
Мьянмарын зэвсэгт хүчний удирдлагуудын тушаалаар баригдсан Мьянмарын "Ардчиллын төлөөх үндэсний лиг" намын тэргүүн Аун Сан Су Чийг шүүхээс улсын нууц задруулсан хэрэгт буруутгажээ.
Өнгөрсөн 2-р сарын 1-нд цэргийн эргэлт зохион байгуулсан Мьянмарын армийн удирдлагууд өнгөрсөн 11-р сард болсон парламентын сонгуулийг будлиантай явагдсан гэх үндэслэлээр Аун Сан Су Чийг баривчилж, төрийн эрхэнд гарсан билээ. Аун Сан Су Чигийн өмгөөлөгч Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа Аун Сан Су Чийг засгийн газрынх нь 3 гишүүн, Мьянмарын засгийн газарт эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Австралийн иргэн Шон Тёрнелл нарын хамтаар долоо хоногийн өмнө шүүхээс улсын нууц задруулсан хэрэгт буруутгажээ.
Энэ тухай Аун Сан Су Чигийн өмгөөлөгч хоёр хоногийн өмнө л мэдсэн аж. Шүүхээс Аун Сан Су Чийг улсын нууц задруулсан хэрэгт буруутай гэж үзвэл түүнд 14 хүртэлх жилээр хорих ял оноох гэнэ. Мьянмарын ардчиллын бэлгэ тэмдэг болсон 75 настай Аун Сан Су Чи 1991 онд Нобелийн Энх тайвны шагналыг хүртэж байсан билээ. Мьянмарын армийн удирдлагууд төрийн эрхэнд гарснаас хойш Мьянмар даяар иргэд цэргийн эргэлтийг эсэргүүцэж, Аун Сан Су Чийг суллахыг шаардан жагсаал цуглаан тасралтгүй зохион байгуулсаар байгаа билээ. Иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр Мьянмарын зэвсэгт хүчнийхний гарт нийт 536 хүн амь үрэгдээд байгаа юм. Хүүхдийн эрхийг хамгаалах Save the Children байгууллага Мьянмар дахь нөхцөл байдлыг "аймшигтай" хэмээн тодорхойлж, зэвсэгт хүчний албан хаагчдын гарт амиа алдсан иргэдийн дотор 40 гаруй хүүхэд байгаагийн хамгийн жоохон нь 6 настай байсантгэдгийг онцолжээ.
Иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааныг таслан зогсоохын тулд Мьянмарын армийн удирдлагууд интернет үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас утасгүй интернет үйлчилгээг зогсоохыг шаарджээ. Өнгөрсөн пүрэв гарагт Мьянмарын хэд хэдэн хотуудад иргэд жагсаал цуглаан зохион байгуулж, Мьянмарын армийн эсрэг нэгдэхийг уриалсан бол зэвсэгт хүчнийхэн жагсагчдыг тараахын тулд гал нээж, 2 хүний аминд хүрсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(182.160.37.13) 2014-04-28 18:33зөв, зөв...
Хариулах