Хятадын төрийн дууллыг үл хүндэтгэвэл 3 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэнэ

Twitter Print
2020 оны 05-р сар 27-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Хонгконгийн эрх баригчид БНХАУ-ын төрийн дууллыг үл хүндэтгэх, доромжлох явдлыг гэмт хэрэгт тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Хонгконгийн гудамжнаа олон тооны цагдаа нар хамгаалалтанд гарсан байна.

Хонгконгийн онцгой захиргааны бүс нь БНХАУ-ын нэг хэсэг учраас тус бүс нутагт болж буй томоохон үеэр БНХАУ-ын төрийн дуулал эгшиглэдэг билээ. БНХАУ-ын төрийн дууллын тухай хуулийн төслийг баталвал Хятадын төрийн дууллыг үл хүндэтгэж, доромжилсон иргэнд 50 мянган Хонгконгт доллар буюу 6449 ам. долларын торгууль ноогдуулж, 3 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх аж. Үүнтэй холбоотойгоор Хонгконгийн иргэний хөдөлгөөнийхөн Хонгконгийн засгийн газрын байрыг бүсэлж, засгийн газрын хуралдааныг үймүүлэхийг уриалжээ.

Гэсэн хэдий ч гудамжнаа олон тооны цагдаа нар хамгаалалтанд гарсан нь томоохон жагсаал цуглаан зохион байгуулахад саад болоод байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Хонгконгийн иргэний хөдөлгөөнийхөн Хонгконгийн онцгой захиргааны бүс нутагт Үндэсний Аюулгүй Байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхийн эсрэг жагсаал зохион байгуулсан билээ. Жагсаалд оролцогчдын үзэж байгаагаар Үндэсний Аюулгүй Байдлын тухай хууль нь Хонгконгийн онцгой захиргааны бүсийн иргэдийн эрх чөлөөг хязгаарлах гэсэн оролдлого аж. 1997 онд Их Британийн Нэгдсэн Вант улс Хонгконгийг БНХАУ-ын мэдэлд шилжүүлэн өгсөн ба хоёр улсын зөвшилцлийн дагуу Хонгконг өөрийн гэсэн бие даасан хууль эрх зүйн тогтолцоотой болж, иргэдэд зарим нэг давуу эрх олгогдсон билээ.

Hong Kong ramps up security ahead of controversial bill reading

Үүнд жагсаал цуглаан зохион байгуулах эрх мөн багтсан аж. Хонгконгийн захирагч Кэрри Лам эх орноосоо урвах, салан тусгаарлах үзэл санаа илэрхийлэх, үймээн самуунд уриалах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг хориглосон Үндэсний Аюулгүй Байдлын тухай хуулийн төсөл нь хонгконгчуудын эрх чөлөөг хязгаарлахгүй гэдгийг онцолсон юм. Үндэсний Аюулгүй Байдал, төрийн дууллын тухай хуулийн төслүүд нь Хонгконгийн онцгой захиргааны бүсийн автономит бие даасан байдлыг нурааж, БНХАУ-ын засгийн газарт Хонгконгийн бүс нутагт өөрийн хууль сахиулах агентлагуудаа ажиллуулах боломж олгоно хэмээн Хонгконгийн иргэний хөдөлгөөнийхөн үзэж байгаа аж.

Олон улсын ахмад улс төрчдөөс бүрдсэн 200 хүн Хонгконгт Аюулгүй Байдлын тухай хуулийн төсөл хэрэгжүүлэхийн эсрэг байр сууриа илэрхийлсэн хамтын мэдэгдэл гаргаад байна. АНУ, Их Британи болон Канад улсын зүгээс мөн Үндэсний Аюулгүй Байдлын тухай хуулийн төслийг баталснаар Хонгконгийн онцгой захиргааны бүсийн автономит байдал алдагдана гэдэгт санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.