C витаминаар ХАВДАР ЭМЧЛЭХ АРГА

Twitter Print
2021 оны 01-р сар 10-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

1937 онд Appelbaum гэдэг эрдэмтэн хавдрын өвчтэй хүмүүсийн цусанд С-витамин маш бага болсон байдгийг баталсан байна. 1940 онд Герман эмч W.G.Deuchera хавдрын өвчтэй хүмүүс бүгд С-витамины дутагдалтай байдаг гэж батлаад хавдрын өвчтэй хүмүүст 4гр С-витамин уулгахад өвчтөнүүдийн ерөнхий биеийн байдал дээрдэж туяа эмчилгээнд хордох нь бага байна гэж тогтоосон байна.

1951 онд хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн цусны сийвэн болон лейкоцитэд С-витамин байх ёстой хэмжээнээсээ маш бага болсон байдгийг судлаачид баталсан байна. 1959 онд Торонто хотын эмч William McCormick C-витамины дутагдлаас болдог цинга өвчний үед холбогч эдэд гардаг өөрчлөлт нь хавдрын эсийн эргэн тойрон байгаа холбогч эдийн эстэй яг адилхан байгааг олж мэдсэн байна. Тиймээс хорт хавдрын үед С-витаминыг хэрэглэхийг санал болгосон байдаг. 1979 онд Cameron, Pauling, Brain Leibovitz нар өмнө хийгдсэн 13 судалгаанд дахин дүгнэлт хийж хавдрын өвчтэй хүмүүс С-витамины дутагдалд орж, цусны цагаан эс нь бактери болон гаднын эсийг устгах ба хавдрын эстэй тэмцэх ямарч чадваргүй болсон байдгийг дахин нотолсон байна.

Шотландын хавдрын мэс заслын эмчээр бүх насаараа ажиллаж зөвлөх эмч болсон Эван Камерон 1966 онд "Хавдар ба Хиалуронадаза"гэдэг ном бичиж хорт хавдартай тэмцэх нэг үндсэн арга бол өвчтөний өөрийнх нь дархлааг сайжруулах ёстой гэж үзсэн байна. Хавдрын эс өөрөөсөө хиалуронадаза гэдэг фермент ялгаруулж эргэн тойрон байгаа эрүүл эсийн коллагеныг хайлуулж хүрээгээ тэлж томордог тул энэ бодисыг саармагжуулах нь хавдрын өсөлтийг зогсоох нэг арга гэж үзсэн байна. Хиалуронадазаг саармагжуулах бодис хайж олон төрлийн химийн бодис болон гормоныг туршсан боловч амжилт олоогүй байна. Нобелийн шагналт эрдэмтэн Linus Pauling С-витамин нь коллагены синтезийг идэвхжүүлж түргэсгэдэг тул эсийн коллагенийг бэхжүүлж магадгүй гэсэн санааг " New York Times" сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байв. Үүнийг уншсан Эван Камерон С-витамин хиалуронадазаг саармагжуулж хавдрын өсөлтийг хязгаарладаг байж болох юм гэж үзэж Linus Pauling-тай утсаар ярин хамтарсан судалгаа хийх тухай санал тавьж, хамтарсан судалгаагаа 1971 онд эхэлсэн байна. Энэ судалгаа Шотланд улсын Vale of Leven гэдэг эмнэлэгт хийсэн ба хавдрын сүүлийн шатанд байгаа өвчтөнүүдэд эмчилгээн дээр нь нэмж өдөр бүр 10 гр С-витамин уулгасан байна. Энэ хүмүүсийн 4% нь химийн эмчилгээ хийлгэсэн байжээ. С-витамин уусан 100 өвчтөнөөс 22 өвчтөн 2,4 жил амьдарсан ба 8 өвчтөн 3,5 жил болоход амьд байсан ба бусад өвчтөнүүд нь С-витамин уугаагүй өвчтөнүүдээс дунджаар 300 хоног илүү насалсан байв. С-витамин уугаагүй өвчтөнүүд хэдэн сар л амьдарсан байна. С-витамин уусан өвчтөнүүдийн өвдөлт нь намдаж өвчин намдаах тариагаа хийлгэхгүй болсон ба хоолондоо дуртай болж, тамир тэнхээ нь сайжирч хордлого нь багасч байжээ.

Энэ судалгаа хэвлэгдсэний дараа Канадын психиатрын эмч Абрам Хоффер хавдрын сүүлийн шатанд орж хэдэн сар амьдрах хугацаа үлдсэн гэдгээ сонсоод сэтгэлийн хямралд орж түүнээсээ гарч чадахгүй өвчтөнүүдэд зөвлөгөө өгч байхдаа витамин эмчилгээ санал болгосон байна. Зөвлөгөө авахаар ирсэн 134 өвчтөнөөс 101 өвчтөн нь түүний саналыг хүлээн авсан ба үлдсэн 33 өвчтөнийг хяналтын бүлэгт оруулж судалгаа хийсэн бөгөөд өвчтөнүүддээ дунджаар 12 гр С-витамин болон Е-витамин 800 оун, В3 ( ниацинамид) 1500 мг, В-витамины комплекс, А-витамин, селен 0,2 мг болон бусад минералын бэлдмэл уулгаж хоолны дэглэм зааж өгсөн байна. Витамин хэрэглэсэн өвчтөнүүдийн 50% нь 630 хоног амьдарсан ба үлдсэн 50% нь 5 жил гаруй амьдарсан байна. Энэ судалгаагаа Linus Pauling-тай хамтарсан судалгаа болгож дүгнээд 1990, 1993 онд "Journal of Orthomolecular Medicine" сэтгүүлд хэвлүүлсэн байна.

1960-д онд Dr.Hugh D.Riordan тэргүүтэй судлаачид хавдрын шалтгааныг олох болон хавдрыг эмчлэх хоргүй үр дүн сайтай арга хайж турших явцдаа С-витаминаас өөр арга олоогүй байна. 1970-д онд хувийн эмнэлэгээ байгуулж олон зуун хавдрын өвчтэй өвчтөнүүдийг нэмэлт эмчилгээ болгож С-витаминаар эмчилж байсан. Энэ эмч өвчтөнүүддээ эхний 7 хоногт 15 гр С-витамин долоо хоногт 3 удаа судсаар хийж, дараагийн 7 хоногт 30 гр-г 2-3 удаа судсаар хийж, 3 дахь 7 хоногоос эхлэн 50-65 гр С-витаминыг долоо хоногт 2-3 удаа судсаар хийж эмчилж үр дүн сайн байгааг нь баталж харуулсан байна. Түүгээр ч тогтохгүй өөрийн бий болгосон аргаа олон эмч нарт зааж сургасан ба "Riordan C and Cancer Simposium"-г жил болгон зохион байгуулж гадаад дотоодын олон эмч нартай туршлагаа солилцсон байна.

Dr. Hugh D.Riordan бусад судлаачдын хамт судалгаа хийж хавдартай өвчтөнд химийн эмчилгээтэй хамт С-витамин хэрэглэхэд химийн эмчилгээний үр дүнг илүү сайн болгодог болохыг баталсан байна. Kedar N.Prasad гэдэг эрдэмтэн өөрийн багийн хамт химийн эмчилгээг С-витаминтай хослуулан хэрэглэсэн 71 судалгаанд мета анализ хийж С-витамин нь химийн эмчилгээний үр дүнд сөрөг нөлөө үзүүлдэггүй бөгөөд харин ч химийн эмчилгээний үйлчилгээг дэмждэг бөгөөд эрүүл эсийг гэмтэхээс хамгаалдаг болох нь батлагдсан байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Хавдрын туяа эмчилгээгээр мэргэшсэн Victor Marcial гэдэг эмч хавдрын сүүлийн шатанд орсон 40 өвчтөнд туяа эмчилгээний хажуугаар С-витамин 40-75 гр-г 7 хоногт 2-3 удаа судсаар хийж эмчилсэн ба хэдэн сарын дараа өвчтөнүүдийн 75%-д хавдар нь 50% багассан байжээ. С-витаминаа зогсооход хавдар буцаад томорч байсан тул С-витаминыг удаан хугацааны турш хийх ёстой гэсэн дүгнэлт хийсэн байна.

Нобелийн 2 удаагийн шагналт Linus Pauling эхнэр Ava Helen-тэй 1923 онд гэр бүл болсон ба 1976 онд эхнэр нь ходоодны хавдартай гэж оношлогдоход өдөр бүр 10гр С-витамин уулгаж 5 жил эхнэрээ амьд байлгаж 1981 онд эхнэр нь нас барсан байна. Эхнэрээ нас барсны дараа С-витаминыг илүү өндөр тунгаар эрт уулгах ёстой байсан байна гэж харамсан бодсон гэнэ. Японы Fukuoka Torikai гэдэг эмнэлэгт Morishige, Murata гэдэг 2 эмч 1973 оноос эхлэн 5 жил С-витаминыг хавдрын өвчтэй хүмүүст туршсан ба С-витаминыг өндөр тунгаар хэрэглэвэл илүү үр дүнтэй байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Bjelke гэдэг эрдэмтэн 1973, 1974 онд 4888 Америкт амьдардаг Норвег иргэд, 17818 Америкчууд ба 8054 Норвегичуудын дунд судалгаа явуулж С-витамины дутагдал ходоод болон гэдэсний хавдар үүсэхэд шууд нөлөөлдөг гэж баталсан.

1977 онд Торонто хотын эрдэмтэн-хавдар судлаач Robert Bruce хүний баасанд хавдар үүсгэдэг бодис (канцероген) байдаг ба бүдүүн гэдэсний хавдар үүсгэдэг болохыг баталсан бөгөөд судалгаагаа үргэлжлүүлсээр 1979 онд тэр хавдар үүсгэдэг бодисыг С-витамины өндөр тунгаар устгаж болохыг баталсан байна. Peyman(2007), Mikirova(2008), Yeom(2009) нар С-витамины өндөр тун хавдрын эс өөртөө судас үүсгэхийг(ангиогенез) нь зогсоодог болохыг баталсан байна. Судсаар их хэмжээний С-витамин хийхэд цусанд устөрөгчийн хэт ислийн(Н2О2) хэмжээг ихэсгэж хавдрын эсийн амьдрах хугацааг богиносгож хавдрын эсийг апоптоз (эсийг үхдэг болгох) болгодог болохыг судлаачид баталсан байна. (Levin, Chen 2005,2007) С-витамины дутагдалтай байгаа организмд байгаа лейкоцит нь фагоцитын (гаднын биетийг залгих) үйл ажиллагаагаа явуулж чаддаггүй гэж судлаачид баталсан байдаг. ( Соttingham, Mills 1943, Hume, Weres 1973) Хавдрын эстэй дархлааны эсүүдээс хамгийн хүчтэй тэмцдэг эс нь цусны цагаан эсийн нэг бүрэлдэхүүн болдог лимфоцит байдаг. С-витамины нөлөөгөөр бластогенез(шинээр лимфоцит үүсэх процесс) хурдан болдгийг эрдэмтэд 1976 онд баталсан байна. Хүмүүст 5 гр С-витамин уулгахад 3 хоногийн дараа лимфоцит 83% олон болсон ба 10гр С-витамин уулгахад лимфоцит 3 дахин олон болж 18 гр С-витамин уулгахад 4 дахин олон болж судалгаа хийсэн судлаачид өөрсдөө ч гайхсан байна. (Yonemoto, Chretien, Fehniger-Nasional Cancer Institute) Олон судлаачид эрүүл болон өвчтэй хүмүүс С-витамин хэрэглэхэд "унтамхай" байгаа лейкоцитийн хөдөлгөөнийг идэвхижүүлж гаднын биетийг олж устгах чадвар нь нэмэгддэг гэдгийг баталсан байна. Anderson 1981, 1982, Panush 1982) Тиймээс С-витамин нь хавдраас урьдчилан сэргийлэх болон хавдрын өсөлтийг зогсооход зайлшгүй хэрэгтэй гэдэг нь эндээс харагдаж байна.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН КРАКОВ

2021-1-9

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.