Цонхны цаанаас хүүхдүүдийн гар сарвалзаж, аврал эрэн орилсоор усанд далд орохыг харах хамгийн аймшигтай байлаа

Twitter Print
2014 оны 04-р сар 29-нд 21:10 цагт
Мэдээний зураг,

Бид өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Шар тэнгист осолдсон Өмнөд Солонгосын Севол усан онгоцны талаар цувралаар цаг алдалгүй хүргэж байгаа билээ. Түрүүчийн удаа Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн мэдээг тоймлон хүргэсэн бол энэ удаа Америкийн мэдээллийн CNN агентлагийн мэдээг тоймлон хүргэхээр бэлтгэлээ.

Севол усан онгоц хажуулдан унаж, аврах ажиллагаа дөнгөж эхлэж байхад сэтгүүлчийн дуранд жижигхэн цэнхэр завь шумбан орж ирээд усанд хаягдсан хүүхдүүдийг татаж гарган, завиндаа суулгаж байгаа дүрс оржээ. Хожим нь  CNN-ийн сэтгүүлч эрэн сурвалжилж, энэ хүн бол Жиндо тосгоноос 3 км орчим зайд амьдардаг, загасчин Kim Hyon Ho байсан гэдгийг олж мэджээ.

Тэрээр тухайн өдрийн өглөө үүрээр загасчилахаар далайд гарсан байжээ. Усан онгоц осолдохыг өөрийн нүдээр харж, туслахаар очсон нь тэр байж. “Загасчны жижигхэн завиндаа дүүртэл хүүхэд суулгах хооронд Севол онгоц хоромхон зуур живж “усан онгоцноос гарч чадаагүй хүүхдүүдийн гар сарвалзаж, ам нь ангалзсаар усан онгоцтойгоо далд орохыг харах хамгийн аймшигтай байсан. Энэ дүр зураг миний ой тойноос хэзээ ч гарахгүй. Тэр өдрөөс хойш энэ дүр зураг харагдаад унтаж чадахаа байсан” гэж загасчин Ким хэлээд дүрс бичлэгийг харуулсан компьютерийг маань шалавхан хаасан юм” гэж сэтгүүлч дурджээ. Тэрээр жижиг цэнхэр завиараа 25 хүүхэд аварсан юм.

Хамгийн сүүлчийн мэдээгээр аврагчид хүрч, онгойлгож чадахгүй байсан нэг өрөөнөөс гэхэд л 48 охины цогцос олж гаргасан байна. Тэр өрөө нь 30 орчим хүн л багтахаар зайтай байсан нь усан онгоц зорчигчийн даац хэтрүүлж, хэт олон хүн суулгасан байсан гэсэн хар дагуулснаар Севол усан онгоцны толгой компанийн бусад онгоцнуудыг шалгахад хүрчээ. Эхний шалгалтуудаар даац хэтрүүлэн зорчигч тээвэрлэдэг, ослын тохиолдолд ажиллах ёстой завьнууд нь хэвийн ажиллагаагүй, хангалттай аврах хантааз байгаагүй зэрэг ноцтой дутагдлууд илэрсэн байна.

Усан онгоцны нээж чадахгүй байгаа өөр нэгэн өрөөнд 50 орчим хүн байх магадлал байгаа гэж аврах албаныхан үзэж байгаа юм байна. Севол усан онгоц осолдсоноос хойш 10 гаруй хоноод байхад осолдогсодыг гаргаж дуусаагүй байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа юм.

Үнэхээр ч усан онгоцыг аврах ажиллагааг сайн зохион байгуулж, хурдан шуурхай арга хэмжээ авч, зорчигчдийн амь насыг аварч чадаагүйгээ хүлээн зөвшөөрч өнөө өглөө Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чунг Хонг Вон ард түмнээсээ уучлал гуйж, сайн дураараа огцорч байгаагаа мэдэгджээ.

476 зорчигчтой Севол хөлөг онгоц живсний дараа БНСУ-ын Засгийн газар нэн яаралтай аврах ажиллагааг дорвитой зохион байгуулж чадаагүй гэж ард иргэдээс нь эхлээд Олон улсын байгууллагууд ч мэдэгдсээр байгаа юм. Уг нь далайн тээврийн хүчирхэг флот, олон арван жилийн дадлага туршлагатай БНСУ-ын хувьд энэ төрлийн осолд тун тааруухан бэлтгэлтэй байсан нь саяын хэрэг явлын үеэр тун тодорхой харагдлаа гэж олон улсын ажиглагчид санал нэгтэй дүгнэж байгаа.

Одоогийн байдлаар 183 зорчигч амиа алдсан нь батлагдаад байгаа ч хойшдоо энэ тоо өсч 300-д хүрэх нь тодорхой болсон. Одоо 115 зорчигчийг гаргаж чадаагүй байгаа юм.

Ерөнхий сайд асан Чунг Хонг Вон огцрох тухай мэдэгдэлдээ "Би ингэх болсноо эрт зарлах гэж байсан. Гэхдээ ийм нөхцөл үүсээд байхад шууд орхиод явж сэтгэл төвдөөгүй юм. Та бүхнээс хүлцэл өчиж байна" гэжээ.

Жиндо дүүргийн Ансан хотод нас барсан хүүхдүүдийг оршуулах үйл ажиллагаа болсоор байна. Мөн Данвон ахлах сургуулийн дэд захирал 52 настай Кангийг оршуулах ёслол болсон байна. Канг дэд захирал амь аврагдсан боловч хоёр өдрийн турш осолдсон хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй хамт байрлахдаа өөрийг нь аялал зохион байгуулсанд буруутгасан эцэг эхчүүдийн хатуу хөтүү үгийг сонсч, мөн өөрийгөө буруутган хүүхдүүдийн хойноос гашуудсаар Баасан гарагийн өглөө тосгоны ойролцоох модноос өөрийгөө дүүжлэн хороосон байсныг олсон юм. Тэрээр гэрээслэлдээ өөрийг нь чандарлаад онгоц осолдсон газар цацаарай. “Амь үрэгдсэн хүүхдүүдэд маань багш хэрэгтэй тул хамт байхаар явлаа” гэсэн байжээ. Тэрээр Данвон ахлах сургуулийн дэд захирлаар ажиллаж, ар гэрээ тэжээхээр өөр тосгоноос өнгөрсөн 3-р сард ирж багшилж байжээ. Хүүхдүүдэд Ёс суртахууны хичээл ордог, хүүхдэд маш хайртай хүн байсан, 20 гаруй жил нэр төртэй багшийн ажлаа хийж байсан гэж хамт олон, шавь нар нь дурсан харамсаж байна. Түүний эхнэр, 2 хүү, охин болон төрөл төрөгсөд нь шарилыг эцсийн удаа багшилж байсан сургуулийг нь нар зөв эргүүлэн чандарлах газар луу авч явжээ.

Мөн үр хүүхдээ алдсан эцэг эхчүүд амьд явах хүсэлгүй байгаагаа илэрхийлж байгаагаас тэднийг далайд живж үхэхээс сэргийлж хамгаалалт гараад байгаа юм. Энэ дашрамд дурдахад Солонгос улс нь амиа хорлож нас барагсадын тоогоор дэлхийд нэгд ордог юм байна. Солонгос хүмүүс нэр хүндээ алдах, бизнесээ дампуурахыг харснаас үхсэн нь дээр гэж үздэг тул буруу үйлдэл хийгээд нотлогдсон улс төрчдөөс авахуулаад бизнесийн нэр хүнд нь унасан компанийн эзэд, жүжигчид гээд шалгалт шүүлгэндээ тэнцээгүй, хүссэн сургууль, ажилдаа орж чадаагүй гэх шалтгаанаар жилд маш олон хүн амиа хорлож нас бардаг аж. Үүнд 2009 онд БНСУ-ын Ерөнхийлөгч агсан Roh Moo Hyun мөнгө, санхүүгийн асуудалд орооцолдож, шалгагдах болсноор хаднаас үсэрч амиа хорлосон, Хьюндай группийн ерөнхийлөгч Chung Mong Hun 2003 онд авилгын хэргээр шалгагдах үедээ өндөр байшингаас үсэрч амиа хорлосон  зэргийг жишээ болгон CNN дурдсан юм.

Живсэн усан онгоцноос авчирч байгаа цогцосуудыг таниулах ажил хамгийн хүнд байна. Хувцас болоод биеийн содон тэмдэгүүдийг нь зарлаж, танигдахгүй болсон тохиолдолд DNA шинжилгээ хийж байгаа аж. Цогцос андуурагдаж өөр газар луу явуулсан тохиолдол гарсанаас хойш зөвхөн шинжилгээний хариуг үндэслэн баталгаажуулж, ар гэрт нь хүлээлгэн өгч байгаа аж. Далайн эрэг даган гүйж, хүүхдүүдээ нэрээр нь дуудах эцэг эхчүүдийн зүрх зүсэм зураг одоо ч үргэлжилсээр байгаа аж. Үр хүүхдээ алдсан эцэг эхчүүд нойр хоолноос гарч, өөрсдийгөө хайхрахгүй байгаа тул эрүүл мэндийн доройтолд орсоор байна. Эцэг эхчүүдийн байрлаж байгаа байранд сэтгэл зүйч, эмч сувилагч тогтмол ажиллаж байгаа ч хэн ч тэдэнд хандахыг хүсэхгүй байгаа аж.

Нас барсан хүүхдүүд бүгд Жиндо арлын Ансан хотын Данвон ахлах сургуулийн 11-р ангийн сурагчид байсан бөгөөд анги ахих шалгалтын өмнө Чэжү арал орохоор сургуулиасаа зохион байгуулсан 4 хоногийн аялалд оролцохоор явсан юм. Хүүхдүүд бүгд 15-16 насныхан байсан бөгөөд өөр, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй байсан гэж ах дүү хамаатан садан, найз нөхөд нь дурсч байна. Парк Хи Сон гэдэг 16 настай охин телевизийн жүжгийн зохиолч болно гэж мөрөөддөг байжээ. Харин 15 настай Ли Саб Жун аав нь эрт нас барсан тул хичээлийнхээ хажуугаар ажил хийж ээж дүү хоёртоо тусалдаг байжээ. Даруухан, дөлгөөхөн, ухаалаг энэ хүүгийн хувьд сургуулиа төгсөөд ажил хийж, ар гэрээ тэжээнэ гэсэн зорилготой байж. Ким Чөл Хуан 22 настай, Данвон ахлах сургуульд 2 дахь жилдээ багшилж байжээ. Тэрээр 22 насныхаа төрсөн өдрөөр ийнхүү амь үрэгдсэн юм гэх зэргээр түүх үргэлжилж, хүсэл мөрөөдөл булшлагдсаар байна.

Хэдийгээр өнөөдөр усан онгоцны багийн гишүүдийг амиа бодсон, зорчигчдийг авраагүй гэх зэрэг шүүмжлэл өрнөөд байгаа ч хариуцсан ажил, өргөсөн тангарагтаа үнэнч байж, зорчигчдийг аварсаар амиа алдсан 44 настай Ян Дэ Хонг гэхэд л эцсийн удаа эхнэр лүүгээ залгаж банкинд байгаа мөнгөө хүүхдүүдээ сургуульд сурахад нь хэрэглээрэй гэж захиад, “хүүхдүүдийг аврахад цаг хомс байна” гэж хэлээд утсаа салгаснаас хойш сураг нь гараагүй юм.

Аврах ажиллагаа цаг агаарын байдал, далайн хүйтэн ус, ширүүн давалгаа зэргээс болон хүндэрч байна. Одоо Шар тэнгисийн ёроолд хэвтэх усан онгоцны өрөөний хаалгыг онгойлгож, цогцос гаргана гэдэг аврагчдийн хувьд амь дүйсэн ажил болж байна. Агаар хүрэлцэхгүй амьсгал боогдох, даралт унаж толгой эргэх, далайн усанд зөвхөн өөрийн биеийг л бүдэг бадаг харах  орчинд дээрээс буулгасан олсны үзүүрийг барин удаан хугацаагаар шумбах, цогцос олоод гаргана гэдэг одоо өөрийнх нь амь насанд аюултай бөгөөд сэтгэл зүйн хувьд хамгийн хэцүү нөхцөлд ажиллаж байна. Гарч ирсэн хойноо ч цогцосыг зөөгөөд ар гэртэй тулгарна гэдэг тэдний хувьд хүнд сорилтуудын нэг болж байгаа гэнэ.

Солонгосын ард түмний хувьд энэ осол нь үндэсний хэмжээний эмгэнэл болоод зогсохгүй энхийн цагт нялх балчир үрсийнхээ амь насыг аварч чадаагүй, ийм олноор нь амиа алдахад хүргэсэн бурууг зөвхөн өөрсдөөсөө эрж байна. Тиймээс уулзсан хүн болгоны амнаас эмгэнэн гашуудаж байна гэхээсээ илүү хэрэгтэй цагт тусалж чадаагүйд уучлаарай, аварч чадаагүйд уучлаарай, ийм байдалд хүргэсэнд уучлаарай гэж амь үрэгдэгсэдээс уучлал гуйхаас өөр үг гарахгүй байна гэж CNN-ийн сэтгүүлчид бэлтгэсэн мэдээ бүхэндээ онцлон дурдаж байна. 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: tsmunkhbayar@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.13) 2014-04-29 05:12
      • 0
      • 3

      hetsuu um daa

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.4) 2014-04-28 13:59
      • 0
      • 3

      uruvdmuur yumaa,nulims ursaad togtohgui ni.huuhduud ihenh ni baisan gej bodohoor gol harlaad,setgel umruud baihiin.Emgenel ileriilii.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.22) 2014-04-28 07:58
      • 0
      • 3

      Uneheer aimshigtai bainaa. Dalai bol dalai shuu dee. 300 metriin gun, tegeed davalgaatai geed bodohoor sanaand ch bagtahgui baina. Solongosyn ard tumen Mongolchuudyg elgeeree hevtej baih zah zeeliin hund uyed mash ih tusalsan. Bid ch gesen yadaj setgel sanaany tuslamj uzuuleh yumsan. solongos yavj ar geree tejeej baisan humuus ail bolgond l dor hayaj neg baisan ni gartsaagui unen yum dag. Solongos humuus ch mongolchuudad mash elgemseg handaj, setgeleesee tusladag baisan. Odoo ch tuslasaar baigaa. Olon hun saintai, muutai gej manaihan l oorsdoo hulgai zelgii hiih, zodoldoj nudeldeh, zalhuurah geed muugaa haruulaad baidag bolohoos. Ene ami uregdsen huuhduudiin ar gert gun emgenel ilerhiilj baina. Um ma ni bad me hum.

      Хариулах