцан Америкт их сургууль төгссөн ГХЯ-нд орж, одоо БНСУ-д Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн даргын алба хашиж байна.

30 жилийн ойд зориулсан энэхүү номын маань нээлт, өөр бусад томоохон арга хэмжээнүүд болох байсан ч коронавирусээс болж хойшлоод байна. Цагийн байдал илааршвал номын нээлтээ Монгол, Солонгост хийх байх. Ташрамд тэмдэглэхэд, энэ номыг бүтээхэд тал бүрийн дэмжлэг үзүүлсэн Монгол,Солонгосын анд нөхөд албан байгууллага ялангуяа Солонгосын Парламентын гишүүн асан Ли Ли Жэ-д талархал илэрхийлье.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Багшийн дээд сургуульд байхдаа анхны ханьтайгаа учирч, оюутан байхдаа том хүүхдээ төрүүлж байлаа. Хань маань орос хэл, утга зохиолын багш, мэргэжлээрээ бараг ажиллаагүй, намайг дагаж үндсэн ажил мэргэжлээсээ хөндийрсөн ч нэг ч өдөр ажилгүй сууж байсангүй, Пёньян, Сөүл дэх ЭСЯ-нд гуч шахам жил нягтлан бодогч, санхүүчээр ажилласан. Бидний дундаас гурван сайхан хүүхэд төрсөн. Хань маань 2008 онд хүнд өвчний улмаас мөнх бусыг үзүүлсэн. Одоогийн ханьтайгаа хамт амьдраад арваад жил болж байна. Бид зургаан хүүхэд, арван ач, зээтэйгээ амьдарч байна.

-Таны залуу нас, хамаг дурсамж, найз нөхдийн нандин харилцаа хоёр Солонгост өрнөжээ. Одоо Монголдоо байхаар Солонгос явмаар санагдах юм уу. Санаад байгаа ч юм шиг болж байна уу?

-Үнэхээр л миний залуу насны бараг бүх дурсамж, гэрэлт өдрүүд Солонгосын хойгт өнгөрсөн. Миний хувьд Солонгос бол хүндлэлийн маань томоохон байр суурийг эзэлдэг орон. Солонгосын хойг байгалийн үзэсгэлэн бүрдсэн, зөөлөн дулаан уур амьсгалтай үнэхээр “Өглөөний сэрүүн тунгалагийн орон”. Гэхдээ очмоор санагдвал хэзээ ч яваад очиж болно. Ардчилсан Солонгос Монголын харилцааг дэмжих Пектусан нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна. Нийгэмлэгийнхээ хүрээнд Ардчилсан Солонгос руу үе үе явна аа. Очих бүрт сайхан байдаг. Тэнд байгаа найз нөхөдтэйгээ уулзах л хамгийн сайхан нь юм уу даа. БНАСАУ-д Ким Ир Сений нэрэмжит Их сургуульд хамт суралцаж байсан гадаадын оюутнуудын ихэнх нь дипломат албанд одоо ч ажиллаж байна. Тэдний дундаас ОХУ-ын В.Сухинин, Хятадын Нен Фенкю, Ли Бин нар, Вьетнамын Чыонг Так, Кубын Р.Петро, Йемений Х.Чарп нар маань нэгэн үед улс орноо төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байсан.

-Хүн аав, ээжийнхээ ачийг хариулна гэж байхгүй ч таны хувьд тэр хоёрынхоо ачийг хэр хариулсан гэж боддог вэ?

-Хүн нас явахаар энэ тухай л их боддог бололтой. Аав, ээж хоёрыгоо би баярлуулж чадсан бил үү, хэзээ яаж баярлууллаа, гомдоосон юм биш биз гэх мэтээр. Сүүлийн үед бүр ч их бодож байна, мөнх л дэргэд байх юм шиг санаж ирж дээ гэж. Би гэдэг хүн гадаадад сурч, ажиллаж байгаа нэрээр аав ээж хоёртойгоо маш бага хугацаанд хамт байжээ. Хааяа нэг зуны цагаар ирчихээд л буцчихна.

Муу аав, ээж хоёр минь хүүгээ хамт байгаасай гэж боддог, санадаг л байсан байх аа. Би аавыгаа бурхан болоход нь ч дэргэд нь байж чадаагүй. Өөрийгөө аав, ээж хоёрынхоо нэр нүүрийг барахгүй, чихийг нь халууцуулахгүй байж чадсан болов уу гэж горьддог юм. Аав, ээж хоёр минь тэр том ажил, алба, найз нөхдийн хүрээллээ хүүхдүүдийнхээ төлөө, миний төлөө огтхон ч эргэлзэлгүй орхиод аймаг, хот руу дагаж, нүүгээд ирж байсан. Тэр зүтгэл, биднийг гэсэн сэтгэлийг нь алдахгүй юм шүү гэхдээ бидний хэн нь ч элдэв юмаар тэр хоёрынхоо сэтгэлийг гонсойлгож байгаагүй байх гэж найддаг.

Намайг Элчин сайд цолтой болоход, Хойд Солонгост докторын зэрэг хамгаалахад мөн тус улсаас гаднынханд олгодог хамгийн том шагнал болох Найрамдлын тэргүүн зэргийн одонгоор шагнуулахад, Өмнөд Солонгосын Гадаад харилцааны гавьяаны одонгоор шагнуулахад, Монголоос Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, Хөдөлмөрийн медаль зэргийг хүртэхэд тэр хоёр маань баярлаж л байсан байх. Гэхдээ сүүлийн үед үр хүүхдээ сайн сайхан өсгөх, өөрөө нэр хүндтэй, мөрөөрөө амьдрахыг л аав ээжийнхээ ачийг хариулж байгаа хэрэг юм болов уу гэж бодож сууна. Гэсэн ч амьд сэрүүн байхад нь ингэж байх минь яалаа, тэгсэн бол баярлах байсан даа гэх харамсал сэтгэлд үе үе төрөөд л байдаг юм.

Манай аав ээж хоёр насаараа төрийн албанд ажилласан болоод ч тэр үү “Хүн яаж ч амьдарч болно. Амьдралд юу ч тохиолдож мэднэ. Шударга байгаарай. Юуханд ч шантрахгүй, оногдсон үүргээ л сайн хийчихэж байгаарай. Хүнтэй муудаж ер болохгүй” гэдэг байсан даа.

-Таны хувьд “Би тэрийг нэг чадсан даа” гэж бодож, бардамнадаг зүйл тань юу вэ?

-Надад тэгж бардамнаж боддог зүйл тун ховор юм байна шүү. Яг ингэж бас бодож байгаагүй ч юм байна. Гэхдээ үр хүүхдүүд маань сайн боловсрол эзэмшээд, зөв амьдарч байгааг нь харах л миний хувьд бардамнал юм байна даа. Мөн өөрийнхээ дурлаж сонгосон мэргэжлээрээ хоёргүй сэтгэлээр зүтгэж төр, засгаараа үнэлүүлж, гэр бүл, үр хүүхэд, ах дүүгийнхээ хүндэтгэлийг хүлээж яваа маань сайхан санагдана.

-Та Монголын гадаад харилцааг өндөрт өргөхөд анхаарч, амьдралынхаа 40-өөд жилийг энэ хариуцлагатай албанд зориулахынхаа хажуугаар үндсэн мэргэжил болох кино урлагийн ажлаа завсраар нь хийсээр ирсэн байдаг. Бидний мэдэх алдарт “Хонгилдон”, “Цэцэг худалдагч бүсгүй” зэрэг олон кино орчуулж, дуу оруулсан байдаг юм билээ. Энэ талаараа ярьж өгөөч?

-Миний нэг сонирхдог зүйл гэвэл сайхан ном, зохиол унших, орчуулах. Чингисийн тухай “Мянганы суут хүн” гэж Чингис хаан бол зөвхөн байлдан дагуулагч бус эдийн засаг, бизнесийн алсын харааг нь гаргасан сонирхолтой романыг 1999 онд нөхдийн хамт орчуулсан. Тухайн үед “Мянганы суут хүн” романыг Солонгосын их дээд сургуулийн хичээлийн программд оруулж, хүүхэд,залуучуудад судлуулж байсан. Энэ номыг монгол хэлээр хэвлэгдсэний дараа Ерөнхийлөгч Н.Багабанди “Чингисийн талаарх, Монголын түүхийн тухай гаднын орнуудад гарсан номнуудыг монгол хэл дээр орчуулж байх”- тухай зарлиг гаргаж байлаа.

Умард Солонгост байхдаа “Цэцэг худалдагч бүсгүй”, “Хонгилдон”, “Тушаал ноймор 27”, “Хоёр охины хувь заяа”, “Хар сарнай” зэрэг киног орчуулсан. Зарим кинонд нь дуу оруулж байлаа. Жишээ нь,чи жүжигчин хүн юм чинь шууд дагаад орчуул гэсэн даалгавар авч, эфирт дуу оруулж, дагаж уншдаг сайхан дурсамж үлдсэн байна. Төрийн тэргүүнүүдийн айлчлал, Солонгостой холбоотой баримтат киноны орчуулга нэлээдийг хийсэн. “Мандухай сэцэн хатан” киног Солонгос хэл рүү орчуулж, солонгосын жүжигчдийг ам барихад нь туслах зэргээр үндсэн мэргэжлийн дагуу ажиллаж байв.

-Таны хобби юу вэ?

-Залуудаа янз янзын л юм сонирхдог байлаа. Нэг хэсэг марк, тэмдэг, зоос цуглуулдаг байсан. Ээж Холбооны яаманд ажилладаг байсан болохоор шинэ гарсан маркийг төвөггүй олж авна. Оюутны тэтгэлгээ марканд л зориулдаг байлаа. Гадагшаа сургууль, ажилд явсан 40-өөд жилд энэ хобби маань хойш тавигдаад байсныг сая ирээд сэргээсэн. Жинхэнэ сонирхогчдын дэргэд олон биш ч дурсамж сэргээсэн, өөртөө бол болохоор хэмжээний юм цуглажээ. Үүнээс гадна дурсамжийн ном унших хоббитой.

-Төгсгөлд нь, Шинжлэх ухаан хөгжиж байж улс орон хөгжинө гэдэг. Монгол Улс шинжлэх ухааны салбартаа ингэж анхаараасай гэж бодож явдаг зүйл танд юу байна вэ?

-Аливаа улс орны түүхээс харахад ялангуяа шинжлэх ухааны салбар нь хүчирхэг, нийгмээсээ ядаж нэг алхмын өмнө байх ёстой. Тэгж байж шинжлэх ухаанд суурилсан бодлого бий болж, нээлт, дэвшилтэт бүтээл бий болж байж, түүнийг дагаж улс төр, эдийн засаг, хөгжлийн бодлогоо тоцдорхойлдог. Жишээ татахад, манайхан 2050 онд Монгол ямар улс болсон байх вэ гэсэн “Алсын хараа-2050” гэсэн баримт бичиг гаргасан байна. Түүнд эрдэмтэн, судлаачид оролцож, бодлого, стратеги гаргалцаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ гадаад бодлого, гадаад харилцаагүйгээр өнөөгийн энэ глобальчлагдаж байгаа дэлхийд нэг ч алхам урагшлахгүй шүү дээ. Монголын гадаад бодлого ямар байх ёстой, 2050 онд ямар байх вэ гэдэг дээр гадаад бодлогын судлаач, эрдэмтдийнхээ үгийг сонсож, хамтарч ажиллаасай гэж бодож байна.

Өөр нэг зүйл нь, монгол хүний оюуны чадамж дэлхийд үнэлэгдсэн гайхалтай өндөр чадавхтай. Гадаадад сурч, боловсорч, дэлхийн боловсрол эзэмшсэн залуучууд, боловсон хүчнүүддээ зориулсан бодлого хэрэгжүүлээсэй, эх орондоо ирж ажиллах, улсаа хөгжүүлэх боломж, нөхцлийг нь бүрдүүлж, ажлын байраар хангах чиглэлд дорвитой, зоригтой алхам хийгээсэй. Өчнөөн жил гаднын оронд сурчихаад эх орондоо иртэл ажлын байр байхгүй нь үнэлэмж муу байхаар залууст буцаад гадагшаа явж ажиллахаас өөр сонголтгүй болчихоод байх шиг байна. Тэднийгээ эх оронд нь үлдээж, оюун ухааныг нь Монголын төлөө ажиллуулж байж улс хөгжинө. Энэ байдлаараа байвал боловсролтой, хэл устай хүмүүс нь харьд, боловсрол тааруу, өнөө маргаашаа аргацаасан хэд нь Монголдоо байсаар дуусна. Гаднынхан ялангуяа, хятадууд гадаадад суралцах хүмүүсээ, суралцаад ирэгсдээ аль алиныг нь бодлогоор зохицуулж, төгсөөд ирэхэд нь ажлын байр, амьдрах орчин, авах цалинг нь зохицуулж өгөөд шинжлэх ухааны ололт, дэвшлүүдийг бүтээлгэж чадаж байна шүү дээ.

Өөр нэг зүйл хэлэхэд, Солонгосын дайны дараа манайхаас дор хөгжилтэй, нийгэм, ахуйн байдалтай улсыг Ерөнхийлөгч Пак Жөн Хи 18 жил удирдахдаа өнөөгийн Солонгос Улсыг байгуулжээ. Түүний хийж бүтээсэн ажлын эхлэл нь бохирдсон нийгмээ цэвэрлэхээс эхэлсэн гэдэг. Тухайлбал, ажилгүй, гудамжны хүмүүсийг Жэжү аралд аваачин зам тавиулж, өлсөж үхэхгүйн тулд шуудай хог түүж ирсний дараа аяга хоол өгөхөөс эхэлсэн аж. Гадаадад олон зуун мянган залуусыг “Эрдэм ном сур, мэргэжил эзэмш, ажил хийж хөрөнгө мөнгөтэй болж ир” гээд илгээсэн байдаг. Тэдний тавин хувь нь 10-20 жилийн дараа эх орондоо эргэж ирэхэд нь амьдрах орон сууц түрээсээр олгож, ажлын байрыг бэлтгэн хөнгөлөлттэй зээл олгон сурсан мэдлэг, мэргэжил, цуглуулсан мөнгийг нь өөрсдийнх нь болон улс орноо хөгжүүлэхэд зарцуулан зөв удирдан чиглүүлснээр өнөөгийн Солонгос орныг цогцлоон байгуулсан түүхтэй. Ийм бодлого, шийдвэр манайд дутагдаад байх шиг санагдана. Өнгөрсөн 30 жил БНСУ-д ажиллаж, сураад ирсэн тэр олон мянган залуу одоо хаана юу хийж байна вэ гэж асуумаар санагддаг.

Ярилцлагын эхэнд “Энгүй ихийг бүтээгчид эгэл даруу амьдардаг учраас л хорвоо дэлхий оршин тогтнодог байж мэднэ” гэснийг санаж байна уу. Тэр Азийн Монголыг Ардчилсан хийгээд Өмнөд Солонгостой өнөөгийн түвшинд, бат бөх сайхан харилцаатай болоход чамгүй үүрэг гүйцэтгэн, олон шинэ харилцааны анхны “гүүр”-ийг тавьсан хэрнээ “Энэ миний улсаасаа хүлээсэн үүрэг, хийх ёстой ажил” хэмээн даруухан өгүүлж сууна. Яг түүн шиг хариуцлагатай, тууштай, мөрөөдлийнхөө төлөө тэмцэгч, бас ижий, аавынхаа ач буяныг үргэлж бясалган бодогч, эрдэмтэн судлаач, улс, гүрнүүдийн дунд найрамдлын шан татагч хүн ховорхон ч гэсэн байгаа учраас л хорвоо дэлхий оршиж байгаа юм байна хэмээн итгэлээ, би...

Эх сурвалж: Үндэсний шуудан

2020 он

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.