Хоёр “буурал”-ыг хүндэтгэх шалтгаан

Twitter Print
2022 оны 01-р сар 29-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

“Энэ дэглэмд яллуулж буй миний хувьд та бүхний гаргах шийдвэрийн аль ч хувилбар ялгаагүй. Учир нь үнэн, ирээдүй хоёр надтай одоо ч цуг байна. Би өөрийгөө яллагдагч гэж үзэхгүй байна. Энэ дэглэмийн хүсч байгаа амь амьдрал, мах цусыг өгч болно. Тэгээд ч тэд Ерөнхий сайдуудын зовлого зулгаах дуртай билээ” гэж Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн 1994.11.30-нд болсон Чингэлтэй дүүргийн шүүх хурал дээр өөрөө өөрийгөө өмгөөлөхдөө хэлж байв.

Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины ерөнхий эрхлэгч Ц.Балдорж олны дунд “Алт дилерийн” гэж нэрлэж хэвшсэн хэргийн шүүх хурлыг сурвалжлан мэдээлэхээр намайг тохоон томилж, би олон удаагийн сунжирсан хуралд эхнээс нь дуустал суудаг байв. Тэгээд хэдхэн өгүүлбэртэй хуурай мэдээ нийтлүүлнэ. Төрийн төв хэвлэл учраас илүүг бичиж нийтлүүлэх боломжгүй. Хувийн дүгнэлт таамаг, хардах эрх, одоогийн сэтгүүлчид шиг зоргоороо аашлах бол бүр цаашаа. Өөр сонин хэвлэлийнхэн, сэтгүүлчдэд хурал хаалттай. Яллагдаж байгаа хэдийн ар гэрийнхэн намайг авралын элч мэт бодож шүүх хурлын үйл явцыг дэлгэрэнгүй мэдээлээч гэж хүснэ. Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад албан бус мэдээлэл нийтэлбэл олон нийтийг төөрөлдүүлнэ гэсэн ганц тайлбартай.

Энэ үед Дашийн Бямбасүрэн гуайн өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн бичгийн цаасны 8 нүүр дүүрэн, компьютерээр шивсэн үгийг хуучин цаасан дундаасаа олоод үүнийг бичиж сууна.

Уг нь Улсын банкны арбитражийн гүйлгээний 1990-1991 оны алдагдлын тухай асуудлыг Д.Бямбасүрэнгийн толгойлсон Засгийн газраас ажлын хэсэг гарган нягтлаад тухайн үедээ хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байдаг. Гэтэл 1994 оны тавдугаар сард уг хэрэгт Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн холбогдолтой хэмээн нийтэд зарлаж, түүнд хэрэг үүсгэсэн юм. Д.Бямбасүрэн гуай Прокурорын байгууллага Үндсэн хуулиа зөрчин энэ хэргийг 2 жил харьяалсны эцэст хуулийн үндэслэлгүй дүгнэлтээр намайг буруутгаж байна гэж тэгэхэд мэдэгдсэн. Миний Засгийн газрын үед банк ашигтай ажиллаж байсан, Улсын банкны үйл ажиллагааг Улсын Бага Хурал харьяалах болсноос хойшхи асуудлыг надад тохох нь утгагүй гэж тайлбарлаж байсан. Арбитражийн гүйлгээ өмнөх 2 Засгийн газар болоод Улсын Бага Хурлын үед алдагдалтай, харин Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед 7.7 сая ам. долларын ашигтай ажилласныг хүснэгтээр харуулж байв.

Тэрээр өөрт нь хэрэг үүсгэснийг “Улстөрийн өш хонзонгийн тооцоо” гэж тодорхойлоод шүүх, прокурорынхонд хандан асуудлыг ийм арга замаар шийдээд байвал “ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ БҮХЭН ШУДАРГА ҮНЭНИЙГ ЯЛЛАХ, ШҮҮХ МУУ ЗУРШИЛ ТОГТОЖ, ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ БОЛЖ, ХҮНИЙ ЭРХ БАТАЛГААГҮЙ БОЛНО” гэдгийг мэргэн ухаандаа тунгаана уу хэмээн хүсч байв.

“Буурал” Бямбасүрэн гуай ийн хэлж байсан нь 28 жилийн дараа “Буурал” Бат-Үүл дээр маань хэрэгжих ч гэж дээ хэмээн харамсаж сууна. Э.Бат-Үүл үзэл бодолдоо үнэнч, нийтийн эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг хүн гэдгийг сайн мэднэ. Нийгмийн шинэчлэлийн төлөө үсээ бууралттал л зүтгэсэн дээ. Бид учиргүй ойр дотно биш ч уулзаж тааралдалгүй л яахав. Тэр бүрийд нийтийн эрх ашигтай холбоотой юм л ярьж явдаг сан.

Би ч тэрхүү зан чанарыг нь хүндэтгээд хувийн нэг ч асуудал түүнтэй ярьж байсангүй. Гэхдээ нам нь навс ялагдаад эзгүйрсэн үед Бат-Үүл л голомтоо манаж, газар тариалангийнхны эрх ашгийн төлөө оройлон зүтгэж “тракторчдын жагсаал” зохион байгуулж, үндэсний олон нийтийн телевиз үзэл бодлын нээлттэй талбар байх ёстой хэмээн шаардаж, ер нь олон үйл явдалд өөрийгөө золин манлайлж явсныг нь мэднэ. “Үнэн, ирээдүй хоёр надтай одоо ч цуг байна” гэсэн “Буурал” Бямбасүрэн гуайн үгийг “Буурал” Бат-Үүл өнөөдөр үйлдээрээ хэлээд байх шиг санагдана. Хоёр “Буурал”-ыг хүндэтгэх шалтгаан минь энэ билээ.

Дахиад хорь, гучин жил өнгөрөхөд өнөөдрийн үйл явдлуудын үнэнэ худал тодрон ялгарна. Тэр үед үнэний дэнс Э.Бат-үүлийн тал руу хэлбийнэ ээ. Тэр цагийг мань бид үзэж ч мэднэ, үгүй ч байж мэднэ. Гэхдээ худал хууларч, үнэн үлдэнэ дээ.

Урианхан Б.Галаарид

2022.01.29

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.